АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэльтэй байгуулсан шинэ хэлэлцээрийн хүрээнд нийлүүлэх газрын тосыг тус улсын Стратегийн газрын тосны нөөцийг нөхөхөд ашиглана гэж мэдэгджээ. Тэрээр нөөцийг нөхөх ажиллагаа удахгүй эхэлнэ хэмээн нийгмийн сүлжээнд бичжээ.
АНУ-ын Стратегийн газрын тосны нөөц наймдугаар сарын 21-ний байдлаар ойролцоогоор 290 сая баррель байсан нь сүүлийн 44 жилийн хамгийн доод түвшний нэг юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн нийлүүлэлтийн доголдол, шатахууны үнийн өсөлтийг тогтворжуулах зорилгоор уг нөөцөөс их хэмжээгээр газрын тос гаргасан байна.
АНУ, Венесуэлийн шинэ эрчим хүчний хэлэлцээр 25 жилийн хугацаатай бөгөөд Венесуэлийн 17 стратегийн ордод олборлолт нэмэгдүүлж, эхний ээлжид өдөрт 1.5 сая баррельд хүргэх зорилт тавьжээ. Мөн шинээр найман талбайд хайгуул, олборлолт хийхээр төлөвлөсөн ажээ.
Трампын мэдээлснээр АНУ хувийн компаниудтай хамтран Венесуэлийн батлагдсан нөөцөөс 65 тэрбум гаруй баррель газрын тосонд хамаарах төслүүдэд давамгай оролцох тохиролцоонд хүрсэн байна. Харин Венесуэлийн түр Ерөнхийлөгч Делси Родригес тус улсын байгалийн баялгийн өмчлөл, бүрэн эрх хэвээр хадгалагдана гэж мэдэгджээ.
Гэхдээ Венесуэлийн олборлолтыг богино хугацаанд мэдэгдэхүйц нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт, дэд бүтцийн шинэчлэл ихээхэн шаардлагатай тул шинэ хэлэлцээр АНУ-ын нөөц болон шатахууны үнэд яг хэзээнээс нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
| АНУ Венесуэлийн газрын тосоор стратегийн нөөцөө нөхнө | ||
| Үзсэн: 37 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.