Шууд Chart

Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ

2025-09-21 12:24:08

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нутгийн иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/153 дугаар тушаалаар 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, бичил уурхайн дүгнэлт гарсан талбайд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.
 
Тус хяналт шалгалтаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд уурхайн талбайд зайлшгүй байлгах бичиг баримтын бүрдэл дутуугаар үйл ажиллагаа явуулсан, хүчин чадлаа хэтрүүлсэн, батлагдсан зураг төслийг мөрдөн ажилладаггүйн улмаас ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан 13 аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нь зогсоож, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээ, мөн бичил уурхайгаар ашигт малтмал олборлохдоо 3500 см3 илүү багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүрт нэгээс илүү техник ашиглах, өмнө нь хөндөгдөөгүй болон нөхөн сэргээлт хийсэн талбайд ажилласан 7 нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоож, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг авав.
 
Хууль бусаар ашигт малтмал олборлосон Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн гол орчимд өөрийн техник, тоног төхөөрөмжөө бусдад түрээсийн гэрээгээр ажиллуулж хамтран хууль зөрчиж ашигт малтмалын олборлосон, Ерөө сум Бугант тосгоны нутаг дэвсгэрт байрлах Бэрлэгийн цагаан тохойгоос Ерөө гол дагуу хууль бусаар ашигт малтмал олборлосон, Бугант тосгоноос 35 км-т Хүнгүйч-Зүр хүзүү уулын арын хэсэг Ерөө голын эрэг орчимд хууль бусаар ашигт малтмал олборлосон, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төвөөс 5 км зайд Баян ханы өвөр гэх нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр олборлосон, Алтанбулаг сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох хайгуулын тусгай зөвшөөрөлтэй боловч тусгай зөвшөөрлийн талбайн гадна ашигт малтмал олборлосон, Төв аймгийн Заамар сумын нутаг Нарангийн энгэр нэртэй газар байрлах XV-41000277 хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн хажууд 50 м орчмын зайд иргэн аж ахуйн нэгжүүд хувиараа ашигт малтмал олборлосон; үйлдлийг илрүүлж, нотлох баримт, газар зүйн байршлын хамт орон нутаг дахь Цагдаагийн газрын Экологийн цагдаагийн хэлтэст шилжүүллээ.
 
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам нь цаашид холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийг хийх, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийг үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр холбогдох хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөн ажиллаж байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.  
 
 

Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ  
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй