Шууд Chart

Т.Ундармаа: Умайн хүзүүний хавдраас 100 хувь сэргийлэх боломжтой

2025-04-14 11:08:24

Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хорт хавдарын өвчлөл нэмэгдэж байгаан. Одоогийн байдлаар энэхүү өвчлөл эмэгтэйчүүдэд илэрдэг хавдрын  гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа. Умайн хүзүүний хорт хавдарын талаар  ХСҮТ-ийн хорт хавдар эрт илрүүлэгийн бүртгэл тандалтын албаны дарга Т.Ундармаатай ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хорт хавдар нэлээд ихсэж байгаа. Энэ талаар яриагаа эхэлье?

-Дэлхийн нийтэд хавдрын өвчлөл хүний аж байдал, амьдралын хэв маягтай холбоотой. Умайн хүзүүний хавдраас 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой. Учир нь шалтгаан тодорхой, урьдчилан сэргийлэх арга нь тодорхой, эрт илрүүлэх арга тодорхой болчихсон. Умайн хүзүүний хавдар эрт үедээ оношлогдвол төгс эмчлэгдэх бүрэн боломжтой. Ерөнхийдөө хавдрууд дотор умайн хүзүү, элэг, ходоодны хавдар, залгуур, шодой, бүдүүн шулуун гэдэсний хавдрууд зонхилж байгаа.

Өнгөрсөн 2024 он жилийн эцсийн тайлангаар Монгол Улсад 8169 хортой хавдар шинээр оношлогдсон. Үүнээс 4400 гаруй хүн хорт хавдрын улмаас нас барсан гэсэн статистикийн тоон мэдээлэл байгаа. Энэ мэдээлэлд дүн шинжилгээ хийгээд үзэхээр нийт хавдрын дотор умайн хүзүүний хавдар нэлээд дээгүүр эрэмбэлэгдэг. Эмэгтэйчүүдийн дунд зохион тохиолдож байгаа хавдрын дунд гуравдугаарт бичигдэг. Тодруулбал, нэгдүгээрт элэг, хоёрдугаарт ходоод, гуравдугаарт улайн хүзүүний хавдарт ордог. ДЭМБ-аас баримталж байгаа бодлого бол алсдаа умайн хүзүүний хорт хавдаргүй болох, хавдрыг таслан зогсоох төлөвлөгөөг хэрэгжиж байгаа.

Ирэх 2030 он гэхэд улайн хүзүүний хорт эсрэг урьдчилан сэргийлэлт нь вакцинжуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд улайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах зөвлөмжийг өгч байгаа. Умайн хүзүүний хавдрын гол шалтгаан вирус юм. Энэ вирусээс урьдчилан сэргийлэлт хамгийн чухал зүйл нь вакцин юм. ДЭМБ-аас 9-13 насны охидыг вакцинжуулалт хамруулах хэрэгтэй. Вакцин хамрагдах насны охидыг 90 хувьд хүргэх хэрэгтэй гэдэг зөвлөмжийг өгсөн. Дараа нь тодорхой зорилтод насны эмэгтэйчүүдийг эрт илрүүлэгийн үзлэгт  хамруулна.

Монгол Улсад нэвтрүүлж байгаа вакцин нь 6, 11, 16, 18 гэсэн дөрвөн хэв шинжийнх. Эдгээр хэв шинж нь нийтлэг тархалт нь өндөр цар хүрээтэй юм. Хүний папиллома вирус нь дэлхий дээр маш өргөн цар хүрээтэй тархсан. Энэ вирус нь умайн хүзүүний хавдрыг үүсгэхээс гадна өөр төрлийн хавдрын шалтгаан болдог. Тухайлбал, Ам залгуурын хавдар, эрэгтэйчүүдийн шодой хавдар, эмэгтэйчүүд гадна бэлэг эрхтэн үтрээ умайн хүзүү, шулуун гэдэсний хавдрыг үүсгэж байна. Үүнээс сэргийлэх хамгийн гол арга нь вакцин. Хамгийн чухал зүйл нь дархлааг 100 хувь тогтоох нь чухал юм.

Хүний папиллома вирусийн шинжилгээг өгөөд вирусийн халдваргүй байвал гурван тунгийн дархлаажуулалтад хамрагдах боломжтой

-Хүний папиллома вирусийн вакциныг яагаад хүүхдүүдэд хийж байгаа бэ?

-ДЭМБ-аас 9-13 нас гэж заасан байгаа. Манай улсын хувьд улс орныхоо онцлог нөхцөл байдлыг харгалзаж, үзээд 11 настай хүүхдүүдэд хийхээр товлосон. Энэ вакциныг 11-13 насны охид, хөвгүүдэд хийнэ. Хүний папиллома вирусийг эрэгтэй, эмэгтэй хүн хоёулаа авдаг. Умайн хүзүүний хавдрын тээгч нь эрэгтэй хүмүүс байдаг.

Яагаад 11 насыг сонгосон вэ гэхээр бэлгийн харьцаанд орохоос өмнө нь вирусийн халдвар авахаас урьдчилан сэргийлж дархлаажуулалтад хамруулж байгаа юм. Эцэг эхчүүдийн хувьд зарим нь сөрөг ойлголттой байгаа . Иймээс ард иргэдэд мэргэжлийн хүний үгийг сонсох хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Мэргэжлийн судалгаатай, эх сурвалжтай, эмч нарынхаа үгийг илүү сонсох хэрэгтэй. Вирусээс сэргийлэх хамгийн шилдэг арга бол вакцин буюу дархлаажуулалт гэдгийг сайн ойлгомоор байна. Вакцин нэвтрүүлснээр Монгол Улсад хэд хэдэн халдварт өвчнийг дарж чадсан. Халдварт өвчний нас баралтыг вакцин нэвтрүүлснээр бууруулж чадсан маш олон туршлага байгаа шүү дээ. Вакцинаар халдварт өвчин болон вирусийн халдварыг сэргийлэх бүрэн боломжтой. Цаашид тухайн өвчний нас баралтыг бууруулна.

-Хүний папиллома вирусийн эсрэг вакцины 18-наас дээш насныхан хийлгэж болох уу?

-Хийлгэх боломжтой. Гэхдээ 25 дээш насны эмэгтэйчүүд хийлгэхэд үр дүнтэй биш гэдгийг судлаачид гаргасан. Харин 25- наас доош насны хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд Хүний папиллома вирусийн халдвартай байна уу гэдгээ мэдэх хэрэгтэй. Хүний папиллома вирусийн шинжилгээг өгөөд вирусийн халдваргүй байвал гурван тунгийн дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

-Умайн хүзүүний хавдрын шинж тэмдэг яаж илэрдэг вэ?

-Эмч нь хоёр янзаар тайлбарлана. Бүх төрлийн хавдар эрт үе шатандаа ямар ч шинж тэмдэггүй байдаг. Ихэнх хавдар хожуу үедээ шинж тэмдэг нь илэрдэг. Умайн хүзүүний хавдрын шинж тэмдэг нь хэвлийн доод хэсгээр өвдөх, бэлгийн харьцаанд ороход шалтгаангүйгээр цус гарах, муухай үнэр гарах зэрэг зовуурь илэрдэг. Эрт үед нь эмэгтэй хүнд ямар ч шинж тэмдэг илэрдэггүй учраас эмэгтэйчүүд тоохгүй яваад байдаг. Иймээс бид зорилт насны эмэгтэйчүүдийг илрүүлэгт хамруулж, умайн хүзүүний хавдрын урьтал эмгэг байна уу гэдэг илрүүлгийн аргыг хэрэглэж, оношлох гэж байна.

Технологийн хувьд бид сүүлийн жилүүдэд юуг санал болгож байна гэхээр вирусийг илрүүлэх өндөр 14 хэв шинжийг илрүүлэх шинжилгээний аргыг эрт илрүүлэг дээр нэвтрүүлчихсэн. Удахгүй Монгол Улсад 30, 40 настай эмэгтэйчүүдэд Хүний папиллома вирусийн халдвар байна уу гэдэг шинжилгээг хийж эхэлнэ. Мөн зорилтод насны эмэгтэйчүүдэд эсийн шинжилгээ хийнэ. Хамгийн чухал шинжилгээ бол вирус илрүүлэх шинжилгээ юм. Эмэгтэйчүүд вирусийн шинжилгээ өгөөд вирусгүй байвал 10 жилийн зайтай эрт илрүүлэгийн шинжилгээнд хамрагдаад байж болно.

Эсийн шинжилгээнд дээр ямар нэгэн урьтал эмгэгийн өөрчлөлтэй байвал эмэгтэйчүүдийн эмчийн хяналтад давтамжтайгаар хянагдаж явна. Хэрэв хүнд зэргийн өөрчлөлтэй байвал хавдар болохоос өмнө умайн хүзүүний эмчилгээ хийгдэнэ. Иймээс бид хавдар болохоос өмнө эрт ирүүлэгт орох чухал гэдгийг эмэгтэйчүүддээ хэлмээр байна.

Эмэгтэйчүүд гурван жил нэг удаа өгдөг эсийн шинжилгээнд идэвхтэй хамрагдах хэрэгтэй

-Эмэгтэйчүүд умайн хүзүүний халдварын эсрэг шинжилгээг хаана өгөх боломж вэ. Харьяа дүүрэгтээ өгч болох уу?

-2012 оноос хойш бүх өрхийн эмнэлэг болон сумын эмнэлэг дээр 30 наснаас эхлээд 60 нас хүртэл гурван жилд нэг удаа эсийн шинжилгээ хийдэг. Тодруулбал, 30,33,36, 39 настайд өрх болон сумын эмнэлэг дээр эсийн шинжилгээ хийлгэх эрт илрүүлэгийн арга нэвтэрчихсэн. Иймээс эрүүл мэндийг байгууллага энэ илрүүлэгийг эрчимжүүлэх шаардлагатай. Мөн эмэгтэйчүүд өөрсдөө мэдлэгтэй байж, эсийн шинжилгээндээ харьяа өрхийн эмнэлэг дээр очоод өгөх бүрэн боломжтой. Энэ илрүүлэг нь үнэ төлбөргүй хийдэг. Манай эмэгтэйчүүд өөрсдөө идэвхтэй байх хэрэгтэй байна.


-Манай эмэгтэйчүүд эрт илрүүлэгт хамрагдах нь бага учраас умайн хүзүүний хавдрын өвчлөл нэмэгдээд байна уу?

-Энэ хавдар ямар нэгэн шинж тэмдэг өгдөггүй учраас эмэгтэйчүүд тоохгүй яваад байдаг. Шинж тэмдэг илрэхгүй гэсэн товлолд насандаа орох эсийн шинжилгээндээ хамрагдах гэдгийг зөвлөмжөөр байна. Манай эмэгтэйчүүд их хойрго байдаг. Мөн зорилт насны эмэгтэйчүүд ажил хөдөлмөр эрхэлдэг учраас тэр бүр эсийн шинжилгээндээ хамрагдаж чаддаггүй. Иймээс ажил олгогч байгууллага нь эмэгтэйчүүдэд ажилд нь зохицуулалт хийж, шинжилгээнд хамрагдах боломжоор хангаж өгөх хэрэгтэй. Мөн хөдөө орон нутгийн малчин эмэгтэйчүүдийг товлолд эсийн шинжилгээнд хамруулах тал дээр орон нутгийн эрүүл мэндийг байгууллага маш хариуцлагатай ажиллаж, эмэгтэйчүүдийг сайн хамруулах хэрэгтэй байна.

-Эмэгтэйчүүд өрх сумын эмнэлэгтээ шинжилгээ өгөх боломжтой гэж байна. Шинжилгээ өгөхдөө юуг анхаарах ёстой вэ?

-Тухайн харьяаны эрүүл мэндийн байгууллага товлолд эсийн шинжилгээ өгөх насны эмэгтэйчүүдтэй холбогдож мэдээлэл өгөх ёстой. Эсийн шинжилгээ өгөхөд биеийн юм ирээгүй байх ёстой. Бэлгийн замын халдваргүй, үрэвсэлгүй байх хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн үрэвсэлтэй байвал эмчилгээ хийлгэсний дараа шинжилгээ өгөх хэрэгтэй юм. Ер нь тодорхой хэмжээний бэлтгэлийг хангаж очих ёстой.

-Хүмүүсийн хувьд хавдартай гэж сонсохоор сэтгэл зүйгээр маш хурдан хямардаг. Энэ тохиолдол эмч нар ямар зөвлөгөө өгдөг бэ?

-Хавдар оношлогдсон тохиолдолд хамгийн чухал нь зүйл хэддүгээр үедээ байна гэдгээс хамаарна. Умайн хүзүүний хавдар эрт үед илэрвэл эмчлэгдэг. Мөн 100 хувь сэргийлэх боломжтой. Иймээс эцэг эхчүүдийг 11 настай хүүхдээ Хүний папиллома вирусийн дархлаажуулалт хамруулмаар гэдгийг зөвлөж байна. Энэ дархлаажуулалтад хамрагдсанаар ирээдүй таны хүү, охин Хүний папиллома вирусийн эсрэг хавдарт өртөхгүй байх боломжтой юм.

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Т.Ундармаа: Умайн хүзүүний хавдраас 100 хувь сэргийлэх боломжтой  
Үзсэн: 287 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй