Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Австралийн холбооны улсын “VRM biologik” группийн захирал Кэн Белламиг хүлээн авч /2026.08.27/ уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо.
“VRM Biologik” групп нь хөдөө аж ахуйг нөхөн сэргээх, хөрсийг эрүүлжүүлэх, органик хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Австралийн байгаль орчны технологийн компани юм. Тус групп хүнсний үлдэгдэл, бохир ус, ургамлын гаралтай органик хог хаягдлыг микробын идэвхт катализатор болгон хувиргах, хөрсний чийгийг нөхөн сэргээх, элэгдсэн өнгөн хөрсийг эрүүлжүүлэх, шим тэжээлийг биологийн аргаар нэмэгдүүлэх үндсэн бүтээгдэхүүнүүд гаргадаг.
Мөн хур тунадас багатай орчинд микробын урвалын тусламжтайгаар хөрсөнд чийг хуримтлуулах гидросинтез технологийг ашиглаж доройтсон тариалангийн талбайг нөхөн сэргээх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагаа явуулдаг байна.
Тус группийн захирал Кэн Беллами Австрали болон Саудын Араб, Египет, Хятад зэрэг улсад амжилттай хэрэгжүүлсэн гидросинтез технологио Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлж, туршлагаа хуваалцах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн энэхүү шинэ технологийг нэвтрүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл, уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагын хүрээний санаачилга чухлыг дурдаад, хөрсний чийг, хур тунадас багатай говийн бүсэд энэ технологийг турших төсөл хэрэгжүүлэхийг санал болголоо.

| Хөрсөнд чийг хуримтлуулах гидросинтез технологийг говийн бүсэд туршихыг санал болголоо | ||
| Үзсэн: 81 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.