Шууд Chart

Бид маргаашдаа өргүй!

2016-01-04 16:02:55

‪Өндөр хөгжилтэй Япон хэмээх оронд суралцахаар анх ирэхдээ бишгүй л олон зүйлийг гайхан биширч ирсэн. Тэр дундаас нэгэн зүйлийг одоог хүртэл ил болон далд шагшин магтдагийн нэг нь яах аргагүй цаг ашиглалтын гайхамшиг юм. Хүн бүрт эрх тэгш олгогддог хоногийн 24 цагийг тэд 48 цаг мэт үржүүлэн үр дүнтэй ашигладаг. Бүх зүйлс цагтаа эхлэнэ бас цагтаа дуусна. Хүлээх гэсэн ойлголт зөвхөн ямар нэгэн дэлгүүрийн кассанд бараагаа бичүүлэхээр хүлээн зогсох аль эсвэл болзсон газартаа түрүүлэн ирэх гэсэн цөөхөн хэдхэн шалтгаантай.

Та бидний төдийлөн эмзэглэдэггүй эсвэл орчиндоо дасаад анзаардаггүй болчихсон хүлээлт гэдэг зүйл бидний "өнөөдөр" гэдэг цор ганц өдрийн алт шиг үнэтэй цаг минутыг сорсоор байгаа нь маргашгүй үнэн билээ.

Бид ирээдүй, хөгжил дэвшил хэмээн ярихаасаа өмнө энгийн гэж хэлж болмоор цагийн юмыг цагт нь гэдэг зуршлыг юуны өмнө өөртөө хэвшүүлэх хэрэгтэй юм болов уу?

9:00-д уулзах гэдэг нь 9:00-с гэрээсээ гарна гэсэн үг биш!

Япончууд 9:00 цагаас уулзалттай бол дор хаяж 10 минутын өмнө уулзах газраа бэлэн болоод намайг хүлээж байна. Гэр нь хурдны галт тэргээр 2 цаг зарцуулан ирэх хол зайтай байна уу? үгүй юу? гэдгийг үл харгалзан тэд цагаасаа өмнө гозойж л байдаг. Нэгэн жишээ дурдахад, 1960 оноос эхлэн Японы NHK телевиз нийт хүн амынхаа дунд 5 жил тутамд “Ард түмний цаг зарцуулалт” хэмээх судалгааг авж эхлээд аль хэдийн 40 гаруй жилийн нүүрийг үзэж байна. 11 дэх удаагийн тус судалгаанд 2010 оны байдлаар 7200 гаруй хүмүүс оролцсон бөгөөд хичээл болон ажилдаа ирэх очих дундаж цаг нь 1 цаг 16 минут гэсэн үзүүлэлт гарсан байна.

Монголын нийгмийн хувьд үзвэр үйлчилгээнүүд маань дор хаяж 30 минут хоцорч эхэлдэг учраас үзэгчид маань цагаа барьдаггүй юм болов уу? эсвэл үзэгчид цагаа барьдаггүй болохоор үзвэр үйлчилгээ тэрийг нь мэдээд хоцорч эхэлдэг юм болов уу?

Өөрийгөө болон бусдыг хүндэтгэе.

Япончууд аливаа ажлыг тулгаж хийх туйлын дургүй мөн хүнд төвөг удахгүй гэж их хичээдэг ард түмэн. Энэ ч утгаараа хийх ажлаа хэдэн хэсэгт хуваан нөгөө хүнийхээ боломж бололцоонд тааруулан эртнээс төлөвлөн хийж эхэлдэг. Энэ нь нэг талаараа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн үнэтэй цагийг нь дэмий үрэхгүй гэсэн туйлын авууштай зан чанар юм.

Гэтэл манай д аливаа зүйлсэд бага зэрэг хэнэггүй хандах гээд байдаг зантай. 10 минут хоцроод очиход өөдөөс нь хоцорлоо гэж хэлбэл эсэргээрээ уурлаж мэдэх улс. Цагаа барих, цагаа төлөвлөх гэдэг нь өөрийгөө болон бусдыг хүндэтгэж буй энгийн хүндэтгэл учраас ажлаа эртнээс төлөвлөн мөн цагаа барьцгаая хэмээн уриалмаар байна.

Мэдээж цагаа барих үгүй нь хувь хүний асуудал болов ч манай орны хувьд цаг барих гэсэн асуудал нь хувь хүний асуудлын цар хүрээнээс хэдийн халин нийгмийн асуудлын хэмжээнд хүртлээ өргөжсөөр байна. Өдөр бүр цагтаа уралдан эсвэл цагт ялагдан хоцролт гэсэн дөнгө хөлөндөө зүүчихээд бид хөгжиж дэвших талаар ярих нь утгагүй. Төсөөл дөө, зөвхөн цагтаа ирснээр уулзаж чадах байсан хүмүүс, хүртэж чадах байсан боломжоо алдсаар байгаа гээд… Тиймээс хувь хүн бүр дор дорноо ухамсартай хандан өөрийгөө болон бусдыг хүндэтгэн тэмдэглэлийн дэвтрийг хэрэглэж сурах хэрэгтэй юм болов уу?

Цагийг үр дүнтэй ашиглах - Тэмдэглэлийн дэвтэр

Японд календартай тэмдэглэлийн дэвтэргүй хүнийг та бараг хайгаад олохгүй биз. Хүн бүр өөрийн гэсэн тэмдэглэлийн дэвтэртэй ба тэрэн дээрээ бүх ажил төрлөө төлөвлөн бичдэг. Тэмдэглэлийн дэвтэр гэдэг бол өөрөө Японд маш том соёл болон хэвшин тогтсон бөгөөд оны сүүл болон 3 сард бичиг хэргийн дэлгүүрт тэмдэглэлийн дэвтэр хайж буй олон олон залуусыг та харж чадна.

Тэмдэглэлийн дэвтэр тогтмол ашиглахын давуу тал:
Хийх ажлаа төлөвлөнө. Цагийг Хэмнэнэ.
Ажлаа мартана гэж айлтгүй.
Төлөвлөгөөний дагуу хийсэн ажлаа улаан өнгийн балаар дарах үеийн аз жаргалтай мэдрэмжийг мэдэрнэ.
Зурагт жирийн ахлах сургуулийн хүүхдийн тэмдэглэлийн дэвтрийг харууллаа.

НЭГ өнөөдөр ХОЁР маргаашаас үнэтэй учраас ажлаа эхлээд бага багаар төлөвлө, дараа нь төлөвлөснийхөө дагуу өнөөдөртөө багтаан дуусга. Битгий “Маргааш”-даа өр тавь. Аливаа ажлыг хойшлуулах тусам ажлын бүтээмж багасдаг учраас за гялс одоохон дуусгачихъя гэдэг эерэг үгийг өөрөөсөө гаргацгаая.

Бид маргаашдаа өртэй биш!

Т.Лхагвазаяа
Токиогийн Олон Улсын Их Сургууль


Бид маргаашдаа өргүй!  
Үзсэн: 420 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй