
Хавцлын их усан хад чулуугаа түрэн хүрхэрч, тогтуун мяралзаж, зайртан халиа гүйж ерөөс жилийн дөрвөн улиралд өөр өөр хөг чимээтэй болчихно.
Зэрлэг амьтны мөр шинэхэн цасан дээр зурайна. Сайр чулуугаар дүүрэн аглаг хөндийн хоёр талаар тэнгэр баганадсан их уулс хана цайз мэт сүр бараатай дүнхийнэ.
Тэр хөндийн дунд цахилдаг, дэрс голдуу ургасан хөхөмдөг цэнхэр тойром байдаг юм. Өвөлжсөн айлын адуу цасыг нь туурайгаараа цавчин малтаж цахилдгийн цэцэг дэрсний толгой сорчлон хазална.
Харин дэлгэр цагт бол зүйлийн гоёмсог цэцгүүд тэрхэн чөлөөнд алаглаж, ойртоод очихоор үнэр нь уушги цээж түрэн тансаг сайхан үнэртэнэ.
Улирал тойроод ирсэн ч ургасан өвс нь дэлгэр, тансаг цагаан түнг минь угтана. Түнг бараадаж хоносон чөдрийн морин дээр очихуй хураасан биеэ задартал хурын усаар шилгээдэгсэн. Чөдрийн морь хазаарлуулахгүй эргэлдэж, өвс ногооны соронд тамир нь дүүрсэн янзтай ааш аяг нь нэмэгдэнэ.
Ялаархсан морины хөлд суухуйд өтгөн сүүл нь нүүр хорстол шавддаг сан. Морь үүрсэх чимээ, алс холоос адуун сүргээ тэмцэн цуурайлна. Амьсгаа нь үл хүрэн тасалдаж, тэр дороо эргэцэх нь сэтгэлд гань татуулна. Бодол хүрэхгүй алсаас хайртай хүнээ бодон бодон санаашрах минь бас хөндүүр төрүүлнэ.
Өвөл цаг намрын налгар өдөр шиг дулаахан ирнэ. Их, бага хээр морьдоо аав, бид хоёр ижилсүүлэн унана. Уулын морьдын тахтай туурай бэлийн улаан чулууг хэт шиг цахин оч үсрэх шиг чимээ нь ард торхийн үлдэнэ. Амгайг нь мулталсан хазаарын чимээ шигшрэн дугарч, тэр чимээг дуурайн чогчого жиргэж, хоёр хээр минь ээлжлэн тургих нь хөгжим цохиур нийлэн байх шиг санагдана.
Сүрэнд нь дарагдам өндөр хавцал үүл шүргэм оройгоороо нийлэх нь үү гэмээр баганадан харагдана. Шүргэн алдах хавцлын хооронд аргал, янгир дүүлэхэд дүүрэн сарны толбо мэт тодхон үзэгдэнэ.
Маргааш өглөө нь хөндийн түнгэ дэх чөдрийн морио зорин очихуй бага хээрийн чөдөр хойд хөлдөө чирэгдсэн байнам. Их сүрэг нь хойд хөх ууланд тангаралдан байхуйд тийш одсонгүй агаад ах хээр моринд хоргодон сэтгэл хоёрдон хоносон байнам.
Адуу хүртэл биесээ налан үүрсэж, аргамж уяатай нэгэндээ хоргодон хоносон хайрын үүтгэл хөндийн хөх түнг минь. Ногтруу шувуу гур гур дуугарч хөндийн түнгэд минь явгалан гүйлдэнэ.
Их, бага хээрээ сулд нь тавиад чөдрөө хурааж хазаараа эвхээд гэрийн зүг алхахад сэрүүн салхи нь дураар сэлгүүцэх хөндийн түнг минь.
МЗЭ-ийн шагналт, "Болор цом"-ын эзэн Батдоржийн Жамбалдорж
Хөндийн түнгээс шувуу үргэнэ | ||
Үзсэн: 133 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.