Шууд Chart

Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг нээлээ

2025-09-08 09:04:12

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийн нээлтэд оролцлоо.

Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт амьдарч буй 525 мянган хүний 10 гаруй хувь нь хавдрын хяналтад байна.

Мөн энэ бүс нутагт хавдраар жилд 900 гаруй хүн нас бардаг.

Мөн жилд 580 орчим хүн өвдөх эрсдэлтэй гэсэн судалгааг ХСҮТ-өөс гаргажээ. Эдгээр баримт нь хойд бүс хавдрын өвчлөлөөр нэгдүгээрт, нас баралтаар хоёрдугаарт бичигдэж буйг илэрхийлнэ.

Энэ бүс нутагт хавдраар өвдсөн иргэдийн 71.3 хувь нь хожуу шатандаа оношлогдож байгаа юм.

Тиймээс Засгийн газар өнгөрсөн наймдугаар сарын 06-нд Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв байгуулах шийдвэр гаргасан. Энэ дагуу 2025.09.07-ны өдөр Эрдэнэт хотод дэд төвийн үйл ажиллагааг нээлээ. Ингэснээр хойд бүсийн иргэд нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээг орон нутагтаа хийлгэх боломжтой боллоо.

Тус дэд төв эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ гээд цогц үйлчилгээ үзүүлнэ. Тухайлбал эмэгтэйчүүд, элэгний болон хөхний хорт хавдрын мэс засал хийхэд бэлэн болжээ. Одоогоор хоёр MRI болон томографийн аппарат суурилуулжээ. Цаашид үе шаттайгаар нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжөөр хангахаар төлөвлөсөн байна.

Хүний нөөцийн хувьд 177 орон тоотой. Хавдар судлалын үндэсний төвөөс 10 эмч ирж, ажиллана. 35 хүн хэвтүүлэн эмчлэх боломжтой төдийгүй өдрөөр 30 хүнд химийн эмчилгээ хийнэ. Түүнчлэн амбулаториор өдөрт 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай.

Хойд бүсэд хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв байгуулагдсанаар Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал 16 хүртэл хувиар буурах юм байна. Мөн хувь хүн, гэр бүлд ирэх санхүүгийн дарамт буурах, цаг хугацаа хэмнэх давуу тал бий болж байна.


Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг нээлээ   
Үзсэн: 187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй