
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний төлсөн шимтгэл хаашаа ороод байгаа юм бэ, юунд зарцуулагдаад байна вэ? гэж асуух, ярих хүмүүс нэлээд байх шиг байна. Яриагаа эндээс эхлэх үү?
-Нийгэм даяар ийм ойлголттой гэж бодохгүй байна. Одоохондоо Нийгмийн даатгалын сангаас ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр аваагүй буюу өөрт нь эрсдэл учраагүй, нийгмийн даатгалын ач тусыг хараахан хүртээгүй, мөн тус сангийн орлого, зарлагын талаар ойлголтгүй хүний бодол хандлага тийм байж болох юм. Нэг залуу надаас яг энэ асуултыг асуусан. Би түүнээс:
-Танайд тэтгэвэр авдаг хүн байгаа юу гэхэд тэр:
-Манай аав, ээж хоёр тэтгэвэр авдаг гэсэн. Мөн:
-Танайхны хэн нэгэн хүн ямар нэгэн төрлийн тэтгэмж авч байсан уу гэхэд тэрээр жаахан бодож байснаа:
-Манай авгай жирэмсэн байхдаа болон төрснийхөө дараа нийгмийн даатгалаас тэтгэмж авсан юм байна гэж хариулсан. Би:
-За тэгвэл танай гэр бүлийнхэн НД-ын шимтгэл төлж байсныхаа үр дүнд эргээд үр ашгаа хүртэж байгаа хүмүүс юм байна. Ажил олгогч болон даатгуулагчдын төлсөн шимтгэл энэ мэтчилэн эрх нь үүссэн даатгууллагч иргэдэд эргээд тэтгэвэр тэтгэмж хэлбэрээр очдог.
Өнөөдрийн тэтгэвэр авагчид залуудаа буюу ажил хөдөлмөр эрхэлж байхдаа шимтгэл төлж настан буурлуудынхаа тэтгэврийг бүрдүүлж байсан бол одоо та бүхэн энэ хүмүүсийнхээ тэтгэврийн мөнгийг бүрдүүлж байна гэсэн үг. Нэг тийм эргэлддэг тойрог гэхүү дээ. Өөрөөр хэлбэл байгалийн жам ёс юм.
Гэхдээ энд зөвхөн өндөр насны тэтгэврийн тухай асуудал биш. Нийгмийн даатгалын санд шимтгэл төлснөөр Өндөр насны, Хөдөлмөрийн чадвар алдсаны, Тэжээгчээ алдсаны тэтгэвэр, Жирэмсэн, амаржсаны, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, Ажилгүйдлийн, Нас барсан дааатгуулагчийн ар гэрт олгох тэтгэмж гэх зэргээр хүн эхийн хэвлийд байхаас эхлээд бурхан болох хүртлээ нийгмийн даатгалын сангаас олон төрлийн тэтгэвэр тэтгэмж, төлбөр, хөнгөлөлт эдэлдэг хамгийн ач тустай даатгалын систем гэж ойлгож болно гэв. Мөнөөх залуу:
-Нээрээ л тийм юм даа, би одоогоор өөрт тулгараагүй болохоор буруу ойлгож, мунхаг бодол тээж явжээ, уучлаарай гэж билээ. 2025 онд бид 15,1 мянган даатгуулагчдад 90,003,713,100 төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно гэсэн тооцоолол гарган ажиллаж байна. Үүнээс өндөр насны тэтгэвэр авагч 7,9 мянган хүнд 73,159,314,000 төгрөгийн тэтгэвэр олгоно. Бусад нь дээр дурдсан бусад төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөрт зарцуулагдана гэсэн үг. Манай улсын өнөөгийн тэтгэврийн тогтолцоо хуваарилалтын тогтолцоо бөгөөд бид энэ тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих мөн олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэхээр зорилго тавьж байна. Монгол улсын хүн ам зүйн бүтцэд өөрчлөлт орж, хүн амын дундаж насжилт нэмэгдэж байгаа. Энэ бол мэдээж сайн хэрэг. 2024 онд 1 тэтгэвэр авагчид 2 даатгуулагч буюу 10 даатгуулагчдад 5 тэтгэвэр авагч оногдож байсан бол 2030 онд энэ үзүүлэлт 7 хүн болох тооцоолол гарсан.
Тиймээс өнөөгийн өндөр насны тэтгэвэр авагчид маань нэгэн цагт нийгмийн даатгалын санд орлого бүрдүүлж тус сангаас холбогдох тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах боломжийг бусдад олгохын зэрэгцээ өөрийнхөө ирээдүйн баталгааг хангах, учирч болох эрсдлийг хамгаалах зорилгоор Нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан шиг энэ үеийнхэн тэдэндээ зориулж бас өөртөө зориулж шимтгэл төлөх хэрэгтэй л гэж хэлмээр байна.
-Өмнөх асуулттай утгын хувьд хувьд адилхан. Нийгмийн даатгалын шимтгэл төлөөд хэрэг байна уу, өгч байгаа мөнгөө хуримтлал үүсгэх юмуу шаардлагатай юмандаа зарцуулах нь амьдралд хэрэгтэй гэж үздэг хүмүүс бий. Энэ талаар…?
-Хуримтлал үүсгээд өндөр настай болсон хойноо түүнийгээ зарцуулж амьдрана гэдэг юу л бол. Би хувьдаа үүнд итгэхгүй. Хэрэгтэй юмандаа зарцууллаа гэхэд тухайн үеийн хэрэгцээ л хангагдах байх. Ийм ирээдүйд итгэж хариуцлагагүй үйлдэл хийж болохгүй л дээ.
Ямарч хүний хөдөлмөрийн чадвар насны онцлогоос хамаарч буурах буюу нэгэн цагт байхгүй болно.
Энэ үед өөрийн гэсэн орлогогүй, үр хүүхдийнхээ эсвэл хэн нэгний гарыг харж, хараат амьдрахыг хэн хүсэх билээ.
Хэрэв ийм зүйл ярьж, ийм сонголт хийх гэж байгаа бол энэхүү эмгэнэлтэй хувь тавиланг сонгож байгаа хэрэг юм.
Анзаарч байхад бусдыг буруугаар уриалаад байгаа хүмүүсийн ихэнх нь даатгалын тухай огт ойлголтгүй шимтгэл төлж үзээгүй залуучууд байдаг.
Гэхдээ тэд ямар нэгэн байдлаар нийгмийн даатгалын үр шимийг хүртэж байдаг бөгөөд магадгүй, ижий аавынхаа тэтгэврийг зээл авахуулаад хэрэглэж байгаа. Зарим хүн өөрөө мэдэхгүй, ойлгохгүй байж худлаа мэдэмхийрдэг.
Хэдийгээр өөрийн бодол, ойлголтыг ярьж байгаа ч гэлээ хажуугийн хэн нэгэнд буруу мэдээлэл өгч, уруу татаж байдаг. Ийм хүмүүст та өөрийгөө боддоггүй юмаа гэхэд бусдад битгий саад болооч, бусдад өөрийнхөө үзэл бодлыг бүү тулгаач гэж хэлмээр байна.
Мөн “Үхэх хүн ханьсаг” гэдэг шиг яагаад өөрийнхөө замаар бусдыг дагуулах гээд байгаа юм гэж асуумаар санагддаг.
Би энэ салбарт ажиллах хугацаанд олон л хүний тэтгэврийг тогтоож, бүх төрлийн тэтгэмж, төлбөрийг олгож ирлээ. Ингэхдээ хуульд заасан болзлоо бүрэн дүүрэн хангаж өөрийнхөө хүсэлтээр тэтгэврээ бардам сайхан тогтоолгоод баяртай гарах, бас шимтгэл төлсөн хугацаа нь хүрэхгүй өнгөрсөн хойно ойлгон өөртөө гомдож харамсах хүний аль алинтай нь уулздаг. Харин шимтгэл төлсөн нь буруу байжээ гэж хэлэх нэг ч хүнтэй таарч байсангүй.
-Шимтгэлийн хувь хэмжээг бууруулъя, ажил олгогчийн төлдөг шимтгэл тухайн хүний тэтгэвэрт орж нөлөөлөхгүй байна, Нийгмийн даатгалын шимтгэл аж ахуй нэгжид дарамт болж байгаа тухай УИХ-ын зарим гишүүд санал санаачилга гарган хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр яригдаж байна. Энэ талаарх таны бодлыг сонсъё?
-“Аж ахуй нэгж нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байна гэдэг хэрэгжих боломжгүй. Хэрэгжих боломжгүй зүйлийг ярьж иргэдэд хүлээлт үүсгэн ард түмнийг төөрөгдүүлж болохгүй” гэж ГБХНХЯ-ны сайд Л.Энх-Амгалан цахим сүлжээгээр мэдэгдэл хийсэн байсан. Би мөн адил энэ хариултыг л өгнө.
Дээр нь нэмж хэлэхэд Нийгмийн даатгалын салбар нь бүх хүний одоогийн болон ирээдүйн ажил амьдралтай шууд холбоотой болохоор хүссэн, хүсээгүй олон түмний анхаарлын төвд байдаг.
Тиймээс манай үе үеийн улс төрчид нийгмийн даатгалын хуулиар оролдож, оролцох дуртай. Санд илтэд хохиролтой, улс төрийн зорилго бүхий шийдвэрүүд нэлээд гарч байсан.
Олон түмэнд таалагдаж оноо авахаа бодохоос сангийн орлогыг яаж нөхөх, энэ салбарын ирээдүйн хувь заяа, үйл ажиллагааг хэрхэн хэвийн байлгах талаар төдийлөн ярьдаггүй юм.
Нөхөн даатгалын хууль, тэтгэвэрт гарах насыг наашлуулсан, олон янзын хөнгөлөлт чөлөөлөлтийн нөхцлийг бий болгосон гээд олон жишээг ярьж болно.
Энэ нь олон жилийн түүхтэй, даатгалынхаа үндсэн зарчмын дагуу ажиллаж байгаа тус салбарын үйл ажиллагааг доголдуулж, сангийн алдагдлыг нэмэгдүүлэх гол шалтгаан нөхцөл болсоор ирсэн.
Манай улсын Нийгмийн даатгал нь хөнгөлөлт чөлөөлөлт ихтэй, иргэд даатгуулагчид нь дэндүү эрт буюу залуугаараа өндөр насны тэтгэвэрт гардаг тогтолцоо болж хувирсан.
Эмэгтэй бол, хүүхэд төрүүлсэн бол, аль салбарт ямар ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас шалтгаалан янз бүрийн хөнгөлөлт, насны хязгаар үйлчилдэг. Товчоор хэлбэл ялгаварлал ихтэй. Цаашид энэ хэвээр явах боломжгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой бөгөөд ийм болохыг улс төрчид хийсэн нь нууц биш юм.
Нийгмийн даатгалын орлого, зарлагатай холбоотой асуудлыг цөөн хэдхэн хүний санал санаачилгаар шийдэж болохгүй. Учир нь бүх хүний ирээдүйн амьдрал, хувь заяанд нөлөөлөх чухал асуудал тул олон түмнээрээ хэлэлцэж, ул суурьтай хандах ёстой гэж боддог.
Мөн зарим орлогоос шимтгэл төлдөггүй байхаар яригдсан. Шимтгэл төлөх хэмжээ буурна гэдэг тэтгэвэр тооцох цалингийн хэмжээ буурна гэсэн үг. Нэн ялангуяа тэтгэврийн нас ойртсон хүмүүст шууд нөлөөлнө.
Нэг хэсэгт нь ашигтай байх бол нөгөө хэсэгт сөргөөр нөлөөлж тэдний эрх ашиг тодорхой хэмжээнд хөндөгдөх тул нийгэмд зөрчил үүсэх магадлалтай харагдаж байна.
-Тэтгэвэрт гарах нас улам цааш сунах нь, би ч тэтгэвэрт гарч чадахгүй юм шиг байна гэж ярих хүнтэй таарсан. Энэ нь түүний шимтгэлээ төлөх идэвх санаачилгыг бууруулж байх шиг?
-Энэ бол буруу ойлголт. Нийгмийн даатгалын хуульд зааснаар 2025 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 22 жил төлсөн байх ёстой. Ингэснээр даатгуулагч эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ.
Харин шимтгэл төлсөн хугацаа нь 22 жил хүрэхгүй бол эрэгтэй даатгуулагч 62, эмэгтэй 57 насандаа тэтгэвэр тогтоолгох юм.
Өөрөөр хэлбэл шимтгэл төлсөн хугацаанаас хамаарч байгаа ба шимтгэл төлөх хугацаа жил тутамд 3 сараар нэмэгдэнэ гэж ойлгох хэрэгтэй. Амьдрал бол өглөг, авлага гэдэг.
Нийгмийн даатгалд мөн адил энэхүү амьдралын зарчим үйлчилдэг. Их хөдөлмөрлөсөн хүн ихийг авч, өөртөө боломжийг бий болгодог шиг шимтгэл их төлсөн нь ихийг, бага төлсөн бол багыг авна гэсэн үг.
Гэхдээ өглөг, авлага гэхээр хөдөлмөрийн харилцаа ч юмуу дэлгүүрт мөнгөө төлж хүссэн зүйлээ авах, өөр бусад төрлийн өгч, авдаг харилцаатай шууд адилтган ойлгож болохгүй. Нийгмийн даатгалын харилцаа нь хүн өөртөө буюу ирээдүйдээ зориулж, амьдралын явцад учирч болох аливаа эрсдлийг нөхөх зорилгоор шимтгэл төлдгөөрөө давуу талтай буюу онцлог шинж чанартай. Нийгмийн даатгалын шимтгэл бол хэн нэгэнд өгч байгаа буяны хандив биш. Мөн албан татвар биш. Өөрөө өөртөө өгч буй өглөг бас хуримтлал юм.
-Ихийг төлсөн нь ихийг авна гэснээс зарим даатгуулагчид тэтгэвэрт гарахын сүүлийн жилүүдэд өндөр төлж, өндөр тэтгэвэр тогтоолгож байна. Энэ нь даатгалын санд ашигтай болоод тэрүү, хэр шударга зарчим юм бол оо?
-Хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн талаар би зөв, буруу гэж хамаагүй дүгнэлт хиймээргүй байна. Нэгэнт та асууж байгаа болохоор би хувийн бодлоо хэлэхэд энэ бол манай хуулийн нэг сул тал. Санд орлого гэхээсээ ачаалал нэмдэг, алдагдал үүсгэдэг.
Энэ бол амьдрал ахуй нь боломжтой хуваариа бизнес эрхэлж байгаа цөөн тооны хүмүүст илүү боломж олгосон хуулийн заалт юм. Манайхан чинь хуулийн боломжийг мөрөөрөө ашиглахгүй, бас жудаггүй зан их гаргана шүү дээ. Зарим нь сард өндөр төлөөд тогтмол эмнэлэгт хэвтэж хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж хэлбэрээр эргүүлээд авчихна.
Тиймээс санд ашиггүй харин тухайн даатгуулагчид тал бүрийн ашигтай гэсэн үг.
Тэгэхлээр энэ яавч шударга зарчим биш байгаа биз дээ. Хамгийн зөв, шударга зарчим бол шимтгэлээ тогтвортой, олон жил төлсөн хүн л өндөр тэтгэвэр авдаг байх явдал юм.
Хэзээ нэг өдөр хуульд ийм өөрчлөлт орсноор хүмүүс аль болох олон жил шимтгэл төлөхийг хичээдэг тэр нь давуу тал болж үр ашгаа хүртдэг зөв тогтолцоо үйлчлэнэ гэдэгт итгэлтэй байдаг.
-Харин тиймээ, би ч гэсэн үүнтэй санал нийлж байна. Хуулинд өөрчлөлт оруулахаар яриад байгаа эрх бүхий хүмүүс амьдралд нийцэхгүй байгаа болон тодорхой хугацаанд үйлчлээд үйлчлэл нь дууссан, зөрчил үүсгэж байгаа энэ мэт заалтыг засч залруулаасай.
Нийгмийн даатгалын хуульд малчдад боломж олгосон олон зүйл заалт байна. Эдгээр нь малчдын нийгмийн асуудлыг шийдэхэд хэр ач тусаа үзүүлж байна вэ?
-Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд нүүдлийн мал аж ахуй эрхлэн ажиллаж амьдарч байгаа малчдын хөдөлмөрийг хүнд нөхцөл гэж үзэн төрөөс авч хэрэгжүүлсэн бодлого л доо.
Малчны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хууль хэрэгжлээ, малчны тэтгэвэрт гарах насыг 5 жилээр наашлуулсан, малчин даатгуулагчийн төлөх шимтгэлийн 50 хувийг төр даах зэрэг тэдний амьдралд нөлөөлөхүйц томоохон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа нь үнэн. Ийм их хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн өөр салбар байхгүй байх.
Тэдэнд үр шимээ өгсөн үү гэвэл мэдээж өгсөн, өгсөөр ч байгаа. Харамсалтай нь олон төрлийн боломж бололцоог олгосон ч малчдын шимтгэл төлөлт дорвитой нэмэгдэхгүй байна. Тэд нөхөн даатгал гэдэг юмыг л хүлээдэг болсон. Сар бүр шимтгэл төлж байхын оронд тэтгэврийн насаа ойртсон үед бөөн төлөөд орчихно гэж үздэг болсон байна.
Сүүлд хэрэгжээд хугацааг нь мөн 1 жилээр сунгасан “Малчин, ХХЭ-дийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль тухайн үедээ тодорхой хүмүүст ач тусаа өгсөн боловч нийт олны сэтгэл зүйд маш сөрөг нөлөөлсөн. Нэг ёсондоо тэднийг муу занд сургаж, хүлээлтийг бий болгосон.
Малчдаа бодсон төрийн бодлого шийдвэр мөн боловч энэ мэт улс төрийн шинж чанартай гэнэтийн шийдвэрүүд Нийгмийн даатгалын салбарын ажилд болон санд маш их ачаалал нэмдэг л дээ.
Энэ дашрамд малчиддаа хандаж хэлэхэд та бүхэн мэдээллийг бүх сувгаар хангалттай авч байгаа. Үнэн хэрэгтээ мэдэхгүйдээ, эсвэл мэдээллээс хоцорсондоо бус өөрсдийн таамагт итгэн бүтэхгүй юмыг хүлээж цаг алдсанаас болж тэтгэвэрт гарах хугацаа нь хойшилж хохирч байгаа тохиолдол гарсаар байна. Боломжийн үүд хаалга гэдэг дандаа нээлттэй байж, таныг байнга хүлээж байдаг зүйл биш шүү.
Тэтгэвэрт гарах нас тань наашилсан, төр төлөх шимтгэлийн чинь 50 хувийг дааж байхад энэ боломжийг ашиглахгүй юунд найдна вэ, шимтгэлээ таслахгүй цаг хугацаанд нь төлж өөрийнхөө ирээдүйн санхүүгийн баталгааг хангах нэн чухал ажлыг хойш тавихгүй байхыг зөвлөмөөр байна.
-Ярилцсанд баярлалаа.
Г. Батжаргал: Нийгмийн даатгалын тогтолцоо иргэн таны төлөө үйлчилдэг | ||
Үзсэн: 158 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.