Шууд Chart

Ялгаатай хэрэгцээт хүүхдүүдийн боловсролд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг онцлов

2026-04-29 07:38:30

Боловсролын сайд Л.Энх-Амгалан ялгаатай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан боловсрол, хөдөлмөр заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэг, сургуулийн удирдлагууд болон дэмжих үйлчилгээ үзүүлдэг байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын үеэр ялгаатай хэрэгцээт хүүхдүүдийн бие бялдрын, мэдрэхүйн, сэтгэл санааны, зан авирын болон суралцах онцлогт тохирсон боловсролыг чанартай, хүртээмжтэй хүргэхийн тулд багш, эцэг эх, асран хамгаалагчдын санал хүсэлтийг тогтмол сонсож, хамтран ажиллах шаардлагатайг онцолсон байна.

Мөн төсөв, санхүүжилттэй холбоотой хүндрэл, төрийн байгууллагуудын дунд шатанд асуудлыг нэгнээс нөгөөд шилжүүлж, чирэгдэл үүсгэдэг байдлыг арилгаж, илүү шуурхай, хариуцлагатай, хүнлэг байдлаар шийдвэрлэх чиглэл баримтална гэдгийг хэлжээ.

Түүнчлэн Эрүүл мэнд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Боловсролын салбарын сайд нар болон эцэг эх, асран хамгаалагчдын хамтарсан уулзалтыг ирэх долоо хоногоос дахин зохион байгуулж, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэхээр төлөвлөж байгааг дурдсан байна.

Уулзалтын үеэр нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн туршлагаас танилцуулж, эцэг эх, асран хамгаалагчидтай гурвалсан гэрээ байгуулан, хүүхдийн хүмүүжил, эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж байгааг онцоллоо.

Мөн сургуулийн орчин, нөхцөлийг сайжруулах хүрээнд спорт, урлагийн заалтай болох, багшийн хөгжлийг дэмжих, гэрээр асаргаанд байдаг хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэх, анги дүүргэлтийг бууруулах, хамран сургах чиглэлийн бүтэц бий болгох зэрэг саналуудыг танилцуулжээ.


Ялгаатай хэрэгцээт хүүхдүүдийн боловсролд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг онцлов  
Үзсэн: 90 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй