УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2026 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга танилцуулжээ.
Тэрбээр уг хуулийн төсөлд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, байршил, хүчин чадлыг харгалзан төслүүдийг гурван зэрэглэлд ангилах, үнэлгээний тайланд дүн шинжилгээ хийх ерөнхий шинжээчийн эрхийг төрийн байгууллага олгох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтыг тусгасан гэдгийг онцолсон байна.
Мөн төслийн хүрээнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланг орон нутгийн иргэдэд танилцуулж, санал авах, холбогдох шийдвэр гаргах хугацааг тодорхой болгох зэрэг өөрчлөлтүүдийг тусгажээ. Хуулийг 2026 оны наймдугаар сарын 1-нээс мөрдөхөөр төлөвлөсөн байна.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд төслүүдийг ангилах шалгуур, төрийн оролцоо, уул уурхайн компаниудын нөхөн сэргээлт, химийн хог хаягдлын зохицуулалтын талаар асуулт, байр сууриа илэрхийлсэн байна.
Ингээд хуулийн төсөлтэй холбоотой нийт 14 зарчмын зөрүүтэй саналд санал хураалт явуулахад ажлын хэсгээс гаргасан 10 саналыг дэмжиж, бусдыг нь дэмжээгүй байна. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Хуралдаанаар мөн ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянгаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулахыг гишүүдийн олонх дэмжжээ.
Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэх үеэр МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн байна. Харин АН-ын бүлгээс уг асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаснаар хэлэлцүүлгийг түр хойшлуулжээ.
| Байгаль орчны үнэлгээний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв | ||
| Үзсэн: 90 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.