Монголын хөлбөмбөгийн холбооны 2025/26 оны улирлын Дээд лигийн тэмцээний 15-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэ тойрог нь лигийн тэмцээн шигшээ багуудын цугларалтын өмнөх тойрог гэдгээрээ онцлогтой байсан бөгөөд лиг одоо зургаадугаар сарын 13 хүртэл завсарлах юм. Тус тойрогт лигийн эхний таван байрын багуудаас “Улаанбаатар” - “Дэрэн” мөн “Централ Сталлионс”, “Хантерс” гэсэн сонирхолтой учраанууд боллоо.
"СТАЛЛИОНС"-ЫН АНХНЫ ХОЖИГДОЛ...
Дээд лигийн тэмцээний хаврын тойргийг тэргүүн байраар эхлүүлсэн “Централ Сталлионс” баг энэ тойрог эхлээд 2 тэнцэж, оноо алдсанаар 1-р байрын багаас 2 оноо хоцорч эхлээд байсан. Тэд энэ тойрогт хүснэгтийн 5-р байрт жагсаж байгаа чанга өрсөлдөгч “Хантерс” багтай тоглолоо.
Тоглолтын эхний гоолыг “Хантерс” багийн Жи Хон Ван хүчтэй цохилтоор оруулж баг нь эхний үед 1:0 харьцаатай тэргүүлсэн. Тоглолтын 2-р хагас эхлээд “Хантерс”-ын сөрөг довтолгоо амжилттай болж, Солонгос жигүүр Мин Ки-Тэгийн дамжуулалтаар энэ өдөр гараанд гарч тоглосон Б.Намсрайдорж 2:0 болгосон юм.
Харин “Сталлионс”-оос солилцоогоор орж ирсэн Япон довтлогч Т.Мисава 72 дахь минутад торгуулийн цохилт авч, өөрөө гүйцэтгэсэн ч туршлагатай хаалгач Б.Мөнхболд амжилттай хаасан юм. Гэхдээ тэд үүнээс ердөө 2 минутын дараа гоол оруулсан. Энэ удаад солилцоогоор орж ирсэн О.Энх-Орчгил, Ч.Бат-Эрдэнэ нарын гаргаж өгсөн гоё боломжийг багийн ахлагч Ц.Түмэнжаргал дуусгаж, улирлын 13 дахь гоолоо бүртгүүллээ.
Гэхдээ “Хантерс”-ын хамгаалалт үлдсэн хугацаанд тун нягт байлаа. Улмаар үндсэн цагийн төгсгөлд Б.Балжиннямын алсын дамжуулалтаар солилцоогоор талбайд орсон С.Цэрэндорж маш чухал гоолыг оруулж, багийнхаа хожлыг бататгасан юм.
Өмнөх тойрогт “Хангарьд” багтай тэнцэж оноо алдаад байсан “Централ Сталлионс” баг ийнхүү лигийн энэ улирал эхэлснээс хойш анхны хожигдлоо хүлээж, мөн анх удаа 2 тоглолт дараалан оноо алдаж байна.
Харин нөгөө талд энэ жилийн лигт хамгийн сайн багийн тоглолт үзүүлж буй багуудын нэг “Хантерс” энэ тоглолтын 90 минутын үр дүн, агуулга гээд бүх талаараа сайн байлаа. БНСУ-ын мэргэжилтэн Мо Жон Ил дасгалжуулагчийн удирдлагад “Хантерс” баг 8 дахь тоглолтоо хийж, боломжит 24 онооноос 14 оноо аваад байна. Тэдний хувьд ийнхүү топ дөрвийн багуудтай хийх чухал тоглолтуудаа “Дэрэн”-тэй тэнцэж, “Сталлионс”-ыг хожсон амжилттай дуусгаж байна. Одоо 2-р тойргийн сүүлийн тоглолтоо хүснэгтийн 7-р байрт бичигдэж буй “Ховдын Хүлэгүүд” багтай хийнэ.

"УЛААНБААТАР" 5 ОНООГООР САЛЛАА
Дээд лигийн тэмцээний 15-р тойргийн онцлох тоглолт хүснэгтийг тэргүүлэгч “Улаанбаатар” болон 3-р байрт жагсаж байсан “Дэрэн” багуудын хооронд боллоо. Энэ тоглолтод тэргүүн байраа бататгах зорилготой гарч ирсэн "Нийслэлчүүд" 2:0 харьцаатай хүчтэй өрсөлдөгчөө хожлоо.
"Улаанбаатар" багаас Э.Өнөр-Эрдэнэ, А.Дөлгөөн нар өөрсдийн олон жил тоглосон унаган багийнхаа эсрэг тус бүр нэг гоол оруулж, “Дэрэн”-гийн дэмжигчдийг гомдоолоо. А.Дөлгөөний хувьд сүүлийн 3 тоглолтод “Хангарьд”, “Хантерс”, “Дэрэн” гэсэн эхний тавт багтаж байгаа багуудын эсрэг тоглохдоо 4 гоолд шууд оролцжээ. Тодруулбал тэрээр энэ тоглолтуудад 1 гоол оруулж, 3 гоолын дамжуулалт өгч баг нь чухал хожлуудаа авахад гол үүрэгтэй тоглолоо.
Хоёр баг эхний тойрогт урчаа таарахад 1:1 харьцаатай тэнцсэн бөгөөд хүчтэй байгаа “Улаанбаатар” багаас энэ улирал оноо салгасан 2 багийн нэг нь “Дэрэн” байсан юм. Гэсэн ч энэ удаад тэргүүлэгчид маш чухал учраандаа бүтэн 3 оноогоо авахын зэрэгцээ хаалгандаа гоол алдсангүй. Тэд энэ улирал 6 дахь тоглолтдоо клиншит хийж байна. Б.Ганбат дасгалжуулагчтай “Улаанбаатар” баг улирлын 12 дахь хожлоо авч, 38 оноотой болсноор лигийн багуудыг амжилтаараа хошуучилсан хэвээр үлдэж, 2-р байрын багаас 5 оноо илүүж боллоо.
Харин “Дэрэн” эхний тойрогт нэг л тоглолтод хожигдоод байсан бол хаврын тойрог эхлээд “Хангарьд”, “Улаанбаатар” багуудад хожигдлоо. Багуудын хувьд 2015 оноос хойш Дээд лигт тасралтгүй өрсөлдөж, энэ хугацаанд хоорондоо 27 тоглоход “Улаанбаатар” 16 хожоод байна.

"ХАНГАРЬД" 3-Р БАЙРАА ХАДГАЛЛАА
Дээд лигийн 15-р тойргийг хааж “Хангарьд”, “Ховдын Хүлэгүүд” багууд тоглолоо. Лигийн 4 удаагийн аварга “Хангарьд” сүүлийн 3 тоглолтоо “Дэрэн”, “Улаанбаатар”, “Централ Сталлионс” гэсэн топ дөрөвт өрсөлдөж байгаа багуудынхаа эсрэг хийж, хүнд тоглолтуудаас 4 оноо авч чадсан. Энэ тоглолтод тэд 6:0 харьцаатай өрсөлдөгчөө хожиж, “Ховд”-ын эсрэг энэ улирлын 2 тоглолтоос боломжит 6 оноогоо бүтэн авч чадлаа.
“Хангарьд”-аас А.Содмөнх энэ тоглолтод 3 гоол оруулж, багийнхаа төлөөх анхны хеттрикээ хийлээ. Тэрээр шинэ багийнхаа бүрэлдэхүүнд 7 тоглолтод 7 гоол оруулсан сайн үзүүлэлттэй болж байна. Мөн багийн мэргэн бууч З.Тэмүүлэн 2 гоол оруулж нийт 13 гоолтой боллоо.
Ч.Мөнхбат дасгалжуулагчтай “Хангарьд” баг ийнхүү улирлын 9 дэх хожил, 30 дахь оноогоо авснаар дээрээ бичигдэж байгаа “Централ Сталлионс” багаас 3 онооны дутуу болж ойртон ирж байна. Лигийн тэмцээн одоо 6-р сарын 13-ныг хүртэл завсарлах бөгөөд Монгол Улсын шигшээ баг “FIFA Days”-н хүрээнд Сингапур, Хятадын Хонг Конгийн багуудтай тоглох юм.

"ВЕСТЕРН" УЛИРЛЫН 5 ДАХЬ ХОЖИЛ
Үндэсний Дээд лигийн 15-р тойрогт “Хоромхон”, “Вестерн” багууд тааран тоглолоо. Хаврын тойрог эхлээд тун сайн тоглолт үзүүлж буй “Вестерн” энэ удаад 3:1 харьцаатай хожлоо. Багууд эхний тойрогт учраа таарахад 90 минутын турш ширүүн өрсөлдөж, 5:4 харьцаатай “Вестерн” хожиж байсан билээ.
“Вестерн” багийн ахлагч Д.Батболд энэ тоглолтод 2 гоол оруулж онцгой сайн тоглолтыг үзүүлэн багаа хожилд хөтөлсөн байна. Тэрээр лигийн хүрээнд сүүлийн 2 тоглолтод дараалан гоол бүртгүүллээ. Мөн өмнөх тойрогт “Ховд”-ын эсрэг 2 гоол хийгээд байсан Н.Наранбаяр энэ тоглолтод солилцоогоор талбайд орсон ч дахин гоол оруулж чадлаа.
С.Буд дасгалжуулагчаар удирдуулсан “Вестерн” баг ийнхүү улирлын 5 дахь хожлоо авч, нийт 17 оноотой боллоо. Дээд лигт анхны улирлаа тоглож байгаа тэд дээрээ бичигдэж буй “Хантерс” багаас 5 онооны дутуу 6-р байрт жагсаж байна.

| Дээд лигийн 15-р тойргийн тойм... | ||
| Үзсэн: 88 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.