"Хүмүүнлэгийн баг"-ийн ээлжит хуралдаанаар өвөлжилтийн нөхцөл байдал, ойрын хугацааны цаг агаарын урьдчилсан төлөв, өвөлжилт, хаваржилт хүндэрснээс үүдэн гарах зудын эрсдэлийн талаар хэлэлцлээ.
Хурлыг УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, НҮБ-ын Суурин зохицуулагч Яаап Вэн Хайердэн нар хамтран удирдсан юм.
Хурандаа Т.Баярхүү хурлыг нээж хэлсэн үгэндээ "Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал цаашид хүндрэх магадлалтай байна. Тиймээс эрсдэлийг бодитоор үнэлэх, мэдээллийг цаг алдалгүй солилцох нь хүмүүнлэгийн хариу арга хэмжээг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт, агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн хийсэн үнэлгээгээр 9 аймгийн 36 сум цагаан зудтай, 16 аймгийн 54 сум цагаанаар зудархуу байна" гэлээ.

Хуралдаанд оролцогчид энэ үеэр цаг үеийн нөхцөл байдлын бодитой, шуурхай мэдээлэл нь хүмүүнлэгийн шийдвэр гаргалтын үндэс болохыг тэмдэглээд, төр, олон улсын байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Өвөлжилт хүндэрч, ялангуяа хаврын улиралд мал төллөх үеэр эрсдэл нэмэгдэх хандлагатай байгааг харгалзан олон улсын байгууллагууд нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, шаардлагатай тохиолдолд хүмүүнлэгийн дэмжлэгийг нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.

| Өвөлжилтийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ | ||
| Үзсэн: 105 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.