Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болов

2025-12-17 16:11:44

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаан болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

- Бизнесийн эрх чөлөөг дэмжиж, халдашгүй байдлыг хамгаалах зорилготой Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон бусад хуулийн төслийг Засгийн газар хэлэлцлээ. Хуулийн төслийг дагалдаж Хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг есөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна.

- Засгийн газар 1000 журмыг хүчингүй болгож, зөвшөөрлийн тоог 2 дахин цөөлөхийг дэмжлээ. Сүүлийн таван жилд манай улсад баталсан журмын тоо 3.5 дахин нэмэгдэж, 3500 болжээ. ХЗДХЯ-нд бүртгэлтэй 2457, бүртгэлгүй 850 нийт 3500 орчим журам мөрдөгдөж байна. Эдгээрийн 70-80 хувийг гааль, татварын байгууллага болон шат шатны ИТХ-аас баталсан 930 журам бүрдүүлж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар журмын цаана авлига, хүнд суртал, хүний эрхийн зөрчил, дур зоргын асуудал байна гэж үзэн, нийгмийн харилцааг хуулиар бус хуулиас давсан журмаар зохицуулж байгааг өөрчилж, 1000 журмыг хүчингүй болгох хугацаатай үүргийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт өглөө.

- 2026-2028 онд Төрийн өмчийн 18 компани, улсын төсөвт үйлдвэрийн газрын хувьцааг нээлттэй арилжих, бүтцийн өөрчлөлт хийх, татан буулгах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Нэр бүхий компаниудын хувьцааг хөрөнгийн бирж дээр арилжиж, дуудлага худалдаагаар худалдаж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ. Төрийн өмчит компаниудыг үр ашигтай ажиллуулж, эдийн засагт бодит хувь нэмэр оруулдаг, ногдол ашгаа олон нийтэд хуваарилдаг байх зарчмыг Засгийн газар баримталж байна.

- Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг 22 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулаад байна. Энэ хүрээнд өр төлбөрт хураагдсан Гантиг вилла, Шинэ яармаг зэрэг орон сууцны хорооллын барилгуудыг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах, багш эмч нарт ипотекийн зээлийн нөхцлөөр олгоно. Капитал, Чингис хаан банкнаас 18 байгууллагын 482 тэрбум төгрөгийн, Хөгжлийн бакнаас  1,3 тэрбум төгрөгийн авлагатай байгаа талаар ажлын хэсгийн ахлагч Б.Цэнгэл хэллээ.

- 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгаж, тэдгээрийн 146 орон тоог цомхотгож, 41,6тэрбум төгрөгийн хэмнэлт хийлээ.


Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болов  
Үзсэн: 191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй