Шууд Chart

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа

2026-01-30 16:03:53

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан 2025 оны төсвийн гүйцэтгэл болон макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр салбаруудын төлөвлөлт, дэд бүтцийн хөгжлийн төлөвлөгөөг эргэн харж, уялдаа холбоог сайжруулах шаардлагатайг онцлов. Тухайлбал, говийн бүсийн дэд бүтцийн хөгжлийн төлөвлөгөөг шинэчлэхгүй бол хувийн хэвшлийн үйлдвэрүүд эрчим хүчний дутагдалд орж, алдагдалд орох эрсдэлтэй гэж тэмдэглэв. Түүнчлэн ирэх жилүүдэд гео эдийн засгийн талцал хуваагдал гол сорилт болж, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байх төлөвтэй байгааг анхаарууллаа.

Иймд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл давхцсан тохиолдолд эдийн засгийг тэсвэртэй байлгах, гадаад худалдаа, экспортын эргэлт нь нэг улсаас хамааралтай байдлыг бууруулах чиглэлд ажиллах шаардлагатайг онцоллоо. Жишээ нь, боомтын үйл ажиллагаа, импортын цахилгаан, шатахууны хангалт зэрэг олон хүчин зүйлсийг нарийвчлан судлах хэрэгтэйг дурдав.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Л.Гангэрэл нүүрсний үнэ унасан ч зэсийн үнэ өндөр байгаа энэ боломжийг ашиглан төсөвт хүндрэл учруулахгүйгээр эрх зүйн орчинг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлого боловсруулах шаардлагатайг хэлэв. Мөн нүүрсний экспортын гуравдагч гарцыг нээхийг санал болголоо.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр сүүлийн хоёр жилд ноолуурын экспорт 404 сая ам.доллар, махны экспорт 345 сая ам.долларт хүрснийг тэмдэглэв. Ноолуурыг 100 хувь ээрвэл эдийн засагт тэрбум ам.долларын нэмэлт ашиг орж болох бөгөөд алт, зэсийн салбарын бодлогод ч анхаарал хандуулахыг дурдав.

Сайд Ж.Энхбаяр “Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн тэнцвэрийг бий болгох үүрэгтэй тул бодлогоо нэгтгэж, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулан, байнгын мэдээлэл солилцож ажиллах шаардлагатай” гэв.

Эх сурвалж: Эдийн засаг, xөгжлийн яам 


Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй