2026-2027 оны хичээлийн шинэ жил өнөөдөр орон даяар эхэллээ. Улаанбаатар хотод 540 орчим мянган хүүхэд цэцэрлэг, сургуульд хамрагдаж байна.
Энэ онд нийслэлд 12 сургууль, цэцэрлэгийг шинээр барьж, 940 хүүхэд цэцэрлэгт, 4100 сурагч шинэ сургуульдаа явж байна.
“Гэрт ойр сургууль” бодлогын хүрээнд 21 сургуулийг шинээр байгуулж, 8739 хүүхэд суралцана.
Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдавга болон холбогдох албаныхан Гачуурт дахь нийслэлийн ерөнхий боловсролын 85 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдавга “1962 онд байгуулсан Улаанбаатар хотын ууган сургуулиудын нэг НЕБ-ын 85 дугаар сургуулийнхандаа хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэе. Өнөөдөр Улаанбаатар хотод 534 мянган хүүхэд цэцэрлэг, сургуульдаа явж байна. Улаанбаатар хотын иргэдийн 3 хүн тутмын нэг нь хүүхэд гэсэн үг. Тиймээс хүүхдэд ээлтэй хот хүн бүрд ээлтэй хот байх юм. Нийслэлээс “Сургууль хүртэлх зам” төслөөр сургууль орчмын гарц, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулах байгууламжийг шинэчилж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Хүүхдийн авьяас, сонирхлыг нээж хөгжүүлэх “Хүүхдийн ордон II”-ыг байгуулж байгаа.
1962 онд байгуулсан нийслэлийн ерөнхий боловсролын 85 дугаар сургуулийг 2017 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэж холбогдох хяналтын байгууллагууд дүгнэсэн байна. Энэ хичээлийн шинэ жилд нь зориулаад 2027 оны зун 85 дугаар сургуулийн барилгыг шинэчилж өгнө гэдгийг хэлье. Хүүхэд бүр боловсролтой, хотдоо хайртай, бие биеэ хүндэлдэг сайн иргэн болоорой” гэлээ.
Энэ хичээлийн жилд бага ангийн 188 мянган сурагчийг “Сүү” хөтөлбөрт хамруулж, долоо хоногт гурван удаа D аминдэмээр баяжуулсан сүүгээр үйлчилнэ. Цаашид сургууль хэрэгцээтэй байршлуудад нийт 70 мянган суудалтай 84 шинэ сургууль барихаар төлөвлөж байна.

Г.Жаргалсайхан: Улаанбаатарт гэрт ойр 21 сургуулийг шинээр байгуулж, 8739 хүүхэд суралцана
Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан “2026-2027 оны хичээлийн шинэ жилд нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын 930 байгууллагад нийт 540 орчим мянган хүүхэд суралцахад бэлэн болоод өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байна.
Баянзүрх дүүргийн 20, 33 дугаар хорооны сурагчид хичээллэдэг нийслэлийн ууган сургуулиудын нэг болох 85 дугаар сургуульд ирж ажиллаж байна. Тус сургууль нь нийслэлд 12 байдаг дотуур байртай сургуулиудын нэг бөгөөд малчин өрхийн хүүхдүүд суралцдаг онцлогтой.
Гачууртын Хуандайн ам, Шар хоолой болон бусад алслагдсан газар, 20 гаруй километрийн цаанаас хүүхдүүд хичээлдээ явдаг. Нийслэл энэ жил хүүхдүүдийг гэртээ ойрхон сургуультай болгох "Гэртээ ойр сургууль" төслийг 21 байршилд хэрэгжүүлж байна. Хүүхэд бүрийг тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмшүүлэх бодлогын хүрээнд бүх үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байна” гэв.










| Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ | ||
| Үзсэн: 29 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.