Шууд Chart

Соёлын биет бус өвийн дуу, дүрс бичлэгийн студи нээлтээ хийлээ

2022-03-30 11:26:24

"Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд хадгалагдаж байгаа Betacam, UVW, DV, SVHS хальсыг дижитал хэлбэрт хөрвүүлэх, дуу, дүрс бичлэгийн студийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Зөвлөх Кикүма Шигэрү оролцож хоёр улсын хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийв.

Мөн Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, бүртгэн баримтжуулах, өвлөн уламжлуулах талаар төр засгаас явуулж ирсэн бодлого, арга хэмжээний талаар, Соёлын өвийн үндэсний төвийн захирал, доктор Г.Энхбат Утга соёлын өвийн төвийн түүх, үйл ажиллагаа, Соёлын биет бус өвтэй холбоотой төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, ач холбогдол, тус байгууллагын зорилго, зорилт болон өнөөгийн байдал, цаашид хийх ажлын талаар мэдээлэл хийв.

Тус үйл ажиллагаанд Соёлын яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Монгол Улсад суугаа Япон Улсын ЭСЯ, өвлөн уламжлагч, эрдэмтэн, судлаач нарын төлөөлөл оролцож зөвлөлдөх уулзалт хийлээ.

Хальсыг дижитал хэлбэрт шилжүүлж хөрвүүлснээр хальсанд бичигдэн үлдсэн Соёлын биет бус өвийг, өвлөн уламжлагчийн олон төрөл зүйл, дахин давтагдашгүй дүрс бичлэг, баримт устах эрсдэлээс хамгаалах, соёлын биет бус өвийг судалгааны эргэлтэд оруулах, контент бүтээх, цахим сан үүсгэх, судлах, сурталчлах, ашиглах боломж бүрэн бүрдэх, эх хальсны дижитал хувилбар буюу хуулбар хувь бий болох өндөр ач холбогдолтой.

Япон улсын санхүүжилтээр НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын дэргэд байгууллагдсан Японы итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр 1999-2017 онуудад Монгол Улс дахь соёлын биет бус өвийн хадгалалт, хамгаалалтыг чадавхжуулан бэхжүүлэх чиглэлээр тасралтгүй төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, чамгүй хувь нэмэр оруулсан билээ. Тухайлбал, 1999-2007 онуудад тус сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн "Монгол аман утга соёлын өвийг дүрс бичлэгээр халгалах", "Морин хуур уламжлалт хөгжмийг хадгалах" төслүүдийн баримтжуулалт, судалгааны үр дүнд бий болсон дуу, дүрс бичлэгийн сан нь өнөөдөр Соёлын өвийн үндэсний төвийн бүртгэл, мэдээллийн санд онцгой үнэ цэнэ бүхий судалгааны хэрэглэгдэхүүн болж байна гэж Соёлын яамнаас мэдээллээ.


Соёлын биет бус өвийн дуу, дүрс бичлэгийн студи нээлтээ хийлээ  
Үзсэн: 486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй