Шууд Chart

“Утгын чимэг” наадмын гуравдугаар байрт шалгарсан “Төлөө” өгүүллэг

2021-07-08 13:01:43

Оны шилдэг өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг” наадмыг Монголын зохиолчдын эвлэл, Архангай аймгийн "Хан тамир" нэгдэлтэй хамтран Төрийн шагнал зохиолч Цэндийн Доржготовын 80 насны ойн хүрээнд өнгөрсөн долоо хоногт МҮОНРТ-ийн “Студи-600”-д үзэгчгүй зохион байгуулсан.

Эрхэм уншигч танд тус наадмын гуравдугаар байрт шалгарсан

Төлөө...

Анхны захиалга нь нэгэн ганган хатагтай байсан юм. Яг машиндаа суух агшинд  нь Амирлан юу ч бодолгүй зүгээр л гохоо дарж орхисон билээ. Гитар хөгжмийн саванд нуусан буугаа үүрээд гудмаар айсандаа орилж чарлан  хашгиралдах хүмүүсийн дундуур ороод алга болсон сон. Ямар хэрэг хийснийх нь төлөө энэ хүнээр хорвоог дутаах ёстойгоо ч сонирхсонгүй. Захиалга бол захиалга, түүнийг л гүйцэлдүүлэх, хэд хоног мөнгөөр дутагдахгүй амьдрах гэсэн бодол л тархи толгойг нь бүрэн эзэлсэн байлаа. Ер нь яаж яваад амьдралын ийм замыг сонгосноо тэр өөрөө ч сайн мэддэггүй байлаа. Нэг л мэдэхэд энэ харанхуй ангал руу халтираад орчихсон юм.

Түүнээс хойш бараг бүтэн жил  шахам дахин захиалга ирсэнгүй. Гэтэл хоёр хоногийн өмнө утас нь гэнэт хангинаж, шинэ бай санал болгоод ажлын хөлс гэж санаанд багтамгүй их тоо амлажээ.  Бас л юу ч бодсонгүй, гэрийнх нь хаягийг захиалагчийг хэлэх үед цээжилж, зөрүүлээд дансныхаа дугаарыг хэлчхэв. “Ажлаа л найдвартай хийчихвэл мөнгө асуудалгүй ...” гээд утас нь тасарчээ.

Уулын аманд байх тансаг харшийг дурандаж овоон дээр хэсэг суулаа. Өмнөх захиалгыг бодвол харин ч амархан бүтчихмээр санагдав. “Харанхуйд ганцхан харайгаад л ой руу орчихно. Тэгээд л бүх юм санаснаар гүйцэх юм байна” гэж тэр бодоод эргэн тойрноо нягтлан харлаа. “Энэ эзгүй шахам газар намайг хэн ч олж харахгүй, цагдаа нарыг нэг их л сүртэй эргүүлийн машиныхаа дохиог хангинуулсаар давхиж ирэх үед би хэдийнээ гэртээ хэвтэж байх юм байна. Маргааш л ажлаа амжуулчихъя” хэмээн бодсоор яаралгүйхэн уруудсаар уулнаас бууж, буудал дээр зогсох бараг хүнгүй шахам автобусанд үсрэн суулаа.

Маргааш нь харуй бүрий тасарч харанхуй болохыг хүлээж, овооны ард хэдэн цаг суув. Хаврын жихүүн салхитай, тэнгэр  бүүдгэр өдөр байлаа. Азаар бай нь өдөржин гэртээ өнжив. Нэг цаг орчим болоод л байшингийнхаа тагтан дээр гарч тамхилж зогсох  нь  хэдхэн хормын дараа өөр лүү нь нисэн ирэх үхлийн тухай огт төсөөлөөгүйг илтгэнэ. Гитар хөгжмийн хайрцганд хийсэн буугаа гаргаад дуу намсгагчийг нь  хошуунд нь углаж, гол төмөрт нь дурангий нь бэхлээд бай руугаа хэсэг ширтлээ.

Энэ царайг хаа нэгтээ харсан санагдана. Олны танил улс төрч эсвэл нэр цуу ихтэй хүмүүсийн нэг биз гэж бодлоо. Гэвч тэр л нүд, жижигхэн эрүү, навтгар хамар, нэг л танил дотно...

*                 *               *

Багийн төвийн  жижигхэн цагаан байшингууд хайрцагнаас нь гаргаад ширээн дээгүүр тарааж хаясан ёотон шиг цэцэгт ногоон талд цайран харагддаг байлаа. Томчуул голдуу аж төрөн суудаг олны хөлөөс зайдуу энэ газарт зуны өдрийн бүгчим халуунд хүүхдүүд  байшингийн сүүдэр бараадаж тоглосоор өдрийг барна. Хүүхдүүд гэхээр олуулаа бужигналдаж байдаг гэж бүү бодоорой,  нас ойролцоо хүү охин хоёр л муудаж сайндаад л тоглож суудаг байлаа.

Хүү навтгар хамар дээрээ бурзайсан хөлсийг гарынхаа алгаар шувтраад нүдээ онийлгож хэсэг сууж байснаа гэнэт үсэрч босоод “Өлсөөд байна. Арван төгрөг олно доо” гэснээ ханан дээр гүйж яваа аалзыг барьж аваад хоромхон зуур бүх хөлийг нь тасалж хаяад бөөрөнхий биеийг нь  алган дээрээ өнхрүүлэн тавьж тачигнатал хөхрөв. “Өнөөдрийн зургаа дахь аалз... зургаан аалз” гээд хавтгай бор чулуун дээр тавьснаа байшингийн ёроолд хэвтэх тал тоосгыг авч хавсран няц цохив. Нүд нь цог жавхлантайгаар гялалзаж байлаа. Охин нусаа шорхийтэл татаад “муухай яргачин өрөвдөхгүй байна уу? хөөрхий амьтан” гэж гоншгоноход хүү бүр ч дордож газраар гүйж яваа шоргоолжийг чимхэж аваад борооны ус тосдог торхон дотор хийж гараараа усыг хуйлруулан эргүүлж “живүүлж ална даа” хэмээн шүд зуун хэлэв. Охин нулимс цийлгэнэсэн нүдээрээ хүүг хилэнтэй гэгч нь ширтэж” чамтай тоглохгүй, амьтан алсан гэж аав ээж хоёрт чинь хэлнэ, гэртээ харилаа” гээд хэдхэн алхам холдсоноо эргэн хараад нарийхан шодон гэзэгнийхээ үзүүрийг оролдон уухилан зогсоно. Энэ бүхэн бараг л өдөр бүхэн давтагдана. Зарим өдөр эв найртайгаар айл гэр, аав ээж болно.

“Хөгшөөн цайгаа уу” гэхэд хүү хавтгай хар чулууг хоёр гардан аваад шор шор хийн сорж халуун цайгаа оочлон уугаад хониндоо явах замдаа хэд хоногийн өмнө тавьсан урхиа эргэнэ гэсээр саваа модон хээр морио унаад шогшиж одно. Ийм л төв сайхан амьдарч, төвшин сайхан тоглож байтал хэрэг дахиад л бишиднэ. Төдхөн хүү суга нь тод улаан хонин гүрвэл барьчихсан гүйж ирээд юу юугүй сүүлийг нь шахаж засааг нь гаргаад хурга шиг хөнгөлж орхино. Тэгээд л баацганан гүйхэд нь араас нь “Өднөөс хөнгөн, сумнаас хурдан, дурр, дурр, дурр. Цус нь цагтаа хатаж, өвчин нь өдөртөө эдгэр. Хурай хурай, хурай, дурр, дурр, дурр” гэж сүртэй чанга хашгираад агдагнан хөхөрнө. Эсвэл цох хорхой сэмхэн чимхэж ирээд охины өвөрт хийчихнэ. Түүнээс болж хэдхэн хормын өмнө л хэвийн тохитой байсан хоёр уйлаан чарлаан болж муудалцаад энэ гэр бүл бараг л үүрд салчхав уу даа гэмээр сүртэй явдал болно.  Гэвч удалгүй эвлэрэн нийлнэ. Зарим өдөр гурав салж, дөрөв ч нийлдэг байлаа.

Харин тэр нэг өдрийн гунигт явдлын дараахан тэдний амьдралын зам хоёр тийшээ бүр мөсөн салсан билээ. Хавар эртээр баг төвийн хойхно хэд хоносон нүүдлийн айлын хонин сүргээс нэг хув халзан эр хурга санаандгүй үлдэж хоцроод хэдэн гэр байшингийн хооронд гарсан орсон хүн бүхнээс боов талх нэхээд шогшиж явдаг байлаа. Охин хургыг хамгаас илүү энхрийлж, элээ шүүрчих вий гэсэндээ байнга тэнгэр ширтэж зогсоно. Хөгшин ээж нь ч охиноос дутахгүй хайрлаж, үнээний сүүгээр угжиж, ягаахан хошууг нь дээлийнхээ ханцуйгаар арчаад, хавдаж цэлхэрсэн нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн” хөөрхий ядсан, өнчин амьтныг мал болгочих юмсан” гэж байнга үглэх билээ.

Үе үехэн хүүг “...би гүрвэл байтугай хурга хөнгөлсөн ч чадна” хэмээн пээдгэнэхэд охин гэрийн хаяанд хэвтэх хургаа айдас дүүрэн нүдээр харж ”хэрэв манай хургыг засчихвал би чамтай дахиж хэзээ ч тоглохгүй шүү” гэж хэрэндээ айлгадаг байлаа. Түүний ингэж үнэрхэж айлгахыг хүү юман чинээ үл тооно. Сайндаа тэнгэр газар нийлтэл орилж чарлаад л гэрээдээ гүйж, хөгшин ээждээ ховлоно биз, үхсэн хойноо, би тэр муу эмгэнээс нь айх уу,  удахгүй л “айл гэр болж тоглоё, чи аав нь би ээж нь” гэсээр царай алдаад ирнэ дээ хэмээн боджээ.

Тэр нэг өдрийн өглөө зориуд эртлэн босоод хэрэг болгож байнга өвөртөлж явдаг эвхдэг жижиг тонгоргоо гаргаж ирээд гэрийн хаяанд хэвтэж байсан хургыг барьж аваад дээш нь харуулж өвдөглөн дараад орилуулан байж, засааг нь шахаж атгаад хуйхнагийг зүсээд хөнгөлж орхив. Хурга ч муухан майлсаар хөдөлж чадалгүй гэрийн хаяанд унаад өгчээ. Орой нар шингэхийн алдад хурга ч үхэж, хамаг хэрэг ч мандав. Хүү аавдаа суран тэлээгээр нуруундаа гүвтрүү гартал ороолгуулж, гэр дүүрэн бархирч, охины хөгшин ээж ч дээрээс нь нэмэрлэж, гэрт орж ирээд модон таягаараа толгойг нь хавдтал тоншчихжээ. Маргаашнаас нь охиныг түүнтэй тоглуулсангүй. Гэрээсээ ч гаргасангүй. Охин ч хургаа бодох бүрдээ асгартал уйлж байлаа. Нялх амьтан шүү дээ гэж бодохоор л нүднийх нь нулимс аяндаа асгарна. Яаж өхөөрдөж, хаврын урт шаргал өдрүүдэд эрхлүүлж, тоглож байснаа санахаар л гол өөд нь нэг бараан юм түрээд ирнэ. Тэр тоолонд хүүг үнэн сэтгэлээсээ үзэн яджээ. Хожим ч ялгаагүй зуны аагим өдрүүд, багийн төвийн хэдэн цагаан байшин, хув халзан хурга, нусаа шор шорхийтэл татаад зогсож байдаг хүүг санах тоолондоо цээжинд нь хорсол хэвээр байгааг мэдэрдэг байлаа. Хөгшин ээж нь “Энэ Дэнзэнгийн ойлон толгойт олигтой хүн яавч болохгүй. Ийм муухай яргачин алуурчин хүүхэдтэй дахиж чамайг тоглуулахгүй” гэсэн ажээ.

Явдал ая тэгж ч таарсан уу? эсвэл эмгэний шийдвэр байсан уу? бүү мэд маргааш нь шахуу сумаас ирсэн ачааны жижиг машинд гэрээ ачаалж аваал тоос татуулан нүүн оджээ. Охин машины цонхоор багийн төвийн хэдэн цагаан байшингаа нулимстай нүдээр эргэн харахад зүүн жалганы аман дээр хэдэн тас  нэвсийтэл сууж, дээгүүр нь  бараан шувууд эргэлдэж байлаа. Хүү харин гэрийнхээ хаяанд бөртийтөл зогсож байгаа харагджээ.

                                                         *                 *               *

Амирлан гэнэт толгойд харван орж ирэх ”мөн байна” гэх бодолтой хамт өнчин хурга нь сүүлчийн удаа өвөр дээр нь сулхан майлаад амьсгал татсан нь санагдаж  ”ТӨЛӨӨ...” гэж шивнээд гохоо дарлаа.

2020 он

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Утгын чимэг” наадмын гуравдугаар байрт шалгарсан “Төлөө” өгүүллэг  
Үзсэн: 2230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй