Шууд Chart

Г.Дамдинням: АИ-92 автобензиний импортын хэмжээ хангалтгүй байгаа ч аль болох хүргэж, тасалдуулахгүй байхыг хичээж байна

2025-12-18 17:57:45

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өнөөдөр шатахууны асуудлаар цаг үеийн мэдээлэл өглөө.
 
Энэ үеэр салбарын сайд Г.Дамдинням “АИ-92 автобензиний импортолж буй хэмжээ хүрэлцэхгүй байна. Гэхдээ ойрын өдрүүдээс импорт эрс нэмэгдэхээр байна. Бид Оросын талтай байнга ярьж байна” гэдгийг мэдээллийн үеэр онцоллоо.
 
Энэ талаар “Аж үйлдвэр эрдэс баялгийн яам, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд эсвэл Засгийн газар шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд өгөхгүй байгаа асуудал байхгүй. Орж ирсэн даруйд л бид түгээж байна. Аль болох хүргэхийг хичээж байна. Аль болох тасалдуулахгүй байхыг хичээж байна” гэсэн юм.
 
Өнөөдрийн байдлаар АИ-92 автобензиний импорт 40 гаруй хувьтай байгаа бол дизель түлшний импорт 80 гаруй хувьтай байна. Шатахууны доголдол үүссэн асуудалд салбарын сайдын хэлснээр аравдугаар сард нөөц хангалттай байсан ч зарим шалтгааны улмаас нөөц дуусжээ. Мөн зохиомол хомсдол үүсэх үйл явдал болсныг ч нуусангүй. Гэсэн ч арваннэгдүгээр сараас эхлэн шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлж эхэлсэн байна. Мөн шатахуун нийлүүлж буй гол худалдан авагч Орос болон Хятадаас импортын хэмжээг нэмэгдүүлэхээр хоёр улстай байнгын холбоотой ажиллаж байгаа аж.
 
Тэрбээр “Бид ОХУ-ын талтай байнга холбогдож байгаа. 95 хувийг нийлүүлдэг айл шүү дээ. Үлдэж буй 5 хувийг бид БНХАУ нийлүүлдэг. Бид хоёрхон хөршөөсөө л худалдан авна . Бидний хувьд урд хөрштэйгөө импортыг нэмэгдүүлэх талаар ярилцаж байгаа” гэсэн юм. Тиймээс шинэ он гараад БНХАУ руу айлчлал хийхээр болсныг яриандаа тодотгосон.
 
Түүнчлэн БНХАУ газрын тосны бүтээгдэхүүн нь дотооддоо хязгаарлалттай, экспорт хийдэггүй. Гэхдээ дипломат, уламжлал сайн хөршийн харилцаагаа бодолцож бидэнд тусалъя гэж байгаа юм. Энэ хүрээнд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр импортын асуудлыг эцэслэхээр хэлэлцэнэ. Одоогоор урд хөршөөс импортоо авч байгаа Урд талд манай улсад импорт оруулах чадлын хувьд нийт хэрэглээний 20 хувийг л хангадаг. Дамжуулан ачих хэмжээгээ бид нэмэгдүүлэх ёстой. Зөвхөн Замын-Үүдээр зогсохгүй Цагааннуур, Ханги-Мандал, Шивээхүрэн боомтоор авах ажлыг гадаад харилцааны шугамаар ярилцаж байна. 35 жил хуримтлагдсан асуудлыг 5 сарын дотор шийдэх боломжгүй” гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. 

Г.Дамдинням: АИ-92 автобензиний импортын хэмжээ хангалтгүй байгаа ч аль болох хүргэж, тасалдуулахгүй байхыг хичээж байна  
Үзсэн: 107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй