Шууд Chart

Монгол Улс, БНХАУ-ын хооронд мал аж ахуйн салбарын дижитал хамтын ажиллагааг эхлүүллээ

2026-05-25 13:53:07

БНХАУ-ын Ши-Ань хотноо 2026 оны тавдугаар сарын 21–25-ны өдрүүдэд 10 дахь удаагийн “Торгоны замын олон улсын экспо” арга хэмжээ зохион байгуулагдаж байна. “Тоон холбоос, Торгоны замын хамтын хүртээмж” уриан дор болж буй тус экспод Монгол Улсын төлөөлөгчид оролцож, Монгол, Хятадын мал аж ахуйн салбарын дижитал хамтын ажиллагааг эхлүүлэв. Энэ хүрээнд Монгол Улсын төлөөлөгчид “Торгоны замын шинэ боломж-Нээлттэй хамтын ажиллагааны шинэ хуудас” сэдэвт олон талт уулзалт, арга хэмжээнд оролцлоо.

Тус арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Ганбат, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Г.Бумцэнд, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг дарга Э.Баттулга нарын албаны хүмүүс болон холбогдох ААН-ийн төлөөлөл оролцож, БНХАУ-ын төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай өргөн хүрээний уулзалт хийж хамтын ажиллагааны тодорхой үр дүнд хүрлээ.

“Тоон холбоос, Торгоны замын хамтын хүртээмж” сэдэвт дижитал эдийн засгийн олон улсын хамтын ажиллагааны уулзалт, салбар хуралдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын шинэчлэл ба Торгоны замын хамтын ажиллагааны шинэ төсөөлөл” сэдвээр илтгэл тавив. 

Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, мэдлэг оюунд тулгуурласан “Цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлж, салбарын дижитал шилжилтийн хүрээнд хил дамнасан худалдааны орчныг сайжруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлж буйг онцлон тэмдэглэлээ. Мөн салбарын хил дамнасан хамтын ажиллагааны хүрээнд хөгжүүлж буй GEDIS (Global Electronic Data Interchange System) системийг танилцуулж, тус системийг нэвтрүүлэх үндсэн төсөл болох Монгол Улсын Говьсүмбэр аймгийн Баянтал сумд хэрэгжих Мал аж ахуйн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн эко паркт БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийг дижитал хөдөө аж ахуй, хүйтэн хэлхээний логистик, хил дамнасан цахим худалдаа зэрэг чиглэлээр хамтран ажиллахыг уриалав.

Уулзалтын үеэр Говьсүмбэр аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ БНХАУ-ын Шаньси мужийн дарга Жао Гантай албан ёсны уулзалт хийж, талууд хөдөө аж ахуй, мал аж ахуй болон дижитал эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцож, нэгдсэн ойлголцолд хүрлээ.

Шаньси мужийн Засаг дарга Жао Ган хоёр орны нөөц боломжийг дижитал хэлбэрээр холбох шинэ загварыг өндрөөр үнэлж, Монгол Улсын Говьсүмбэр аймгийн Баянтал суманд хэрэгжих Мал аж ахуйн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн эко паркийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв. 

Говьсүмбэр аймаг дахь Мал аж ахуйн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн эко парк нь GEDIS тогтолцоог Монгол Улсад хэрэгжүүлэх анхны туршилтын цэг болж, улс орон болон бүс нутгийн хэмжээнд дижитал худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх загвар төсөл болохоор төлөвлөж байна. Цаашид төсөл хэрэгжүүлэгч “Монэксалл” ХХК GEDIS платформд тулгуурлан хил дамнасан хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааны шинэ жишгийг бий болгох чиглэлээр ажиллахаа мэдэгдэв гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Нийтэлсэн: О.Бадамсүрэн

Монгол Улс, БНХАУ-ын хооронд мал аж ахуйн салбарын дижитал хамтын ажиллагааг эхлүүллээ  
Үзсэн: 88 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй