
“Ковид-19”-ийн давлагаа
Дэлхий дахиныг нөмөрсөн “Ковид-19” цар тахлын халдвар, аюул занал Монгол Улсыг ч дайран өнгөрлөө. Төр засгаас цар тахлын эсрэг шат дараатай арга хэмжээнүүдийг авч иргэдээ яаралтай дархлаажуулсан ч гэлээ Монголд уг цар тахлын давлагаа өрнөж, иргэд өвчилсөн. Мөн уг цар тахлын улмаас өчигдрийн байдлаар нийт нас баралт 1984 бүртгэгджээ.
“No naadam”, “No double standard”, ...
Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан олон нийтийн арга хэмжээ, жагсаал цуглааныг хориглосон үед “No naadam”, “No double standard” зэрэг хөдөлгөөнүүд цахим орчинд хүрээллээ тэлж, төв талбайд үзэл бодлоо илэрхийлсэн. Түүнчлэн энэ жил Сүхбаатарын талбайд жагсаал хийсэн хэд хэдэн хүн баривчлагдсан. Энэ талаар Стратеги академийн захирал, хүний эрхийн шинжээч Б.Болорсайханаас тодруулахад “Сүхбаатарын талбайд жагсаал хийсэн хэд хэдэн хүн баривчлагдсан. Энэ хүний эрхийн зөрчил мөн үү гэвэл мөн. Хүний эрхийг олон улсын хэм хэмжээ, жишигт улам сайн нийцүүлэх шаардлагатайг харуулав. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай, ялангуяа бүртгэх журмыг өөрчлөх ёстойг харуулсан бодит үйл явдал гэж харж байна. Улсын Их хурлын гишүүн Н.Учрал үүнийг анхаарч, хүний эрхийг хамгаалахын тулд энэхүү хуулийг өөрчлөхөөр төсөл боловсруулсан. Мөн шинэ дижитал эринд маш чухал Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслүүд болон тэдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг ч хэлэлцэж батлуулж байгаа. Цаашид иргэд хүний эрх нь эрх, үүрэг, хариуцлагын нэгдэл гэдгийг ухамсарлаж, бусдын нэр төр, эрх, эрх чөлөөнд халдахгүйгээр эрхээ шаардах нь хүний эрх хамгаалагчийн зохистой үйлдэл гэж хэлмээр байна” гэсэн юм.
Андлалын өргөөний суурин дээр “Тэнгэрийн андгай” сүндэрлэв
“Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” цогцолборын бүтээн байгуулалтыг өнгөрсөн наймдугаар сард зогсоох болсон. “1.9 тэрбум төгрөгийг "Хос санаа" компаниас буцаан улсын төсөвт төвлөрүүллээ" гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан албан ёсоор мэдэгдсэн. Андлалын хөшөөний суурин дээр уран барималч А.Очирболдын “Тэнгэрийн андгай” нэртэй хөшөө сүндэрлэв.
Хөшөө, хашаа, буган хаалга бүгд А.Очирболд барималчийн бүтээл бөгөөд тэрбээр тус бүтээлээ улсад хандивласан. Гэхдээ өнгөрөгч 2021 оны хөшөөт цогцолбор тойрсон дуулиан шуугиан зөвхөн Андлалын өргөөгөөр төгссөнгүй.
“Цахим үндэстэн”
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн “ICT expo”-ийн цар хүрээг улам өргөжүүлж, цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болгон, “Digital nation-2021” нэр дор өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулсан. Тус арга хэмжээг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Соёлын яам болон үндэсний 100 гаруй компани нэгдэж Үндэсний соёл, амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркт гурав хоног зохион байгуулсан бөгөөд нээлтийн арга хэмжээнд хэт олон хүн очсон нь УОК болон бусад холбогдох байгууллагаас гаргасан цар тахлын дүрэм журмууд хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн байдаг.
“Богд Зонхова” цогцолбор
Өмнө нь дурдсан Андлалын өргөөг тойрсон дуулиан шуугиан намжсаны ард дахин нэг хөшөөт цогцолборын асуудал олны хараанд өртсөн. Тодруулбал, Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх төв “Богд Зонхова” цогцолборт улсын төсвөөс 32 тэрбум төгрөг зарцуулахаар болсныг өнгөрсөн арваннэгдүгээр сард иргэд цахим орчинд эрс шүүмжилж, эсэргүүцсэн. Тэгвэл уг асуудлаар Соёлын сайд Ч.Номин өөрийн фэйсбүүк хуудсаараа “Соёлын сайдын хувьд “Богд Зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй” хэмээн мэдэгдсэн. Тэрбээр “Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх "Богд Зонхова" цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм. Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй болно. Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд Зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна” гэсэн.
Хөвсгөл далайгаас Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргав
1985 онд Хөвсгөл далайд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан Батлан хамгаалах яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, дээрх байгууллагуудын харьяа ангиуд, Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн захиргааны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Хөвсгөл усан зам” ХК-ийн нийт 120 гаруй хүн, 50 нэгж техник хэрэгслээр татан гаргасан юм.
Онцгой байдлын байгууллагын 20 гаруй усчин аврагч хөлөг онгоцыг холбох, хөшүүрэг хийх, гүн хэмжих, битүүмжлэх даалгаврыг сар гаруй хугацаанд 100 удаагийн шумбалтаар гүйцэтгэсэн байна. 16 метрийн гүнд байсан 309 тн жинтэй хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа улсдаа анхных бөгөөд түүхэнд үлдэнэ гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэн хэлж, баяр хүргэсэн. Мөн 2024 онд багтаан далайд ёроолд байгаа 60 гаруй машин, техникийг осол, эрсдэлгүй татан гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлсэн. Удаан хугацаанд шаналсан далай ээж ийн “хавдар”-аасаа ангижирч эхэллээ.
Улаанбаатар хотын автозамын түгжрэл
Олон жил Монгол Улсын асуудал байсан Улаанбаатар хотын автозамын түгжрэл шийдэгдсэнгүй. Монгол Улсын нийт газар нутгийн хэмжээтэй харьцуулахад маш бага зай талбайд түгжрэл үүсдэг ч гэлээ хамгийн их хүн ам ажиллаж амьдардаг, тэр хэрээр эдийн засгийн эрчимтэй урсгал эргэж, амьдрал ахуй өрнөж байдаг учир нийслэл Улаанбаатар улсынхаа “зүрхэн” хэсэг нь билээ.
Бүр зарим зам “тэг” зогссон, цаашдаа ч ойр ойрхон үүсч мэдэх хэмжээнд хүрсэн Улаанбаатарын автозамын түгжрэлийн асуудал оюутан, сурагчдыг амрааснаар гал унтраах арга хэмжээ авагдсан. Мөн УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан салбарын сайдын хувьд тус салбараас автозамын түгжрэлд нөлөөлж буй асуудлуудыг нийслэлийн удирдлагатай хамтран шийднэ гэдгээ “Твиттер” хуудсаараа мэдэгдсэн.
Ямартай ч удаан жил хуршсан Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг засаг төр, нийслэлийн өнөөгийн удирдлага “гал унтраах” хэмжээнд биш бүрэн дүүрэн шийдэхгүй бол улсын эдийн засаг, хөгжил, сонгогчдын өнөөгийн эрх баригчдад дараагийн сонгуулиар дахин итгэл хүлээлгэх сонголтыг ч түгжиж мэдэхээр байна.
Нийслэлийн агаарын бохирдол буурсан уу
Утаа, агаарын бохирдол түгжрэлтэй мөн адил Монгол Улсын нийт газар нутгийн хэмжээтэй харьцуулахад маш бага зай талбайд удаан хугацаанд хуршсан асуудал. Гэсэн хэдий ч Монгол Улсын нийт хүн амын тал орчим хувь нь тэр бага зай талбайд буюу Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч, ирж очин байдаг. Агаарын бохирдол энэ олон хүний эрүүл мэндэд тодорхой хэмжээнд аюул занал учруулсаар ирсэн.
Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолд нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай заасан бөгөөд үр дүнд нь утаа мэдэгдэхүйц хэмжээнд буурсан. Харин утаа буурсан ч агаарын бохирдол нэмэгдсэн гэж үзэх хүмүүс бий. Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр НИТХ-ын энэ оны сүүлийн хуралдаанд танилцуулснаар “2016 оны Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулагч бодисын дундаж агууламжийг сайжруулсан шахмал түлш бүрэн нэвтэрсэн 2020 оныхтой харьцуулахад РМ 2.5 тоосонцор 59 хувиар, РМ 10 тоосонцор 52.6 хувиар буурсан” байна. Гэхдээ л нийслэлийн утаа, агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд тодорхой хэмжээнд заналхийлсээр байгаа бөгөөд Төр засаг, нийслэлийн удирдлагууд ч утаа, агаарын бохирдолтой хийх “тэмцэл”-ээ ирэх онуудад үргэлжлүүлэхээ мэдэгдсэн.
Усан цахилгаан станцууд
МАН-ын 30 дугаар Их хуралд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулахдаа "Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг дуусгаж, баруун, зүүн бүсийн эрчим хүчний хараат байдлыг халах, Эгийн голын УЦС-ыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчилна" гэсэн. Баруун таван аймгийн цахилгааны хэрэглээг бүрэн хангах хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн УЦС л гэхэд баригдсанаараа импортын эрчим хүчний төлбөрт төлдөг 17.5 тэрбум төгрөгийг хэмнэх тооцоо гарсан билээ.
Нийслэлд 74 үйлчилгээг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжтой боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нэн чухал шийдвэрт энэ сарын 20-нд гарын үсэг зурж баталгаажуулсан.
Энэхүү шийдвэр нь нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг нээж байгаагаараа онцлог юм.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл авахын тулд 7-12 бичиг баримт бүрдүүлдэг. Энэ нь нийт аж ахуйн нэгжийн хэмжээгээр тооцвол 168 мянган бичиг баримт бүрдүүлэхэд хүрдэг байна. Бичиг хэргийн зардалд 42 сая, тээврийн зардалд 149 сая, нийт 191 сая төгрөгийг зарцуулдаг. Тэгэхээр энэ бүх зардлыг хэмнэж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс энэхүү шийдвэрийг гаргаж байна. Цар тахлын дараах их сэргэлтийн хуулийг удахгүй УИХ-д өргөн барина. Тиймээс бид аж ахуйн нэгжүүдийг хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр худалдаа, үйлчилгээгээ нийслэлийн нутаг дэвсгэрт чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломж олгож байна” гэж мэдэгдсэн.
Өнгөрөгч онд Монголын нийгэмд болсон онцлох үйл явдлууд | ||
Үзсэн: 2320 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.