
(Б.Ичинхорлоогийн алдарт шүлэг)
Яруу найрагч Б.Ичинхорлоог би анхлан “Найргийн даага” наадамд шүлгээ уншихад харж билээ. Тэгэхэд би 4-р курсын оюутан, өмнө нь тэр наадамд хоёр ч удаа шүлгээ уншиж амжсан байсан боловч тэр жил үзэгчдийн суудалд байж таарсан юм. Одоо бодоход, Ичин цусан улаан хацартнуудыг хөдөөнийх хэмээн ид шоолж асан тэр үед үнэхээр л яая даа гэмээр улаан хацартай охин байж. Гэхдээ тайзан дээр гарч ирсэн хөх торгон дээлтэй, салаалж сүлжсэн гэзэгтэй, бадриун гэмээр бие хаатай тэр улаан хацарт эхний шүлгээрээ л үзэгчдийг байлдан дагуулсныг санаж байна. Чингээд, шүлэг унших тоолон хоёр гараа ээлжлэн урагш даялж, огт торолгүй цээжээр урсгах нөгөө улаан хацарт, 10-р ангийн сурагч А.Эрдэнэ-Очир хоёр хоёулаа дээгүүр байр эзэлсэн юмдаг. А.Эрдэнэ-Очир тэгэхэд “Их сунгаа” шүлгээ уншсан санагддаг. Гэтэл нөгөө улаан хацарт маань 1990 оны “Болор цом”-д түрүүлж бөөн шуугиан дэгдээв. Яагаад гэхээр, түүний түрүүлсэн тэр өдрийг хүртэл “Болор цом” наадам нэгэн жигд хэмнэлээр явж байсан юм. Анхны “Болор цом”-ыг Д.Пүрэвдорж “Хүн төрөлхтөнд өргөх үг” шүлгээрээ, удаахийг Д.Цоодолын “Нэр нь тодроогүй баатрууд”, гурав дахь цомыг Т.Очирхүүгийн “Чулууны магтаал” гэхчлэн дан дасал болсон сэдэв бүхий энгийн шүлгүүдээр хүртэж байлаа. Тэгвэл Б.Ичинхорлоогийн шүлгүүд тэднээс юугаараа өөр байсан юм бэ? Тэр яагаад бөөн шуугиан дэгдээж орхив? Чухамдаа би энэ тухай л онцлон хүүрнэхийг зорьсон юм. Б.Ичинхорлоогийн түрүүлсэн тэр жил бол Ардчилсан хөдөлгөөнүүд ид хүч аван өрнөж асан цаг үе. Юу, хаашаа эргэхийг таамаглаж болох боловч тэр нь хэрхэн цаашаа өрнөж, ямар үр дүнд хүрч дуусах нь тодорхой бус байлаа. ЗХУ-ын шууд нөлөөн доор 70 шахам жил явж, МАХН-ын хараа хяналтаас залхсан сэхээтнүүд төдийгүй нийт Монголчууд нүүдэлч өв соёл, ёс уламжлалаа сэргээн дээдлэх тухай ил тод ярьж, бичиж эхлээд байв. Товч хэлэхэд, Үндэсний ухамсар сэргэн мандахын эхлэл тавигдаж, эзэн Чингис хаанаа магтан дуулж, мөнх хөх тэнгэртээ сүслэн бишрэх зөн совингийн аугаа сэдэл хүн бүрийн уураг тархинд хөх зулын бүдэг дөл лугаа адил сүүмэлзэн асаж байсан гэж хэлж болно. Харин тэрхүү сүүмэлзэгч хөх дөлийг бадамлан дэгжих ялгуусан зүгт нь үтэр сэрээхүйд уриалан дуудсан салхич шувууны анхны дуун бол Б.Ичинхорлоогийн ганц богино шүлэг байсан гэж би боддог. Пролетарийн аугаа их зохиолч гэгддэг А.М.Горькийн “Салхич шувууны дуун” өгүүллэгийн “Их салхин хөдөлбөл нижигнэнхэн хөдөлтүгэй!” гэсэн ганц өгүүлбэр хожмоо Октъябрийн аугаа их хувьсгалын дайчин уриа болсонтой нэгэн адил Б.Ичинхорлоогийн түрүүлсэн тэр жилийн “Болор цом” шиг тийм их нүргээнт байдал, тийм их сэтгэл хөөрөл, тийм их омог бахдалыг Монголчууд дахин хэзээ үзэж эдлэхийг би лав хэлж мэдэхгүй нь.
Миний Монголын тэнгэр эсгэх гэж
Бусдын од харвадаггүй
Миний Монголын тэнгэрт эрхлэх гэж
Бусдын од шохоорхдог юм
Миний Монголын тэнгэрт өдөлсөн шувуу
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Миний Монголын тэнгэрт өссөн бүргэд
Будант газарт ясаа тавьдаггүй...
Б.Ичинхорлоог эл богино шүлгээ чанга дуудан унших тэрхэн агшинд үзэгчдийн сэтгэл хөдлөл ямар нэг далд хүчний эрхшээлд ховсдуулсан мэт цаанаасаа, чин зүрхнээсээ, удаан тэсэж хүлээсэн тэр үнэнтэйгээ гэнэт уулзсан мэт, түүндээ ихэд цочирдож, басхүү итгэж ядан хөөрч, омогшин дэвэрч буй мэт байдал илт мэдрэгдэж асан. Мөн “Болор цом”-ын сүүлийн даваанд Н.Билгүүн, Д.Энхболдбаатар хоёртой тунаж үлдсэн найрагч бээр эл шүлгээ дуудахын өмнө ТЭНГЭР, ТЭНГЭР... гэж хоёронтоо дараалж дуудсан нь (тэр нь түрүүлсэн шүлгийн нэр агаад эхний удаад үзэгчид сонсоогүй байх гэж бодсондоо дахин давтан хэлсэн болов уу!) надад аанай л ямар нэгэн далдын хүч цаанаас нь тэгж хэлүүлсэн шившлэг гэмээр санагдаж асаныг нуух юун! Тэр бүү хэл, Б.Ичинхорлоог түрүүлсэн тэр өдрийн маргааш хүмүүс хаа сайгүй зөвхөн тэр шүлгийн тухай ярьж, зарим нь шууд цээжээр уншиж (би ч гэсэн шууд цээжилсэн), нийгэм бүхэлдээ тэр шүлгээр бүрэн амьсгалж байх шиг санагдаж билээ. Чингээд би тэр жилийн цагаан сараар, тэр үед Дархан хотод нүүн ирж төвхнөөд байсан аавындаа очоод байтал нэгэн өдөр аавын багын найз, яруу найрагч Б.Милхаабаатар гуай ирэв. Түүнийг би бүр бага байхдаа анх харсан юм. Тэгэхэд манайх Улаангомд байлаа. Гэтэл, нэгэн өдөр шляп малгайтай, дээлтэй, хромон гуталтай туранхай шөвгөр хүн ирсэнд аав түүнийг хөл алдан угтаж, хоёул дундаа нэг шил архи тавиад өдөржин хуучлан сууж билээ. Тэр үед би хэдий балчир байсан боловч тэр хоёрын ярианаас ирсэн тэр хүн шоронгоос гарч ирээд удаагүй, бас шүлэг бичдэг (тэгэхэд багшийн тухай нэг шүлгээ аавд уншиж өгснийг би бүдэг санаж байна), хүүхэд байхдаа аав тэр хоёр хамт хурга, ишиг хариулдаг, мөн өөрсөдтэй нь нийлдэггүй, дандаа зожиг явдаг нэг хүүхдийг нийлж шоглодог байсан, (тэр нь тухайн үеийн Сайд нарын Зөвлөлийн дарга агсан Ж.Батмөнх гуай, тэр гурав гурвуулаа Увс аймгийн Хяргас суманд төрж өссөн) гэхчлэн ярьж байсан нь санаанд байдаг юм. Тэгсэн чинь тэр өдөр Б.Милхаабаатар найрагч босго алхуутаа аавын нэрээр дуудан “Чи тэр Ичинхорлоог харав уу?” гэж холоос чанга гэгч хашгирсаар орж ирэв. Тэгээд яахав, цагаан сарын идээ будаа бэлэн зэхээ байсан тул би сөн түшиж таарлаа. Тэр үед би жаахан балгах дуртай, аав ч намайг мэддэг болоод байсан юм. Гэтэл Б.Милхаабаатар гуай хундага барьчихаад Б.Ичинхорлоог туж магтаж яриад салах биш. Түүнд нь миний уур жаахан хүрч суусан тул, нэг мэдсэн чинь “Тийм шүлэг гэж юу байсан юм бэ?” гэчихэж. Б.Милхаабаатар гуай над руу цоргин харлаа. Тэгснээ ааваас “Танай хүү шүлэг бичдэг юм уу?” гэв. Аав над руу харснаа “Бүү мэд. Надад л юм хэлдэггүй юм. Би ч ямар сонирхох биш” гэлээ.
Б.Милхаабаатар гуай дахиж над руу харсангүй.
Харин аавд хандан:
-Ичинхорлоо шиг найрагч ховорхон төрнө. Лав энэ зуунд дахин төрөхгүй. Би мэдэж байна. Ямар сайхан авъяас вэ? Бүр хайр хүрмээр. Шүлэг гэдэг чинь ийм байх ёстой юм! гэсэн сэн.
Түүнээс хойш би Б.Милхаабаатар гуайтай дахиж таараагүй. Түүнтэй тэгж таарсан үе минь яруу найраг гэж шал өөр юм байдаг тухай, тэр нь бараг энэ ертөнцөд байдаггүй тухай бодож, түүндээ ид солиорч явсан үе л дээ. Харин хүн гээч амьтан хожим хойно л харуусдаг юм билээ. Би энэ тухай хааяа бодож суухдаа Б.Милхаабаатар гуайгаас тэр үед жаахан юм сонсох минь яав даа гэж боддог. Гэвч тийм завдал болоогүй юм. Би төгсөөд нутаг явж, дараа нь Ховдоор тэнэж яваад Дарханд ирээд байхдаа ааваас Б.Милхаабаатар гуайг сурагласанд хэдэн жилийн өмнө нас барсан гэж билээ.
Б.Ичинхорлоог дуулиант шүлгээ уншин “Болор цом”-д цойлж түрүүлсэн тэр үетэй давхцан Монголын яруу найрагт шинэ эрин үеийн эхлэл дуншиж байсан гэж болно. Тэр үед Ц.Бавуудорж, Б.Галсансүх хоёрын нэр нэгэнт дуулдаж эхлээд байв. Мэдээж, цаана нь ямар нэг учир жанцан үгүй боловч Б.Ичинхорлоог 2 дахь удаагаа түрүүлсэн тэр жилийн зун “Зүс бүгэг андууд” ном хэвлэгдсэн юм. Түүний түрүүлсэн “Болор цом”-оос хойш олон яруу найрагч түүн шиг богино шүлгээр үзэгчдийг байлдан дагуулах гэж оролдоод нэг нь ч чадаагүй. Мөн Б.Ичинхорлоо шиг 20-иодхон насандаа Монгол улсын Ерөнхий сайдтай (Д.Бямбасүрэн) биеэр уулзан хамт зургаа татуулж, нэр хүндтэй том сонины тэргүүн нүүрэнд заларсан найрагч 90-ээд оныхон дотор байхгүй. Б.Ичинхорлоог “Болор цом”-д түрүүлсэний шууд нөлөө гэж болохоор бас нэгэн үйл явдал бол тухайн үеийн УБДС (одоо МУБИС)-ийн дэргэд нээгдсэн утга зохиолын анги. Харамсалтай нь, тэр анги ганцхан төгсөлт хийгээд хаагдсан боловч тэндээс А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Б.Баярсайхан, Б.Батрэгзэдмаа, Б.Сарантуяа, Х.Тэргэл... гээд олон яруу найрагч, зохиолчид төрсөн түүхтэй. Тийм болохоор, дээр хэлсэнчлэн, тэр мэт агшныг Монголчууд маань дахин хэзээ үзэж эдлэхийг би лав хэлж мэдэхгүй нь. Гэвч орчин үеийн Монголын яруу найргийн түүхэнд ҮЗЭГДЭЛ гэж хэлж болохуйц нэгэн гайхамшигт агшин гялсхийн өнгөрч одоод олон он улирч, угаас мартамхай хүмүүс тэрхүү гялсхийгч агшныг аль хэдийнэ мартсан мэт явнам. Дуулиант тэр “Болор цом”-оос хойш олон жилийн хойно, намайг Ховд аймагт ажиллаж байхад Б.Ичинхорлоо нэг ирэв. Тэгэхэд нь Х.Эрдэнэбаатар бид хэд түүнийг дагуулан Явуугийн модон дээр очив. Тэгж очихдоо би түүнээс нөгөө алдарт шүлгээ Явуугийн модны дэргэд дахин нэг дуудахыг хүссэнд ичингүйрсэн мэт татгалзаад: “Тэр чинь миний нэг найраглалын хэсэг шүү дээ!” хэмээн даруухан хэлсэн юм. Гэвч би түүний тэр найраглалыг одоо болтол олж үзээгүй л явна. Эсхүл Б.Ичинхорлоо том найрагч болсон хойноо даяар Монголчуудыг нэгээхэн агшинд бүрэн ховсдож орхисон тэр шүлэгтээ дурамжхан хандах болсон юм болов уу? Магадгүй, тэрбээр яруу найраг гэж “шал өөр юм” байдаг тухай үеийн нөхдийн ярианд автсан ч байх. Хэрэв тийм бол тэгж болохгүй ээ! Яагаад гэхээр тэр шүлэг бол түүхэн өгөгдөл юм. Тийм болохоор хэн ч үгүйсгэж үл дийлнэ. Харин Б.Ичинхорлоод үнэхээр тийм найраглал байдаг бол эрдэнийн тэр хэлхээснээс хамгийн үнэт шигтгээ нь салан одоод, мартамхай хүмүүст үл анзаарагдан, оройн дээд тэнгэртээ өнгөжин гялалзана бус уу?
ЖИЧ: Баярхүүгийн Ичинхорлоо бол “Болор цом” наадамд жил дараалан түрүүлсэн цорын ганц яруу найрагч. Эл амжилтыг давтсан хүн одоо хэр үгүй бөгөөд үеийнхнээс нь яг 20 жилийн дараа буюу 2010 онд Ц.Хулан Дархан хотын 50 жилийн ойгоор зохиогдсон “Болор цом-28” наадамд 2 дахь удаагаа түрүүлсэн юм. Гэтэл түүнийг 1991 оны “Болор цом”-д дахиад түрүүлэхэд нөгөө бахдаж асан хүмүүс эсрэг эргэж: “Түрүүлээд ямар ч баярласан шинжгүй, урвайгаад зогсож байна лээ”, “Их зантай болж байгаа нь тэр”, “Ноднин түрүүлсэн шигээ сайхан шүлэг уншсангүй” гэж шүүмжилж байв. Гэвч Б.Ичинхорлоо нэр алдарт хөөрч, түүндээ ташуураагүй. Даруухан хэвээр үлдсэн юм. Тэгж үлдэхэд, мэдээж, төрөлх араншин, зөв суурь хүмүүжил, ахмад үеэ хүндлэх ухаан... гээд олон зүйл нөлөөлсөн нь лавтай. Яруу найргийн үнэлэмжийг “Болор цом”-оор хэмжихгүй гэдэгтэй би санал нийлдэг. Гэхдээ танхим дүүрэн үзэгч цуглаад шүлэг дуудахыг шимтэн сонсож, бас нижигнэтэл алга ташдаг тийм том найргийн цэнгүүн өөр улс орнуудад олон байдаг эсэхэд эргэлздэг. Жишээ нь, тэр үед Ш.Сүрэнжавын “Нэр”, П.Бадарчийн “Тэмээ”, Т.Галсангийн дөрвөн мөрт шүлгүүд, З.Доржийн “Тоодог шандын зүлэг”, Ц.Чимэддоржийн “Сэлбэ”, Ч.Мягмарсүрэнгийн “Сумын заан”… гээд үзэгчдийн таашаалд нийцсэн шүлгүүд уншигддаг байв. Тэгэхээр, Б.Ичинхорлоо “Болор цом”-д хоёр дахь удаа түрүүлээд “баярлаагүй” шалтгаан нь үндэсний хэмжээний томоохон наадамд жил дараалан түрүүлсэн нь цочир байснаас болсон байж мэдэх юм. Мөн гэнэтийн их магтаалд жаахан толгой эргэх шахсан тал байхыг ч үгүйсгэхгүй. Яагаад гэхээр, тэр чинь ассан ЗАЛУУ НАС шүү дээ!
М.Уянсүх 2021.01.07 Дархан-Уул аймаг.
Тэсрэлтийн өмнө хадсан салхич шувууны дуун | ||
Үзсэн: 2069 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.