Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн

2025-11-28 07:15:48

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 28-ны өдөр Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2025 оны арваннэгдүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 11-16 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 4-6 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 7-9 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 7-9 хэм хүйтэн байна.


2025 оны арваннэгдүгээр сарын 29-нөөс
2025 оны арванхоёрдугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 29-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-р сарын 01-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 29-нд Алтайн салбар уулархаг нутаг болон говийн бүс нутгаар, 30, 12-р сарын 01-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 30-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн  
Үзсэн: 57 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй