Өвөө шиг минь дотно санагдах. Нөмөр дулаан нэг л эрхэм бодогдох. Цэмцийтэл алхаж явахыг нь хараад өөрийн эрхгүй баярлан түүнд духаа өгөн үнэрлүүлэх нь надад сайхан.
Ганцхан миний сэтгэл зүрхэнд бус хилчдийн сэтгэлийн хүндэтгэлийн хойморт данагар гэгч нь тухлах эрхэм хурандаа Г.Хүүжийгийн тухай миний бие өгүүлж байгаа нь энэ билээ. Хүүжий гуайнд саяхны нэгэн өдөр миний бие айлчиллаа. Зочны гэхээсээ илүүтэйгээр буурлыгаа өвчтэй сургаар эргэх хүсэл өвөрлөсөн ч гэж болно. Гуравдугаар сургуулийн буудал дээр буун тэвхийтэл алхахыг олонтаа харж байсан ч гэр нь яг хаана байдгийг мэддэггүй байж. Хуучны байрнуудыг нэг болох орон сууцны гурван давхарт гаран шатны дэргэдэх хаалгыг тогшвол хурандаа үүдээ нээлээ. Үргэлж л албаны хувцастай явдаг хурандаа маань ноолууран цамц, биеийн тамирын өмд өмсчээ. “Өө олоод ирсэн үү” гэсээр зочны өрөөндөө тухлахыг урив. Харин гал тогооны өрөөнөөс гэрийн эзэгтэй хүн ирсэн сургаар миний цамцыг дөхүүлээд өгөөч гэх нь сонсогдоно. Харин хэлсэн цамцыг нь дөхүүлэх гэж хөгшин хэсэгтээ л будилав бололтой хоёр ч эргэж буцах нь нөгөө өрөөнөөс дуулдана. Буурлуудын өргөө гэр их сайхан тохижилттой аж. Гэрийн хойморт хуучны орос мебель шүүгээн дээр бурхан тахил, Алтан-Овоо, Очирвааны хайрхадын уран зураг харагдах бол дотор талд нь элдэв олон янз жүнз, шаазан сав басхүү сувинерүүд ч харагдана. Гэрийн хананд гэр бүлийнхний цэрэг хувцастай зургууд байх юм. Цэргийн айлд ирсний баталгаа гэлтэй дурсгалын сэлэм ч сүртэй гэгч нь өлгөөстэй харагдана. Харин ширээн дээр эм, нүдний дусаалга, сэтгүүл байх нь хоёр хөгшний гарын үзүүрт хэрэглэгддэг зүйлс бололтой. Г.Хүүжий хурандаа хамгийн түрүүнд, “За ерөнхий газраар юу байна?” гэх нь хэдэн өдөр ажилдаа очоогүй тэрбээр сонин сайхан надаас дуулах гэсэн бололтой. Би ч нам гүмхэн байгааг дуулгаж ажил руугаа яарсан сэтгэлийг нь тайвшруулав.
Ингэхэд гэрийн эзэгтэйг С.Янжмаа гэдэг. Гал тогооны өрөөнөөсөө Янжмаа эгч сүүтэй цай, тавагтай чихэр барьсаар орж ирэв. Мэнд мэдэнгээ эгчид авчирсан сүүгээ өглөө. Сар шинийн сонин хараахан хуучраагүй тул хэр их хөлд дарагдсаныг сураглавал ёстой л хоёр хөгшин толгой зэрэг сэгсрэв. Олны хөлөөр ханиад шүргэж сүүлдээ эм тарианд ороод байгаа тухай Янжмаа эгч үргэлжлүүлэн ярив. Хүүжий гуай энэ жил нас сүүдэр 82 хүрч буй. Тиймээс чих тааруухан дуулах болсон тул хоёр чихэндээ сонсголын аппарат зүүж “гангарсан”гэдгээ бидэнд үзүүлэв. Өнөөх нь байсхийгээд л шуугих юм. 14 хоноод гайгүй болдог гэж эмч хэлжээ. Айлд ирсэн хүний ёсоор цай ууж, идээ амсаад алба ярихгүй ерөөсөө л танай гэртэй танилцмаар байна гэж өөрийн хүсэлтээ уламжлав. Хүүжий хурандаа ч, “За Алтаа минь намайг Хязгаарын цэрэгт нохой нь хүртэл мэднэ. Би юугаа ярихав. 27 жил цэргийн явлаа. Манай хөгшинд л анхаарал хандуул. Олон жил арын албыг минь залгуулсан хүн байгаа юм. Цаагуураа явж ямар байгаа дураараа бол” гэж зөвшөөрөл олгосон тул өрөө хэсэх ажилдаа би орохоор өндийв. Хурандаа ч хэзээний л ёжтой хөгжүүн янзаараа, “За тэгвэл энэ хамтын эзэмшлийн газраас гарч миний эзэмшлийн газарт орох уу даа” гэсээр зочны өрөөнөөсөө дагуулан гарав.
ӨРГӨӨ ГЭР НЬ ТЭР ЧИГТЭЭ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ
Хоёр буурал 1987 оноос хойш энэ байрандаа амьдарч буй. Тиймээс ч ээнэгшин дасчээ. “Манай энэ байр уужим саруулхан сайхан л даа. Машины чимээ шуугиан орох нь ч бага байдаг юм” гэсээр хурандаа хамгийн түрүүнд өөрийн өрөөгөө сонирхууллаа. Би ч танд ховор нандин юу байна гэсэн нь энэ өрөө лүү хөтөлсөн бололтой. Жижигхэн ч гэлээ энэ өрөөнд нэг хүний ор тавьж номын шүүгээнүүд дүүрэн өрсөн харагдана. Өргөмжлөл, диплом, дурсамж зэрэг ч олон аж. Хурандаа өөрийн бичиг цаасаа багасгах бодлого сүүлийн үед барьж байгаа гэнэ. Тиймээс ч заримыг нь архивт хүлээлгэн өгөх, музейд хадгалуулах, бүр устгах ажилд оржээ. Дандаа дурсгалын гарын үсэгтэй номнууд байдаг тул басхүү хаяж төвдөхгүй хадгалаад байдаг аж. Нутгийн хайрхан Дэлгэрхааны зураг түүний бичгийн ширээний тавцан дээр харагдана. Ажлын ширээн дээр нь харин ойрын үед ашиглаж байсан бололтой “Орос-Монгол толь бичиг”, “Цэргийн урлагийн түүх” мөн тэмдэглэлийн дэвтэр байх бөгөөд хурандаа гэрэл зургийн цомог гаргаж ирэнгээ, “Сонирхох юм байна уу даа энэ мэт бичиг цаас, зураг сэлт тамтаггүй олон” гэж тээршаах маягтай хаялав. Түүний гэрэл зураг бүхэн харин түүх өгүүлнэ. Гурван улсын хилийн уулзвар тогтоох ажлын хэсгийнхэн, дээд тоо бодож буй цэмцгэр залуу сонсогчийн зураг, хилчин явсан үеийн дурсгалтай агшнууд гээд сайхан зургуудыг нь үзээд л баймаар аж.
Номын тавиур дээр 31 дүгээр отрядын хамт олны зүгээс дурсгасан Лениний чулуун чээж баримал харагдах нь содон. “Лениний хөшөөгөө манайхан авч хаяж байхад би гэртээ тахин шүтээд байгаа тэрслүү нөхөрдөө” гэж өөрийгөө энэ зуурт буурал маань ёжлон инээв. Орос хэл дээр бичигдсэн “Мянга нэгэн шөний үлгэр” номын найман боть, “Уран зохиолын дээжис” цувралаар, “Зүрхний хилэн” роман номын санд харагдах нь цаанаа л нэг нүнжигтэй сайхан. Лениний мэндэлсний 100 жилийн ой тохиож түүний бүтээлээр оюутнуудын дунд уралдаан зарлахад сонсогч Хүүжий оролцож бүх холбоотны уралдаанд шалгаран дипломоор шагнуулсан байна. Хүрэн бор хавтастай диплом ийм түүх өгүүлэн байхын зэрэгцээ нас сүүдэр 60 хүрлээ хэмээн баяр хүргэж ОХУ-ын Гадаад явдлын яамнаас дурсгалын бичиг хадгалуулсныг ч үзэв. Их хурлын депутатаар сонгогдож явсан үеийн үнэмлэх бичиг, Эрдэнэтийн зэсийн анхны дээжээ бидэнд сонирхуулах гэсэн ч хүү Өрнөх нь авч явсан бололтой гээд буурал маань эрээд олсонгүй.
Гэрийн коридорт эрт цагийн эд болох хүрэн бор авдар харагдах нь нүнжигтэй. Хурандаа айл гэр болж нийлэхдээ энэ хүрэн авдартай ирсэн гэнэ. Хуучны цагийн эд бүхэн аргагүй л хараа булаах аж. Эднийд ч ийм эдлэл хэрэглэл цөөнгүй юм. Нөгөө нэг жижиг өрөөнд орлоо. Ширээн дээр компьютер байх ч хурандаа элэгний хагалгаанд орсон цагаасаа хойш ашиглахаа байсан гэнэ. Мөн өрөөний хананд 1960-аад оны үед орос зураачаар 10 рубль өгч зуруулсан гэх ээж аавынх нь хөрөг тун чиг сайхнаараа үзэгдэнэ. Мөн Халхын таван өндөр гэх уулын зургийг хаджээ. Өрж тавьсан чёмоданууд дунд цэргийн холбооны модон хайрцаг харагдахаар нь юу байгааг асуувал дандаа хог байгаа гэсээр хурандаа мөн л үзүүлэхээр ухлаа. Нууцалсан дэвтэр, янз бүрийн үнэмлэх, нандин чамин хийцтэй харваас цагтаа үнэтэй байсан болов уу гэмээр сэмэрсэн хавтас сэлт байв.
Шарласан бичгийн цаасны зах цухуйх нь “...Хилийн ба Дотоодын цэргийн бүх эвлэлийн байгууллагуудын дотроос...” гэж уншигдав. Гэрийн эзэгтэй цэцэг тарих дуртай бололтой. Өрөөний хана болоод ширээн дээр олон цэцэгс ярайж сайхан ч ургасан харагдав. Хаалган дээр ач охин нь “Мишээл зурав” гэсэн өөрийн тамга тэмдэг бүхий янз бүрийн уран зургууд зурсанаа хаджээ. Хоёр хөгшин ганц хүүгээ мэргэжил боловсрол өндөр нэгэн болгон өсгөж хүмүүжүүлсэндээ бахархаж явдаг нь ярианаас нь мэдрэгдэнэ. Хоёр ачдаа ч хайртай гэж жигтэйхэн. Ер нь эдний өрөө бүр өөрийн гэсэн түүх хүүрнэх мэт. Ингээд Янжмаа эгчийн гал тогооны өрөөгөөр ч зочлон саатав.
ГАНГАН ХҮҮЖИЙГИЙН ТҮШИГТ ХАНЬ
Ханиа дагаж 30 гаруй жил цэргийн хүний гэргий, хилчний амьдралаар амьдарсан түшигт ханьтай нь танилцах хүсэл өвөртөлсөн түүнтэй бүсгүйчүүдийн ёсоор ярилцан хэсэг суув. Үрээ алдсан эхийн сэтгэлийн гачланг, ханиараа бахархах аз жаргалыг, ажил үйлсдээ гялалзуур ажилсаг хичээнгүй бүсгүй явсныг нь би түүний ярианаас өөрийн эрхгүй мэдэрч суув. Санхүү эдийн засгийн дээд мэргэжилтэй тэрбээр Завхан аймгийн Шилүүстэй сумын хүн. Бага залуу насандаа хот хүрээ бараадахаар шунаглан дурласан нь Хөвсгөл нутгийн хархүүтэй учрах гэсэн тавилан байсан биз ээ хэмээн өнөө ярьж сууна.
Хил гэж мэдэхгүй, хэргэм цол ялгахгүй бүсгүй хурандааг дагаад Алтан-Овоо, Шилийн богд, Хавиргын боомтоор долоон жил ажиллаж, амьдарсан нь хилчний амьдралын эхлэл байжээ. Холбоочин, нууцын эрхлэгч зэрэг хариуцлагатай албыг хашин улмаар туршлагажиж хэзээний хилчин бүсгүй болж. Улмаар тухайн үеийн Хангах батальоны няраваар 13 жил ажиллан тэтгэвэртээ ахлах ахлагч цолтойгоор гарсан байна.
Би түүнтэй ийнхүү ярилцаж байхдаа ханийх нь тухай асуув. “Манай өвгөн уурлахыг мэдэхгүй дөлгөөн хүн байгаа юм. Сайн ханийн буянд эгч нь жаргаж явна. Нас өндөр болж байгаа учир ханьтайгаа хэдэн жил ч болтугай хамтдаа амьдарчих юмсан гэж хүсдэг. Гадаа гарч эр, гэрт орж эм хүн болж явсаар нэг л мэдэхэд би ч өөрөө нас аль хэдийнэ нас 70 гарлаа. Тиймээс заримдаа түүртэж ядрах юм. Эгч нь төрөлхийн хөдөлгөөнтэй, ажилсаг хүн. Ханиа унжгар явуулахыг би хүсдэггүй. Отрядын дарга хүн ямар байх ёстой, олны дунд биеэ яаж авч явах ёстой энэ бүхний цаана нь би хэлж хийж ирсэн. Хүнтэй ажиллахдаа манай хүн гаргуун. Харин яг үнэнийг хэлэхэд гэрт бол хумсын чинээ ажил хийдэггүй хүн байгаа юм. Би өвгөндөө өглөө бүр мод түлж гал дээр цай чанаж өгдөг. Мэдээж ханьдаа хайртай. Одоо ч хайрласаар, халамжилсаар явна.
Манай энэ угаас гэдгэр нуруутай хүн. Шинель үнэн сайхан зохидог байлаа. Одоо ч 80 гарсан өвгөн гэхэд атийж бөхтийгөөгүй байгаа биз. Би энэ хүнд хиртэй хувцас нэг ч өдөр өмсгөж үзээгүй. Хилийн цэрэгтээ Цэдэн-Иш гуайн дараа орж буй амьд түүх болсон хүн шүү дээ гэж дотроо бодож явдаг. Намайг өдийг хүртэл жаргаасаар ирсэн ханьдаа баярлаж, олонд нэр хүндтэй явсаар ирсэнд нь бахархдаг. Ер нь эр хүний түшиг тулгуур нь бүсгүй хүн шүү дээ” гэлээ. Ганган Хүүжий хэмээн хилчдийн дунд яригдсаар ирсэн энэ нэрийн цаана бүсгүй хүний нөр их сэтгэл, хөдөлмөр шингэж байсныг би дотроо ойлгож суув.
Ийнхүү хөөрөлдөх зуурт Хүүжий гуай нөгөө өрөөнөөс орж ирлээ. Янжмаа эгч наад хүний чинь сэтгэлийн үгийг би ч гэсэн нэг дуулмаар байна гэж хажуугаас сэм хэлсэн тул бид хуйвалдан хурандаагаас эгчийн тухай сэтгэгдлийг сонсохыг хүслээ.
“Сайн хань учраас л ханилаад энэ олон жил болно биз дээ. Муу хань байсан бол аль хэдийнэ хоёр тийшээ салчихсан байх биз. Манай хүн хувийн амьдралаа энэ олон жил сайн залгуулж сайхан авч явсан. Энэ олон жилд би нэг кг мах ч гэртээ аваагүй болов уу. Үр хүүхдээ ч сайн өсгөж хүмүүжүүлсэн. Хүний амьдрал хосоор амьдрах жамтай. Хорхой шавж, жигүүртэн шувууд хүртэл хосоор амьдардаг шүү дээ. Хоёул зууралдсаар хамтдаа өтлөх сайхан л байдаг юм байна. Одоо хоёр биенээсээ холдох дургүй болж. Жаахан л оройтох юм бол хаана явна гэж эрж сурна шүү дээ. Хамт ажиллаж байсан олон дарга, офицер, байлдагч нарын хүчинд бид муу явсангүй. Одоо ч бидэн хоёр дутагдах зүйлгүй сайхан амьдарч байна. Өвчин л ээрэхгүй бол зовох юм алга. Үүнээс илүү юу хүсэх билээ” гэж даруухнаар өгүүлэв.
Ийнхүү ярилцах зууртаа тэдний гэр бүлд тохиолдож байсан азтай, дурсгалтай үйл явдлуудаас ярилцаж хууч хөөрөв. Сониуч зан хөдлөөд хойморын хуучны шүүгээг нэгжих санал дэвшүүлбэл хурандаа хуучны цаг гаргаж ирэв. Чойбалсан хотод байсан Зөвлөлтийн мотобуудлагын дивизийн орлогч дарга, ЗХУ-ын баатар, хурандаа Соколенко Ф.Ф дурсгасан танкан цаг гэгч гэнэ. Тэртээ 1985 онд түүнд дурсгасан аж. Мөн нэгэн дурсгалын сүх бүхий сувенир байх нь Читын тойргийн командлагчийн түүнд дурсгасан эд гэнэ. Хурандаагийн хэлснээр энэ мэт аар саар зүйл ёстой зөндөө аж. Тэр аар саар бүхэн нь надад харин тун сонирхолтой түүх хүүрнэх нь сонин. Хоёр хөгшнийг удтал чилээж төвдсөнгүй. Амрах цагийг нь бодон хүндэтгэлтэйгээр үдүүлэн гарав. Та хоёртоо урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг нийт хилчдийнхээ өмнөөс өргөе.
Дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ
Эх сурвалж: bpo.gov.mn
| Өвөө шиг минь дотно санагдах эрхэм буурлынд | ||
| Үзсэн: 873 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.