Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр хуралдаж, ахмад настнуудаас ирүүлсэн тэтгэвэр, тэтгэмж тогтоох цалингийн итгэлцүүртэй холбоотой өргөдөл, гомдлыг судалсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.
Ахмад настнуудын зүгээс Засгийн газар 2023 онд тэтгэвэр тогтоох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн батлахдаа тэтгэвэрт гарсан хугацаанаас хамааран ялгаатай тогтоосноос зарим иргэний тэтгэврийн хэмжээ нэмэгдээгүй, заримынх нь тэтгэвэр буурсан гэж үзэн Өргөдлийн байнгын хороонд хандсан байна.
Тэд цалингийн итгэлцүүрийг жил бүр шинэчлэн батлаагүй, 2014 оноос хойш есөн жилийн дараа буюу 2023 онд шинэчилснээс тэтгэврийн хэмжээний зөрүү үүссэн гэжээ. Ялангуяа 2013 оноос өмнө нийгмийн даатгалын шимтгэлээ өндөр цалингаас тасралтгүй төлж байсан ч анх тэтгэвэр тогтоолгохдоо бодит цалингаа хязгаарлуулсан ахмадуудын тэтгэвэр шударгаар нэмэгдээгүй гэж үзэж байна.
Энэ асуудлыг судлах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Замира, Л.Мөнхбаясгалан, Б.Пунсалмаа, О.Саранчулуун, С.Эрдэнэбат нар ажиллажээ. Ажлын хэсэг ахмад настнуудын өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг үндэслэлтэй гэж үзсэн байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тооцоогоор тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг нэмэгдүүлэхэд хэд хэдэн хувилбар гарчээ. Тухайлбал, 2013 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгогчдын хувьд уг дээд хэмжээг 1,404,000 төгрөгөөс 1,920,000 төгрөг болговол 119.3 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 135.8 мянган төгрөгөөр нэмэгдэж, 194.5 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр шаардагдах тооцоо гарсан байна.
Харин 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд тэтгэвэр тогтоолгосон иргэдийн дээд хэмжээг 2,400,000 төгрөг болговол 141 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 192 мянган төгрөгөөр нэмэгдэж, 325.4 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцжээ. Мөн уг хэмжээг 3,200,000 төгрөг болговол 153 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 256 мянган төгрөгөөр нэмэгдэж, 472 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр хэрэгтэй болох аж.
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун танилцуулсан бөгөөд төстэй ажил мэргэжлээр ойролцоо хугацаанд ажиллаж, шимтгэл төлсөн иргэдийн тэтгэврийн хэмжээ тэтгэвэрт гарсан оноосоо шалтгаалан ихээхэн зөрүүтэй байгааг ойртуулах шаардлагатай гэж үзжээ.
Иймд тэтгэвэр бодох цалингийн дээд хэмжээг 2,400,000 төгрөгөөр тогтооход шаардагдах 325.4 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсөвт тусгах, 2026 оны төсвийг тодотгох тохиолдолд тодорхой хэсгийг шийдвэрлэх санал гаргасан байна. Мөн эхний ээлжинд багаар тогтоолгосон ахмадын тэтгэврийн индексжүүлээгүй хугацааны алдагдлыг нөхөж олгох асуудлыг судлах шаардлагатай гэж үзжээ.
Түүнчлэн ахмад настны гол нэрийн барааны сагсыг шинэчлэх, итгэлцүүр тооцох аргачлалыг нарийвчлан боловсруулж олон нийтийн оролцоотой шийдвэрлэх, ирээдүйд тэтгэвэр тогтоолгох иргэдийг мэдээллээр хангах, тэтгэврийн олон давхаргат тогтолцоог хөгжүүлэх, одоо мөрдөж буй хууль тогтоомжийн хийдлийг арилгах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг ажлын хэсэг дүгнэсэн байна.
Хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар ажлын хэсгийн дүгнэлтийг хэт ерөнхий, тодорхойгүй байна гэж шүүмжилж, асуудлыг шийдвэрлэх тодорхой санал боловсруулж батлуулах, нийгмийн даатгал төлөгчдийн саналыг сонсож зөвлөлдөх ёстой гэв.
Харин Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг тэтгэврийн зөрүүг арилгахад шаардагдах зардал, санхүүжилтийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд тусгахаас эхлэх шаардлагатайг онцоллоо. Мөн тэтгэвэр тооцох аргачлал дахь шударга бус, хангалтгүй байдлыг арилгах бодлого, үзэл баримтлалыг холбогдох талуудад нэг мөр ойлгуулж, улстөржилтөөс ангид ажиллахыг зөвлөжээ.
| Тэтгэврийн зөрүүг арилгахад 325.4 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзжээ | ||
| Үзсэн: 137 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.