Шууд Chart

Дилав хутагтын хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

2026-05-13 10:40:37

Монголын Үндэсний музейд “Дилав хутагт ба Оуэн Латтимор: Тив дамнасан өв” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ. 

Энэхүү үзэсгэлэнг Америкийн Монгол судлалын төв, “Дилав хутагт” сан, Монголын Үндэсний музей, Монгол Улсын Үндэсний номын сан, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Завхан аймгийн музей хамтран зохион байгуулж байна.

Энэхүү үзэсгэлэн нь Монголын шашин, төрийн зүтгэлтэн Дилав хутагт Б.Жамсранжав болон Америкийн нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтимор нарын нөхөрлөл, амьдрал, ажил үйлс, тэдний үлдээсэн өв нь Монгол Улс, АНУ-ын харилцаанд хэрхэн нөлөөлснийг олон нийтэд таниулан сурталчлах юм.

Нээлтийн ёслолыг VI Дилав хутагт Данзанламэд нээж, Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, Америкийн Монгол судлалын төвийн суурин захирал М.Даваасүрэн, академич О.Батбаяр, АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Эмма Ломакс, Оуэн Латтиморын ач охин Энн Латтимор Прайс нар үзэсгэлэн, олон улсын хурал, монгол судлалын хөгжил, Монгол-АНУ-ын найрамдалт харилцааны талаар онцлон тэмдэглэв.

Энэ үеэр Оуэн Латтиморын ач охин Энн Латтимор Прайс Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшинд гардуулан, уг үзмэрийг эх оронд нь буцаан ирүүлж буйгаа мэдэгдэж Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгсөн нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн сайхан үйл явдал боллоо.

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” үзэсгэлэнд дотоод гадаадын архив, номын сан, музейн сан хөмрөг, хувь хүмүүсийн цуглуулгаас урьд өмнө нь олны хүртээл болж байгаагүй ховор нандин өв үзмэрүүдтэй та бүхэн танилцана. 

"Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв”олон улсын үзэсгэлэнд гадаадаас АНУ-ын Харвардын их сургуулийн Пийбоди археологи, угсаатны зүйн музей, Жонс Хопкинсын их сургуулийн архив, Йэлийн их сургуулийн Цахим архив, Пенсильванийн их сургуулийн музейн Загадинов архив, Конгрессийн номын сангийн гар бичмэлийн тасаг, Шведийн Уппсала их сургуулийн номын сан, М.Саруул-Эрдэнэ (АНУ), Төвчүүд Байгал (Япон)-ын хувийн цуглуулга, дотоодоос Завхан аймгийн музей, Үндэсний Төв Архив, Монголын Үндэсний музей, Үндэсний Үндэсний Номын Сан, Тагнуулын Ерөнхий Газрын Тусгай архив зэрэг их сургууль, номын сан, музейн сан хөмрөг болон Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Шинжлэх Ухааны Академи зэрэг байгууллагуудын баримт материалуудаас дэлгэн толилуулж байна. Мөн олон нийтийн сүлжээний цахим орчинд нийтлэгдсэн зарим зураг, онцгойлон Оуэн Латтиморын үр ач нараас Америкийн Монгол Судлалын Төвд 2024, 2026 онд хандивласан зургийн цомгуудаас тус тус бүрдсэн юм.

 


Дилав хутагтын хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ   
Үзсэн: 167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй