Шууд Chart

Мөрөн, Цагаан-Уул сум өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

2025-09-08 09:39:49

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Цагаан-Уул, Мөрөн суманд тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол батлагдаж аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Мөрөн, Цагаан-Уул сумдад 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Мөрөн, Цагаан-Уул сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Политехникийн коллежийн сургалтын үйл ажиллагаа, соёл урлаг, уралдаан тэмцээн, хурал, зөвлөгөөн, сургалт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ, хичээлээс гадуурх секц дугуйлан, спорт заал, биллиард, РС тоглоомын газрын үйл ажиллагааг 2025 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 23:00 цагаас 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл (7 хоног) зогсоолоо.

Хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоосон хугацаанд сургалтын хөтөлбөрийг тасалдуулахгүй теле болон цахим хэлбэрээр зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Боловсролын газрын дарга (О.Бадраа), Мөрөн, Цагаан-Уул сумын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт үүрэг болголоо.

Хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан 0-8 настай хүүхэдтэй эцэг эхчүүдийн ажлын цагт зохицуулалт хийх, цахимаар ажиллах боломжоор хангах, хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг болголоо.

Мөрөн, Цагаан-Уул сумаас иргэдийн гарах зорчих хөдөлгөөн хязгаарлалаа.

Зах, худалдаа үйлчилгээний төв, ресторан, баар (лоунж, кафе), согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг 9 дүгээр сарын 7-ны өдрийн 23:00 цагаас 9 сарын 10-ны өдрийн 23:00 цаг хүртэл (72 цаг) зогсоолоо.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд шаардлагатай цэгүүдэд хяналтын постыг ажиллуулах, түр хугацаагаар зогсоосон үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, Биеийн тамир, спортын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Авто тээврийн төв, Мөрөн, Цагаан-Уул сумын Засаг дарга, аймгийн Шуурхай штабын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч нарт даалгав.

Тарваган тахлын голомтод бүс нутагт зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд зорчих хөдөлгөөн үйлдэхгүй байх, халдвар хамгааллын дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг мөрдөхийг иргэдэд уриалж байна.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС 


Мөрөн, Цагаан-Уул сум өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ   
Үзсэн: 186 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй