Шууд Chart

“Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх төсөл”-ийн зохицуулах хорооны хурал боллоо

2026-05-14 17:21:25

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, ЖАЙКА, Мэдээлэл технологийн үндэсний парк болон холбогдох байгууллагууд хамтран “Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх төсөл”-ийн зохицуулах хорооны анхдугаар хурлыг өнөөдөр /2026.05.14/ зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газраас мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс”-ийг байгуулж, бүртгэлийг 2026 оны нэгдүгээр сараас эхлүүлснийг дурдав.

Тэрбээр мөн Монгол Улс НҮБ-аас гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр 2024 онд 193 орноос 46 дугаар байрт эрэмбэлэгдсэн сайн үзүүлэлттэй байгаа ч цаашид инновацын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн гарааны бизнесийн экосистемийг бүхэлд нь хөгжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Хуралдаанаар ЖАЙКА олон улсын байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй “Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх төсөл”-ийн зорилго, төлөвлөгөө, хамтын ажиллагааны чиглэл болон мониторингийн үзүүлэлтүүдийн талаар хэлэлцэж, санал солилцсон байна.

Уг төсөл нь Монгол Улсын ICT салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

Арга хэмжээний үеэр ЖАЙКА байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Иноүэ Юкигээс төслийн талаар тодрууллаа.

Тэрбээр “Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбар Монгол Улсад орон зайнаас үл хамааран хөгжих бүрэн боломжтой. Тиймээс энэ салбарын хууль эрх зүй, бодлогын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, хувийн хэвшлүүдийг дэлхийн зах зээлд нэвтрэх боломжийг нээх, дотоодын гарааны бизнесийн тогтолцоог бэхжүүлэх зэрэг Японы сайн жишгийг Монголд нэвтрүүлэхээр төслийг эхлүүлсэн.

Төсөл 2026-2029 онд хэрэгжиж дууссаны дараа мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт төр-хувийн хэвшил-шинжлэх ухааны байгууллагуудын хамтарсан хөгжлийн тогтолцоо бий болж үлдэнэ гэсэн хүлээлттэй байна” гэлээ.


“Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх төсөл”-ийн зохицуулах хорооны хурал боллоо  
Үзсэн: 64 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй