Шууд Chart

С.Заяадэлгэр: Монгол Улсын Дээд шүүх “Хууль, Шүүхийн Үндэсний хиймэл оюуны хэлний загвар (llm)” хөгжүүлнэ

2026-05-15 09:16:49

- Өнөөдөр хүссэн ч эс хүссэн ч хиймэл оюуны хэрэглээ хууль зүйн салбарт нутагших нь, хүний эрхийн баталгааг илүү хангана гэж олон улсад хүлээн зөвшөөрч эхэллээ. Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээхэд хиймэл оюуны хэрэглээг шүүхийн салбарт хэрхэн нутагшуулах бодлого барьж байна вэ? 

Хүний эрхийг хамгаалах гол механизм нь хэрэг, маргаанаа шударга шүүхээр шуурхай шийдвэрлүүлэх асуудал. Энэ нь нээлттэй, ил тод байдлаар баталгаажна. Шүүхэд итгэх итгэл төрд итгэх итгэлийг бэхжүүлдэг. Шударга ёсыг хэрхэн хангаж байгаагаас дотооддоо шүүх нь итгэл хүлээхээс гадна тухайн улсын гадаад нэр хүнд, гадаадын хөрөнгө оруулагчдийн итгэл хөндөгднө. Шүүхийн практикаас харахад хуулийн дагуу мэргэжил, дотоод итгэл үнэмшлээр хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангахад дижитал хөгжил түлхэц өгнө гэж үздэг. Олон талын судалгаа, мэдээллийг нэгтгэн оюун дүгнэлт гаргаснаар хүний эрхийг хангах гол  хөшүүрэг болох юм. Шүүхийн үйлчилгээ хүртээмж, чанар ч дээшилнэ. Улс орнууд хиймэл оюуныг ашиглан хууль зүйн салбартаа ч томоохон шинэчлэлүүдийг эхлүүлээд байна. Бид хөгжлөөс хоцрох ёсгүй юм.

Энэ хүрээнд суурь судалгаагаа хийж, бэлтгэл ажлаа хангасан. Улс орнууд эхлээд хиймэл оюуны их хэлний загвараа (LLM) хөгжүүлдэг. Энэ нь 96 хувиас дээш алдаагүй ажиллаж байж болж байна гэж үздэг. Улмаар мэргэжлийн хэлний загвар моделиудыг хөгжүүлэх шаардлага тулгардаг бол хуулийн мэргэжлийн хэлний загвар хамгийн нарийн төвөгтэй ойлголт, ухагдахуунуудыг агуулдаг. Ийм ч учраас гадаад улсуудад дээд шүүхүүд нь бодлогоо барьж, дэргэдээ хиймэл оюуны хороо хүртэл байгуулан ажиллуулж байна. Энэ талбарт Монгол Улсад Болорсофт, Чимэгэ зэрэг эх хэлний загвар хөгжүүлж, түүнд суурилсан платформуудыг амжилттай нэвтрүүлж эхэлсэн. Энэ суурь чадавх биднийг мэргэжлийн хэлний загвар хөгжүүлэх боломжийг нээж буй. ЮНЕСКО-гоос шүүхэд хиймэл оюун ашиглах тухай зааврыг 2025 оны 12 сарын 3-нд баталж, үндсэн 15 зарчмыг тусгаж, шүүхийн байгууллагуудад зориулсан тусгай удирдамж гаргасан байна. Энэчлэн олон улсын туршлага, эрх зүйн асуудлууд, эрсдэл, үр нөлөөг судлан ажиллаж байна. 

- Монгол Улсын дээд шүүх хиймэл оюун нэвтрүүлэх асуудлыг хөгжлийн бодлого төлөвлөлтөд тусгуулах нь шүүхийн салбарт цаг алдахгүй ямар үр дүн гарах вэ?

Монгол Улс хуулийн үндэсний хэлний мэргэжлийн загвар платформоо хэдий эрт, зөв эхэлнэ төдий чинээгээр хожно. Нэгэнт буруу явчихвал засахад бэрх бөгөөд тарамдсан байдлаар их хэмжээний төсөв үрэгдэхэд хүрнэ. УИХ-аар хэлэлцэж буй Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх төлөвлөгөөнд Улсын дээд шүүхээс тусгуулахаар хүргүүлсэн гол ажил. Хийхгүй бол бүх датагаа алдсаар, бусдын боловсруулж өгдөг мэдээллийн эрхшээлд орно. Хиймэл оюун алдаатай бол ямар үр дагавар гарахыг захаас нь харж байна. Шүүх хуулийг хэрэглэдэг бол Улсын дээд шүүх хуулийн нэгдмэл хэрэглээ буюу хуулийг нэг мөр, зөв ойлгон хэрэглэх албан ёсны тайлбарыг гаргах эрх бүхий субьект.

Хууль тогтоогчоос баталсан хуулийн үзэл баримтлал амьдрал дээр шалгагдаад улам боловсронгуй болох тэр уулзвар дээрээс шинжлэх ухаанч хандлагаар боловсруулсан цэгцтэй их өгөгдөлд суурилах учир энэ загвар гарцаагүй үр дүнгээ өгнө. Улсын дээд шүүх үйл ажиллагаандаа хиймэл оюун (AI) нэвтрүүлснээр нэн тэргүүнд шүүхийн практик судалгааны ажлыг хөнгөвчилж, орон тоо, ажлын байр, техник тоног төхөөрөмж зэрэг урсгал төсвийг урт хугацаанд бууруулах тооцоо гарсан. Шүүхийн өгөгдөл бүрэн автомат, найдвартай эх сурвалжтай болж, судалгаанд зарцуулах хугацаа 60-70 хувиар буурна. Удирдлагын түвшний шийдвэр гаргалт илүү шинжлэх ухаанч болж, ачааллын удирдлага оновчтой болно. Алдаа гарах эрсдэл буурч, шүүхийн мэдээллийн аюулгүй байдал өндөр түвшинд баталгаажна гэх зэрэг олон талын эерэг үр нөлөө гарна.

Хэрэв бид хоцорвол үндэсний аюулгүй байдлын асуудал болж хувирах магадлалтай. Манайд хиймэл оюуны ашигласан төслүүд бүгд мэдээллийн баазаа гадагш өгч, боловсруулсан үр дүнг шууд авч ашиглаж байна. Шүүхэд эмзэг болон хаалттай мэдээллийн сан бий. Жишээ нь, хувь хүний хаалттай, эмзэг мэдээллийг гадны систем рүү нийлүүлэх замаар хариулт авч болохгүй. Манайд эрх зүйн орчин тогтоогүй байхад нийгмийн харилцаа нь аль хэдийнээ бий болчихлоо. Өнөөдөр есхөн жилийн дараа гэхэд дэлхий яаж өөрчлөгдөх төсөөллийг ярьж байна. Улсын дээд шүүх шүүн таслах дээд байгууллагын хувьд энэ зорилтыг стратеги төлөвлөгөөндөө тусган баталсан. УИХ-аас 2024 онд батлагдсан “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” баримт бичигт ч тусгагдсан. 

- Улсын Дээд шүүхийн үйл ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлэх ажлын цар хүрээ, шүүхэд болон иргэдэд, улмаар улс оронд ямар ач холбогдолтой вэ? 

Хиймэл оюунд суурилсан шүүхийн мэдээлэл, судалгаа, дүн шинжилгээний нэгдсэн платформыг хөгжүүлснээр шүүхийн шийдвэр гаргалт, судалгааны чанар, бодлого боловсруулах үйл явц болон иргэдэд хүрэх үйлчилгээг шинэ түвшинд гарна. Шүүхийн шийдвэрийн бүтэц, логик, хууль хэрэглээний үндэслэл, хэргүүдийн уялдаа холбоог илүү гүн, нарийн түвшинд таньж боловсруулдаг болно. Ингэснээр нийт шүүхийн үйл ажиллагаа төдийгүй, бусад төрийн байгууллагууд, хуульчид, иргэдэд зориулсан платформууд хөгжихөд суурь дэд бүтэц болно.

Шүүхийн судалгааг олон улсын түвшинд дэмжих зорилгоор дэлхийн тэргүүлэх эрх зүйн платформуудтай холболт хийж, харьцуулан ашиглах боломж ч бүрдэнэ. Шүүхийн хиймэл оюуны системийн аюулгүй байдал, нууцлал, ёс зүйн суурийг олон улсын стандартад нийцүүлэн тогтоож, тогтвортой ажиллагааг хангах нөхцөл бүрднэ. Түүнчлэн шүүхийн AI ашиглалтын үндэсний ёс зүйн бодлого, стандартыг боловсруулах шаардлага ч тулгамдаж буй бөгөөд энэ асуудлууд зэрэг явна. Бид AI тооцооллын сервер, GPU өндөр хүчин чадлын сервер, өндөр хурдны сүлжээ, цахилгаан тэжээлийн хамгаалалтын шийдлийг (UPS) үе шаттайгаар нэвтрүүлж, дэд бүтцийн суурийг бүрдүүлсэн. Гэвч үүнийг өргөтгөх, кластер архитектурт шилжүүлэх шаардлагатай байна. Миний бие “Шүүхэд хиймэл оюун нэвтрүүлэх эрх зүйн асуудал” сэдвээр докторын ажил хамгаалахаар бичиж буй бөгөөд энэ хүрээндээ судлан хоёр нийтлэл бичиж, эрх зүйн сэтгүүлүүдэд нийтлүүлээд байна. 

- Энэхүү хиймэл оюун нэвтрүүлэх суурь чадавх бүрдсэн үү?  Энэ нь боловсон хүчний болон техник, зохион байгуулалт талаас ч амаргүй ажил байх болов уу? 

Яг үнэн. Улсын дээд шүүхэд хэрэгжүүлж буй шинэтгэлийн бодлогын хамгийн чухал хэсэг нь шүүхийн нээлттэй, ил тод байдал, цахимжилт бөгөөд энэ хүрээнд Тамгын газар өнгөрсөн хугацаанд ухаалаг технологиуд буюу дижитал шилжилт хийж, хиймэл оюун нэвтрүүлэх суурийг тавьсан. Дэлхий дахинд технологи эрчимтэй хөгжиж байна. Нэг сайн тал нь өртөг харьцангуй хямдарч, хүн төрөлхтөний хүрсэн түвшингөөс нь бид үр дүнгээ тооцох боломж гарсан.

Техник талаас авч үзвэл шүүхийн шийдвэр, тайлбар, хууль тогтоомж болон бусад эх сурвалжаас өгөгдлийг автоматаар татах, цэвэрлэх, бүтэцжүүлэх, мета өгөгдлөөр баяжуулах, эмбеддинг үүсгэх болон вектор индексийг шинэчлэх өгөгдлийн боловсруулалтын логик, урсгалыг программын түвшинд сайжруулж, төсөөтэй шийдвэрийг зөвхөн түлхүүр үгээр бус, хэрэг маргааны агуулга, хууль хэрэглээ, шийдвэрийн үндэслэл, логикийн төстэй байдлаар илрүүлэх семантик хайлтын логик, эрэмбэлэлт, үр дүн тайлбарлах боломжийг өргөтгөх зэрэг шийдлүүд төлөвлөгдсөн. Саяхан Филиппин улсын Манила хотод болсон шүүхийн аюулгүй байдал, хараат бусын асуудлаарх олон улсын хурлын хүрээнд шүүх эрх мэдлийн салбар дахь кибер аюулгүй байдлын нөхцөл байдлыг авч үзсэн. Монгол Улсын дээд шүүхээс Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, манай Мэдээллийн аюулгүй байдал, технологийн хэлтсийн дарга Б.Энхтөр нар оролцож, илтгэл тавьсан. Манай санал, санаачилгуудыг НҮБ-ийн холбогдох баримт бичигт тусгахаар болсон. Шүүхийн цахимжилтаар тэргүүлэх Сингапур, БНСУ-ын дээд шүүхүүдийн мэдээллийн технологийн төвүүдтэй хамтран ажиллаж эхлээд байна.

- Төслийг хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл, эрсдлийг та бүхэн юу гэж харж байна вэ?

Мэдээж, төсөв санхүүгийн дутагдалтай байдал, түүнээс гадна “салхи зүсэж” буй тул мэдлэг ойлголтыг нэгтгэх, төслийн ач холбогдлыг шаардлагатай түвшинд ойлгуулах, дэмжүүлэх асуудал нэн тэргүүнд тулгамдаж байна. Асуудал нь өөрөө Монголд төдийгүй дэлхий дахинд шинэ тутам байна. Нэн тэргүүнд дотооддоо үүлэн технологид суурилсан хадгалах сан үүсгэх асуудал. Гуравдагч талын нийтийн үүлэн үйлчилгээ(public cloud)-ээс татгалзаж, гаднаас нэвтрэх, мэдээлэл алдах эрсдлийг хаах шаардлагатай гэсэн үг. Нийслэл болон орон нутгийн шүүхүүдийн дийлэнхэд зориулалтын серверийн өрөө, цахилгаан хангамж, хөргөлтийн систем, галын дохиолол, хандалтын хяналт, нөөц тэжээлийн шийдэл зэрэг мэдээллийн технологийн дэд бүтэц хангалтгүй байна. Мөн сервер, хадгалах төхөөрөмж, сүлжээний тоног төхөөрөмжийн хүрэлцээ харилцан адилгүй, зарим тохиолдолд нэг төхөөрөмж дээр олон төрлийн үйлчилгээ ажиллуулж байгаа нь системийн найдвартай ажиллагаа, өгөгдлийн аюулгүй байдалд эрсдэл үүсгэж байна. Шүүхийн байгууллагын мэдээлэл нь иргэн, хуулийн этгээд, байгууллагын эмзэг мэдээлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны материал, нотлох баримт бусад нууцад хамаарах мэдээллийг агуулдаг тул өндөр түвшний хамгаалалт шаарддаг.

- Хэрэв бид хиймэл оюуны хэрэглээг шүүхэд нэвтрүүлэх төсөв хөрөнгийг энэ жил батлуулж чадахгүй бол ямар эрсдэл биднийг хүлээх бол?

Бид ийм удаашралтай, үл итгэсэн байдлаар цааш явах нь олон нийтийн мэдээллийн төөрөгдлийг арилгаж чадахгүй байх. Шүүхийн энэ их ачааллыг бууруулах асуудал, шүүхийн орон тооны дутагдал, техникийн гар ажиллагаа, цаас, цаг хугацаа алдаж буй чирэгдэл бүрэн шийдвэрлэгдэхгүй. Ирээдүйд бий болох бүх платформуудын суурь болох хууль хэрэглээний нэгдмэл байдал, шүүхийн практик судалгаа, мэдээллийн үндсэн модуль, өгөгдлийн санг бий болгож, хамгаалахгүйгээр тус салбарын хөгжлийн бодлогыг ярих боломжгүй. Эцэст нь хэлэхэд, улс орнууд аль хэдийн хиймэл оюуныг хөгжлийн хурдасгуур болгон нийт иргэдийнхээ сайн сайхны төлөө зориулж байгаа энэ үед дэлхий дахины хөгжилтэй хөл нийлэх хөгжлийн том реформыг хууль тогтоогчид соргог харж дэмжинэ гэдэгт итгэж байна.


С.Заяадэлгэр: Монгол Улсын Дээд шүүх “Хууль, Шүүхийн Үндэсний хиймэл оюуны хэлний загвар (llm)” хөгжүүлнэ  
Үзсэн: 84 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй