
Дэд хурандаа Д.Мөнхбат 1997 онд ЦИС-ийн Инженерийн факультетийн Холбооны инженерийн ангид элсэж Зэвсэгт хүчинтэй амьдралаа холбожээ. Цэрэгжлийн спортын дэд мастер. Одоо Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэж байна.
-Энхийг сахиулагчдын өдөр тохиож байгаа учраас тантай энэ чиглэлээр голчлон ярилцах гэсэн юм. Та хаана ямар үүрэг гүйцэтгэж байв?
-Нийт 5 удаагийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээс 4 удаа цэргийн багийн бүрэлдэхүүнд, нэг удаа цэргийн холбогч офицероор ажилласан. Анх удаа холбогч офицероор үүрэг гүйцэтгэснээс хойш 10 жилийн дараа 6 дахь ажиллагаандаа үүрэг гүйцэтгэж байна. Афганистан Улсад явагдаж байсан “Тогтвортой эрх чөлөө” болон одоо явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг ажиллагаа”-нд 3 удаа нэгдүгээр ээлжид орчуулагчаас багийн захирагч хүртэл албан тушаалд ажилласан.
-Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багуудын болон энхийг сахиулагчдын тухай ямар бодолтой байдаг вэ?
-Энэ асуултыг сонсохоор өөрийн эрхгүй хоёр зүйл бодогдож байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд, энхийг сахиулагчид бусдаас үргэлж илүүрхэж ирсэн. Цаашдаа ч тийм байх болно. Яагаад гэвэл нэгдүгээрт, бидний нүүдэлчин ахуйд суурилсан соёл иргэншил маань монгол хүний аливаа зүйлд хурдан хугацаанд дасан зохицох чадварыг яс, цусанд нь шингээсэн. Хоёрдугаарт, монгол хүнийг зүгээр суулгавал хар аяндаа “сахилгагүйтэж” эхэлдэг. Зүгээр сууж болдоггүй хүмүүс гэх үү дээ. Цаанаасаа нэг гал цогтой. Тэр эрч хүчийг нь цэргийн удирдлагаар чиглүүлээд, Монгол Улс, монгол хүний нэр төрийг өндөрт өргөх ухамсрыг суулгавал монгол цэргүүд юуг ч хийж бүтээх чадвартай гэдэгт би итгэдэг. Бусдаас илүү байна гэдэгт бардам хариулж чадах хоёр үндсэн шалтгаан миний хувьд энэ.
2011-2012 онд БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байхад манай цэргийн холбогчдын багийн хамгаалалтыг энэтхэг цэргүүд хариуцдаг байлаа. Өглөөний эргүүл эхлэх гэхээр тэдний цэргийн хамгаалалтыг хүлээнэ. Үдээс хойш болохоор манай цэргүүд цагийн хуваарийн дагуу өдөр унтана. Дараа нь эргүүлд явна. Эргүүлийн үед зэвсэгт бүлэглэлүүд, хууль бус шалган нэвтрүүлэх цэг таарна, хий буудна, зогсооно. Хамгаалах ёстой энэтхэг цэргүүд яаж ч дуудаад машинаасаа гарч ирэхгүй. Аргаа бараад өөрөө буугаад ярилцахаар ард дагасан болоод явна. Хамгаалаад байгаа юм уу, хамгаалуулаад байгаа юм уу ойлгогдохгүй. Монгол цэрэг ийм үйлдэл гаргасан гэж сонсоогүй. Хэзээ ч сонсохгүй гэж боддог. Одоо үүрэг гүйцэтгэж байгаа “MONUSCO” ажиллагаанд Пакистан Улсын цэргийн хамгаалалтын роттой хамтран ажиллаж байна. Арван жилийн өмнө Өмнөд Суданд байсан энэтхэг цэргүүдээс ялгарах юм огт байхгүй. Хорин километрээс цааш явбал хамгаалалт гаргахгүй гээд хөдлөхгүй. Гэтэл бидний эргүүл хийх ёстой газар маань багадаа 30 километрийн цаана байдаг. Хүчний штабт удирдах албан тушаалд томилогдсон нутгийн хүмүүсээр хаацайлуулаад л хэвтчихнэ. Орчин тойрноо өөд нь татна гэж бүр байхгүй. Монголын цэргийн баг энд байвал энэ газрыг сарын дотор танигдахгүй болтол өөд нь татна гэхээр “Тийм шүү, бид танай цэргийн талаар сонссон” л гэнэ. Та нар ч бас тэгж болно гэхээр “Бид монгол цэрэг биш юм чинь чадахгүй” гэдэг. Энэ мэтээс харахад манайхны үүрэг гүйцэтгэх чадварын талаар НҮБ-ын бүх ажиллагаанд дуулдаж, нэгэнт дархлагджээ гэсэн бодол төрдөг.
-Монголын цэргийн алба хаагчдаараа бахархах тохиолдол ажиллагааны үеэр олон гардаг байх?
-Манайхны үүрэг гүйцэтгэлт тэр чигээрээ бахархал шүү дээ. Бахархалтай жишээ бүрийг бичнэ гэвэл сонины нэг дугаар лав хүрэлцэхгүй байх. (инээв) Өөрийн оролцсон ажиллагаатай холбоотой дурсамжуудаас хуваалцъя.
2003 оны 10 дугаар сард Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 13 хүний бүрэлдэхүүнтэй Сургалтын хөдөлгөөнт баг Афганистаны Үндэсний Армийн артиллерийн сургалтыг зохион байгуулахаар Монгол Улсаас ниссэн юм. Олон үндэстний “ФЕНИКС” бааз дотор хамгийн цөөн хүнтэй цомхон баг нь манайх байсан ч 6 сарын хугацаанд “Junk Yard” буюу тоногдсон, хураагдсан зэвсгийн талбайгаас “Д-30” буунуудыг авч засварлан артиллерийн хоёр батарейг бүрэн сургаж, байлдааны буудлагыг онц дүнтэй хийлгэсэн. Эргээд бодоход бахархахгүй байхын аргагүй. Ажиллагаа гэж юу болох талаар ямар ч ойлголтгүй, биеийн тамирын ижил хувцас ч үгүй 13 хүн харь газар очоод хогон дээрээс буу босгож, түүгээрээ 120 орчим хүнийг сургаж байлдааны үүрэг гүйцэтгэх чадвартай болгосон.
Багийн захирагч, хурандаа Ж.Ванчинсүрэн аливаа ажилд маш няхуур ханддаг, залуучууд биднийг үнэхээр завгүй байлгадаг байж билээ. Орчуулагчаар ажилласан ахмад Ш.Амарбаясгалан (ЗХЖШ-ын БСТГ-ын орлогч дарга, хурандаа), дэслэгч С.Ванчинхүү (БХУА-ийн захирал, хурандаа) бид гурав хичээлийн орчуулгаа бэлдэхээс гадна багийн захирагчийн даалгавраар АНУ-ын Армийн артиллерийн гарын авлага, хээрийн заавруудыг орчуулна. Энэ завгүй ажлын хажуугаар баазад зохион байгуулдаг бүх тэмцээн уралдаанд эхний байрыг эзэлдэг байсан. “Арван гуравхан хүнтэй баг ийм байгаа юм чинь нэг рот ирвэл танайхан дийлдэхгүй юм байна” гэдэг байж билээ.
Мөн Сьерра Леон Улсад 2006-2007 онд НҮБ-ын мандаттай “UNIOSIL” ажиллагаанд II ээлжийн цэргийн багийн тактикийн удирдлагын бүлэгт үүрэг гүйцэтгэснээрээ үнэхээр бахархдаг. Учир нь Зэвсэгт хүчний өнөөгийн маш олон чадварлаг удирдагчид болох хошууч генерал Д.Ганзориг, бригадын генерал Л.Гансэлэм, хурандаа И.Батболд, Ш.Дашсоном, Х.Гансүх, Ц.Гандорж, Ч.Эрдэнэболд, Т.Лодойдамба, Ц.Төрмөнх, Д.Мягмаржав, О.Ууганбаяр, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, бэлтгэл дэд хурандаа З.Мягмаржав нартай хамтран үүрэг гүйцэтгэсэн юм. Тус баг ажиллагааны бэлтгэлийг маш өндөр түвшинд хангасан бөгөөд өнөөдөр үүрэг гүйцэтгэх нийт цэргийн багийн бэлтгэлд хэрэгжүүлж буй 30 километрийн марш энэ багийн бэлтгэлээс анх үүссэн. Ротын удирдлага “гар тулж хэвт” команд өгөхөд тухайн үед ЦТЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан, тавь хол давсан дэд хурандаа н.Даваа эмч маань хүртэл хамт суниадаг байсан. Тийм л алагчлалгүй, чанартай бэлтгэлийн үр дүнтэйгээр үүргээ 100 хувь амжилттай гүйцэтгээд эх орондоо ирж байлаа.
-Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээр олж авч байгаа туршлага, ач холбогдол юу вэ?
-“Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз” гэж их л оносон үг шүү. 2003 онд англи хэлний дамжаанд сурч байх үед Афганистанд орчуулагч хэрэгтэй болсон тул хэлний дамжааны оюутнуудаас шалгаад өндөр оноотойг нь явуул гэсэн чиглэлийг Г.Рагчаа хурандаа өгсөн гэдэг. Ингээд дэслэгч С.Ванчинхүү бид хоёр орчуулагчаар явахаар болсон юм. "Дайн байлдаантай газар явах гэж байгаа тул эцэг эхтэйгээ сайн зөвлөж байж шийдээрэй" гэж ЗХЖШ-ын дарга хэлүүлснийг Г.Рагчаа хурандаа бид хоёрт дахин дахин сануулж байсан. Энэ тухай ааваасаа асуухад “Чи эх орныхоо төлөө амь насаа зориулна гэж тангараг өргөсөн цэргийн хүн, ааваасаа асуух хэрэггүй. Эр хүн явна л гэсэн бол явах ёстой. Гэхдээ сайн явах ёстой” гэж хэлсэн нь надад Монгол Улсын төлөө амжилттай үүрэг гүйцэтгээд ирэх ёстой гэдэг ойлголтыг хамгийн гүн суулгаж өгсөн.
Ажиллагаа бүр өөр өөр бүрэлдэхүүнтэй, өөр өөр орчин нөхцөлд тус тусдаа үүрэг гүйцэтгэдэг тул байнга шинэ зүйлд суралцдаг. Шинэ зүйлтэй нүүр тулна гэдэг амаргүй ч ард нь гарахад сайхан. 2009 онд Афганистан Улсад цэргийн хамгаалалтын ротын I ээлжийн цэргийн багийн холбогч офицероор томилогдоод, багийн үүрэг гүйцэтгэлтийн бэлтгэлийг хангахаар 9 дүгээр сард таван нөхрийн хамт түрүүлж явсан. Цэргийн баг гурван сарын дараа 12 дугаар сарын 1-нд ирсний маргааш аав маань бурхны оронд одсон. Хэдий 3 сар туршуулын бүлэгт ажилласан ч баг ирж, ажиллагаа дөнгөж эхэлж байлаа. Аавынхаа захисан үгийг бодож өөрийгөө завгүй байлгасаар ажиллагаагаа амжилттай дуусгасан. Тэндээс сэтгэл зүйгээ хэрхэн удирдах вэ, хүнд үед өөрөө өөрийгөө хэрхэн авч гарах вэ гэдгийг тодорхой хэмжээнд сурсан гэж боддог. Ухаантай аав минь бурхны оронд одохдоо ч намайг сургасаар байсан юм даа.
Цэргийн хүний хувьд ажиллагааны туршлага нэмэгдсээр байдаг ч хувь хүний хувьд амьдралын олон өнгийг олж харж, эх орныхоо үнэ цэнийг хамгийн ихээр мэдэрдэг нь ажиллагааны хамгийн том ач холбогдол байх гэж бодож байна. Хүн ихийг уншиж, үзэж харах тусам улам төлөвшдөг. Ажиллагаа цэргийн хөвгүүдэд эх орны хүү гэдгээ мэдрэхэд нь хамгийн сайн тусалдаг болов уу. Хүний амьдрал богинохон, хүн бүр амьдралдаа ихийг бүтээж амжихгүй. Харин энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээрээ алба хаагчид маань даян дэлхийн энхийн төлөөх үйлсэд өөр өөрийн хувь нэмрээ оруулсан гэдэг маш том дурсамж өөртөө үлдээж, суварга босгодог гэж боддог.
Энэ ташрамд хурандаа Ч.Нямсүрэн багшдаа баярлаж явдгаа илэрхийлээд Энхийг сахиулагчдын өдрийн баярын мэндийг хүргэе. Зэвсэгт хүчний олон чадварлаг офицеруудад англи хэлний “А” үсгийг зааж, Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах үйл ажиллагаанд маш том гавьяа байгуулсан хүн бол яах аргагүй багш минь.
-Та бүхэнд Энхийг сахиулагчдын өдрийн баярын мэндийг хүргэе!
"Соёмбо" сонин, дэд хурандаа Х.ГАНЗУЛ
Д.Мөнхбат: Манайхны үүрэг гүйцэтгэх чадвар нэгэнт дархлагджээ гэсэн бодол төрдөг | ||
Үзсэн: 1224 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.