Шууд Chart

Үндэсний бөхийн барилдааны тухай...

2023-07-11 10:06:01

Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Дэл уул хэмээх газраас илэрсэн хоёр эрэгтэй хүн өөд өөдөөсөө 2 гараараа тулан зогсож буй дүрслэлтэй хадны зургийг судлаачид бөхийн барилдааныг харуулсан дүрслэл хэмээн таамагласан байдаг. Энэхүү хадны зураг нь он цагийн хувьд 7-11 мянган жилийн өмнө буюу Хүрэл зэвсгийн үед холбогдох бөгөөд энэ үеэс бөхийн барилдаан үүссэн хэмээн үзэж болох чухал баримт юм.

Уран мэхийг уралдуулан, авхаалж самбаа, арга чадлаа сорин барилддаг үндэсний бөх нь үнэлж баршгүй соёлын өв, өнө мөнхөд өвлүүлэн үлдээх учиртай уламжлалт спортын нэг билээ. Өдгөө Үндэсний их баяр наадмаар болон онцгой тэмдэглэлт өдрүүдээр зохион байгуулдаг хүчит бөхийн барилдааныг 2011 оны 09 дүгээр сард үндэсний бөхийн тусгай арга хэмжээ болгон зохион байгуулж, 6016 бөх барилдсанаар “Хамгийн олон оролцогчтой барилдаан” хэмээн Гиннесийн номд бүртгүүлсэн түүхтэй.


Бөхийн өмсгөл

Бөхийн сүр жавхааг илтгэн харуулсан гоо үзэмж, төгс утга бүхий хэрэглэгдэхүүн бол зодог шуудаг. Монгол бөх нь бат бэх, голдуу торгомсог эдээр хийсэн өнгө үзэмж сайтай өмсгөл буюу зодог, шуудаг, гуталтай барилддаг. Бөхийн зодгийг өнгөний хувьд мөнх хөх тэнгэрийг бэлгэдэж цэнхэр, шуудгийг монгол бөхийн гал голомт тасрахгүй, үргэлжид бадамлаж байхыг бэлгэдэн улаан өнгөөр хийдэг. Түүхийн зарим үед монгол бөхийн зодог шуудаг нь шашны янз бүрийн нөлөөнөөс болж, харьцангуй өөр өнгөөр хийх тохиолдол гарч байсан ба 1921 оноос улаан зодог, хөх шуудгийг хэрэглэх болжээ.

Бөхийн барилдаан

Бөхчүүд наадам эхлэхэд зүүн, баруун жигүүрээс цолны эрэмбээр цувран гарч, өөр өөрсдийн засуулыг тойрон дэвж ёсолно. Барилдаан эхлэхээс өмнө болон дуусах мөчид дэлэх, дэвэх, өрөх, шавах, тахим өгөх, авах хөдөлгөөн нь нэг талаас бөхийн спортын урлаг, ёс уламжлалыг илтгэдэг бол нөгөө талаас бие халаах ач холбогдолтой юм. Наадмын үеэр бөхчүүд өөрийн засуул, зөвлөгчтэйгөөр барилдах бөгөөд засуул нь гурав, тав, долоогийн даваанд бөхөө цоллодог уламжлалтай.


Бөхийн цол

Улсын начин, харцага, заан, гарди, арслан цолтой бөхийн малгайн магнайн хэсэгт үндэсний бөхийн цолыг илэрхийлсэн хүчит болон үлгэр домгийн амьтдын дүрс бүхий цагаан мөнгөөр урласан дугуй хэлбэрийн ялгах тэмдэг байдаг. 1995 оноос 4 талт малгайг улаан залаатай болгож, түүн дээр шар өнгийн туузаар наадамд гаргасан амжилтыг тэмдэглэж ирсэн ба дээд талын залаа улсын баяр наадмын барилдаанд хэдэн удаа түрүүлж, үзүүрлэснийг, доорх залаа хэдэн удаа шөвгөрснийг илтгэдэг байна.

Олон нийтэд таниулахуй

“Үндэсний баяр наадмын тухай” хуулиар:

5 давсан бөх – Улсын начин
6 давсан бөх – Улсын харцага
7 давсан бөх – Улсын заан
8 давсан бөх – Улсын гарди
9 ба түүнээс дээш давсан бөх – Улсын арслан
Улсын арслан цолтон түрүүлсэн бол Улсын аварга
Улсын аварга цолтон түрүүлсэн бол Далай аварга
Улсын далай аварга түрүүлсэн бол Даян аварга
Улсын даян аварга түрүүлсэн бол Дархан аварга цол тус тус олгоно.

Бөхийн мэх

Бөхийн мэхийг барьцгүй хаях, барьцны, лав барьцны мэх гэж гурав хуваах бөгөөд эдгээрт нийтдээ 1000 орчим мэхийн хувилбар байдгийг судлаачид тогтоосон байдаг. Монгол бөхийн дүрэм тун энгийн. Барилдаанд толгой, тохой, өвдөг, их биеийн аль нэг хэсгээр (гарын хуруунаас бусдаар) урьдаж газарт хүрснийг унасанд тооцно.

Эх сурвалж: https://enaadam.mn


Үндэсний бөхийн барилдааны тухай...  
Үзсэн: 1144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй