Шууд Chart

Налайх, Багануур дүүргийн Дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлнэ

2025-05-05 11:16:48

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Налайх, Багануур дүүргийн Дулааны станцын төсөл хөтөлбөрийг хариуцан ажиллаж байгаа холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар Налайх, Багануур дүүрэг улсын зэрэглэлтэй бие даасан хот болох эрх зүйн орчин бүрдсэн. Ингэснээр хотын хэт төвлөрлийг сааруулж, тэлж хөгжих төрийн бодлогыг хэрэгжүүлэх эхний бөгөөд хамгийн оновчтой алхам болж буй юм. Налайх, Багануур дүүрэгт шилжин суурьших иргэдийн тоо нэмэгдэж байгаа энэ цаг үед хүн амын өсөлтийг тооцож, дулааны станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ станц байгуулах зайлшгүй шаардлага үүсээд байна.

Тухайлбал, Багануурын дулааны станц 1980 онд зөвхөн уурхайн дулааны хэрэглээг хангах зориулалтаар баригдсан боловч дүүргийн хөгжлийн явцад уурхайгаас гадна орон сууц, ААН-ийг дулаанаар хангахын тулд өргөтгөл хийн ашиглах болсон. Өнөөдрийн байдлаар Багануурын дулааны станцын бодит ачаалал 35-47 Гкал/ц-ын горимтойгоор, нийт 3600 гаруй айл өрх, 150 орчим аж ахуй нэгжийг дулаанаар хангаж байна. Энэхүү дулааны станцын ашиглалтын хугацаа хэтэрсэн, аваарын байдалтай ажиллаж байгаа учир шинээр 158 МВТ-ын хүчин чадал бүхий дулааны станц барихаар төлөвлөж, техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулаад байна.

Харин Налайхын дулааны станц 1995 онд байгуулагдсан бөгөөд 69 MBT-ын хүчин чадалтайгаар 3200 гаруй айл өрх, 360 гаруй аж ахуй нэгжийг дулаанаар хангаж байна. Налайхын дулааны станцын хэрэглээ 15 орчим хувиар хэтэрсний улмаас энэ өвлийг хүндхэн давжээ. Налайхт “Налуу ухаа” эдийн засгийн тусгай бүс байгуулж, аж үйлдвэрийн бүс нутаг болгон хөгжүүлэхээр зорьж байгаа учраас 79 МВТ-ын хүчин чадалтай дулааны станц барьж, дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Улсын зэрэглэлтэй хот болох Налайх, Багануурын Дулааны Станцын Төслийг хариуцан ажиллаж байгаа холбогдох албаныханд;

-Налайх, Багануур дүүргийн дулааны станцын зураг төслийг яаралтай боловсруулан батлах

-Эрчим хүчний яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Налайх, Багануур дүүргийн дулааны станцын холбогдох албаныхан уялдаа холбоотой ажиллах

-Налайх, Багануур дүүргийн дулааны станцын төслийг хүн амын өсөлтийн тооцоонд үндэслэн хэрэгжүүлэх

-Налайх, Багануур дүүргийн дулааны станцын төсөл хэрэгжих газрыг эцэслэн тогтоож батлах

-Хүн амыг найдвартай дулааны эх үүсвэрээр хангах тал дээр бүх талын дэмжлэг үзүүлэн, шат шатанд анхаарч ажиллахыг даалгалаа гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 


Налайх, Багануур дүүргийн Дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлнэ  
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй