Шууд Chart

Газар тариалангийн хөнгөлөлттэй зээлд ААН-үүдийг хамруулахын тулд зээлийн батлан даалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх асуудлыг судална

2026-05-24 10:05:25

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат нар төвийн бүсэд ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхон сумдын  газар тариалан эрхлэгчидтэй уулзаж, санал бодлыг нь сонсох үеэр газар тариалангийн хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, жижиг аж ахуйн нэгжүүд шалгуур хангаж чадахгүйгээс зээлд хамрагдах боломжгүй байгаа болон банкнууд хөрөнгийн эх үүсвэргүй тул зээл олгохгүй байгаа зэрэг асуудлыг хөндсөн.

Хаврын тариалалттай холбоотойгоор тариаланчид, ногоочид Засгийн газарт гурван асуудал тавьсныг шуурхай шийдсэн гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат онцлов. Тухайлбал, хаврын тариалалтад зориулж шатахууны үнийн хөнгөлөлт үзүүлэх, 2026 оны төсөвт суулгасан хөнгөлөлтэй зээлийн хэмжээг 70 тэрбумаар нэмэгдүүлэн 200 тэрбум төгрөгт хүргэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлсэн. Өнгөрсөн жилийн гантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд хөрөнгийн эх үүсвэргүй болсноос зээлд хамрагдаж чадахгүй байгаа тул тариалан эрхлэгчдэд зээлийн хөнгөлөлт үзүүлж байгаа гэдгийг салбарын сайд хэллээ.

Газар тариалангийн  төвийн бүсийн хэмжээнд энэ жил 16 мянган га талбайд төмс тариалахаар төлөвлөсөн байна. Аж ахуйн нэгжүүдэд 50 хувийн хөнгөлөлттэй зээлийг урьдчилгаагүй олгож байгаа ч хүртээмж нь хангалттай биш байгаа аж. Тиймээс Төв аймгийн Жаргалант сумын хэмжээнд л гэхэд 4000 га-д төмс тарих байсан ч 3000 га-д л тариалахаар байгаа гэдгийг ногоочид хэлж байна.

Сайд Ц.Идэрбат “Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн 80 гаруй хувийг төвийн бүсийн газар тариалан эрхлэгчдэд олгогдсон. Газар тариалангийн зээлийн тэгш хүртээмж дээр анхаарч байгаа. Хөнгөлөлттэй зээлийн хүртээмж ямар байгааг, баруун, зүүн бүсэд хэрхэн олгогдсон гэдэгт дүгнэлт хийнэ” хэмээн байр сууриа илэрхийллээ. Мөн ирэх 2027 онд Монгол Улс улаанбуудай, төмсний үрийн нөөцөө дотооддоо бүрдүүлэх тал дээр онцгой анхаарна гэдгийг хэллээ.

Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр олгогдсон хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл өгөв. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 380 иргэн зээлд хамрагдсан. Үүнээс 208 иргэн газар тариалангийн чиглэлээр 34 тэрбум төгрөгийн зээл авяээ. Мөн төмс, хүнс ногоо тариалдаг 75 иргэн 7.5 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Хүнсний ногоо тариалдаг жижиг компаниуд банкны шалгуур даахгүй байгаагаас Сэлэнгэ аймгийн 17 сумын 7 суманд төмс, хүнсний ногооны зээл олгогдоогүй аж.

Ерөнхий сайд Н.Учрал арилжааны банкнуудад жижиг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгохдоо тавьж буй нөхцөл, шаардлагаа зөөлрүүлэх, тухайлбал зээлдэгчдийг төрөлжүүлж, эрсдэлийн жинг нь бууруулах, өр, орлогын харьцааг тааруулах зэрэг арга хэмжээ авахыг Засгийн газрын зүгээс тавиад байгаа гэв. ХХААХҮЯ зээлийн батлан даалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, шаардлагатай бол санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар дэмжлэг үзүүлэх боломжуудыг судлахыг Ерөнхий сайд чиглэл болгов.

 


Газар тариалангийн хөнгөлөлттэй зээлд ААН-үүдийг хамруулахын тулд зээлийн батлан даалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх асуудлыг судална  
Үзсэн: 83 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй