Шууд Chart

“Монголын төмөр зам” ТӨХК 300 тэрбум төгрөгийн бонд арилжаалжээ

2026-05-14 14:04:34

“Монголын төмөр зам” ТӨХК стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын төслөө санхүүжүүлэх зорилгоор нийт 300 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “MTZ бонд”-ыг дотоодын хөрөнгийн зах зээлээс амжилттай татан төвлөрүүлжээ.

Энэхүү бонд нь Монгол Улсын түүхэнд төрийн өмчит компани анх удаа өөрийн хөрөнгөөр баталгаажуулан гаргасан санхүүгийн хэрэгсэл болж байгаагаараа онцлог юм. “MTZ бонд”-ыг жилийн 17 хувийн хүүтэйгээр хөрөнгө оруулагчдад санал болгож, арилжааг “Тэнгэр Капитал” үнэт цаасны компанитай хамтран зохион байгуулсан байна.

Бондын арилжаа амжилттай болсонтой холбогдуулан “Тэнгэр Капитал” ҮЦК-ийн удирдлагууд өнөөдөр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нартай уулзаж, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэн дурсгалын зүйл гардуулжээ.

Тус санхүүжилтийг Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд зарцуулах юм байна. Мөн цаашид олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас бага хүүтэй, урт хугацааны хөрөнгө оруулалт татах замаар уг бондыг хугацаанаас нь өмнө буцаан худалдан авч, санхүүгийн зардлыг оновчлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа мэдээлжээ.

Энэхүү үйл явдал нь дотоодын хөрөнгийн зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлэх, томоохон дэд бүтцийн төслүүдийг зах зээлийн зарчмаар санхүүжүүлэх шинэ гарцыг нээсэн ач холбогдолтой алхам болж байна.


“Монголын төмөр зам” ТӨХК 300 тэрбум төгрөгийн бонд арилжаалжээ  
Үзсэн: 73 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй