Шууд Chart

Чулууны шидийг уран дүрслэлээр мөнхжүүлсэн уулын найрагч

2023-12-14 17:43:01

Нэрт яруу найрагч Тоомойн Очирхүүгийн мэндэлсний 80 насны ойд зориулав...

Хүн төрөлхтний  зан үйл аман болон биет соёлын өвд чулууны тухай, чулуу дэлхий ертөнцийн үүслийн эх болох тухай, чулуу нь хүмүүний амьдралын бүхий л зүйлийг бэлгэддэг тухай баримт элбэг. Тухайлбал хаш чулууг  эртний Грекчүүд хүн төрөлхтнийг удирддаг гурван дара эхийн нэг Моайра гэж, Ирландчууд дара эх Бриджид хэмээдэг, Египитчүүд шударга ёсны бурхан Маатта, Шинэ Зеландчууд шөнийн бурхан хэмээн шүтдэг уламжлалтай байна. Чулууг ингэж шүтэж биширч дээдлэхийн зэрэгцээ гоёл чимэглэл, эмийн хэрэглээнд өргөн ашиглаж дээдийн хэрэглээ болгосоор ирсэн ба өнөөдөр алт мөнгийг үнэлж болно харин хаш чулууг үнэлэх боломжгүй гэсэн нэгдмэл ойлголттой болжээ. Тэгээд ч манай ард түмэн шүр чулуу аянга цахилгааныг зайлуулна, анар баяр хөөр авчирна, молор уур уцаарыг намжаана, мана гэр бүлд аз жаргал авчирч хадгална, гартаам хэл ам хороос хамгаална, бадмаараг хүч чадлыг нэмж  дурлалыг тэтгэнэ гэхчилэн чулуу тус бүрийн ид шидийг тодорхойлон  хэрэглэсээр ирсэн баялаг уламжлалтай ард түмэн.

Чулууны энэхүү мөн чанар монгол аман болон бичгийн уран зохиолд уран туурвихийн эх ундарга, уран сайхны дээд эрмэлзлэл, гоо сайхны дээд таашаал энэ бүгд нь амьдралын үнэний тусгал болон хөгжиж ирсэн байдаг.

Тиймээс ч монгол ардын тууль “Хайрт Хар”-д
...Би гэдэг бол
Арцтайн таван дархан
Хангай уулын бэл дээрээс
Найман хүйтэн мөрөн
Голын эхэн дээрээс
Хааш хаашаа
Ерэн таван тохой
Булар хар хаднаас
Бутран тэсрээд гарсан
Гулинтайн чинээ тэвэгтэй
Гурван настай Хайрт Хар
Гэгч би байна...\Монгол ардын тууль. “Хайрт хар”. УБ. 1967. ШУА.ред. П.Хорлоо.тал-121\. Энд монгол орны уулархаг нутаг Алтай таван богд, Хангай нуруу, түүнээ орших гол мөрнүүдийг дурдсаны цаад санаа нь үеийн үед өвөг дээдсийн амьдран ирсэн Алтай Хангай уул ус гол мөрөн нь монгол түмний төрөх үржих, амьдрах үүрд мөнхийн орон байсан одоо ч байгаа гэсэн оршихуйн гүн ухаан нуугдаж байна. Чухамдаа энэ их уулс, гол мөрнийг тодотгон хүмүүний үүслийг хад чулуу хэмээн тодотгосон  “ Хааш хаашаа ерэн таван тохой Булар хар хаднаас бут үсрэн гарсан” эртний монголчуудын   оршихуйн гүн ухааны уламжлалыг Т.Очирхүү
Эргэн тойрон хадтай
Балбархайн хаваржаанд би
Эхний дуугаа чулуунд хадааж төрсөн
Ээжээс анх тасарсан миний нялхын хүй
Энэ нь бууцны чулуун дунд үлдсэн
Хүй , дуу хоёр минь чулуунд шингээстэй
Хүний орчлон тэхлээр би чулуунаас уяатай.., хэмээсэн нь уламжлалт туулийн сэтгэлгээн дэх хад чулуунаас бут үсрэн гарсан хүний түүхийг, өнөөгийн бодит амьдрал дээр тодотгон татаж эргэн тойрон хадтай Балбархайн хаваржааг дурдсаны учир туулийн “Арцтайн таван дархан Хангай уулын бэл” хэмээх туйлын хүслэнгийн орон зайг өөрийн төрсөн бууц Балбархайн хаваржаанд шилжүүлэн сэтгэн урласан шинэ цагийн яруу найргийн онцгой нэгэн сэтгэлгээ болж өгчээ. Шинээр төрсөн хүү хүйгээ чулуун дунд хадгалж, дуугаа чулуунд шингээн үлдээж улмаар түүний бүхий л амьдрал тэрхүү чулуунаас уяатай, хамаатай гэсэн агуулга илэрхийлсэн нь цаанаа   хувь бодгалийн  зөвхөн чулуутай холбоотой  сэтгэлгээ нь  түүний амьдралын бүхий зам мөрийг заан  холбож энэ  цагийн цаг хугацаа, орон зай түүнд өрнөх амьдралын асар өргөн үйлийг нээн гаргасан гүн санааг төрүүлсэн яруу найрагчийн сэтгэн бодох, урлан хэлэх их чадвартай холбоотой. Хувь хүний амьдралын бүхий л учир утгыг ийнхүү чулуутай холбон үзүүлсний дараа
...Хашаа хороогоо ч чулуугаар барьж
Хатуу өвлийг ч чулуугаар хаадаг
Хан хэрмийг ч чулуугаар өрж
Халуун галаа ч чулуугаар тулгалдаг
Арвай тариагаа ч чулуугаар татаж
Агт морьдоо ч чулуугаар аргамждаг
Уулын минь хөх чулуу орсон юмыг нэрлэснээс
Уулын минь хөх чулууг ороогүйг нэрлэсэн нь дээр.., Хадан дээр төрж, хүйгээ хадгалж, дуугаа үлдээсэн хүн  амьдралын их давалгаан дунд мөн л чулуутай бүхий л зүйлээр  хувь заяагаа холбож түүнээс хараат хамааралтайгаар дүрсэлсэн энэ хэсэг нь Бурхан багшийн чулууны номын сургаалтай агаар нэгэн  дүрслэгджээ.

Бурхан багш муу цагийн үе болоход туслахын ном үүнийг номлосон юм. Энэ ном бол зам лугаа адил болой...Гал морин жилд огторгуйгаас чулуу нэг бууж, их далайн дэргэд тусна. Тэр чулуу хагарсны дотроос гарсан номын үсгийг үзэж, сонссон дороо бичиж, уншиж, үйлдвээс өвчин гамшиг бүгд тасарч, зүүд хийгээд аюул бүгдээс амирлах болно. Үүнийг нэг нэгнээсээ нууж болохгүй үзүүлэх хэрэгтэй. Энэ нь нэг хошууны биш амьтан бүхний тусыг арвитгахад хэрэгтэй болно.. Гамшгийн цагт тэнгэрээс унасан чулуу хагарч түүн дотроос гарсан номын үсгийг уншиж дагаваас аливаа муу үйл бүхэн арилж амар жимэр амьдрах тухай сургаал ажээ. Энэ нь Буддын соёлын хүрээний дорно дахины улс үндэстнүүдийн утга соёлын зүйлд гэмийг ухаарах, гэмийг арилгах улмаар тэгш жаргалт тэнгэрийн оронд амьдрахын утга учрыг чулууг дээдлэх, чулуунаас бүх юм хамаарах тухай амьдралын ойлголттой холбон илэрхийлсэн гүн ухааны санаа юм. Чухам энэ санааг яруу найрагч Т.Очирхүү “Уулын минь хөх чулуу орсон юмыг нэрлэснээс Уулын минь хөх чулууг ороогүйг нэрлэсэн нь дээр”  гэж  энгийн атлаа, гүн утгат уран үгээр илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл амьдрах орон байр ч чулуутай хамаатай, идэж уух тариа ногоо ч чулуутай хамаатай, унаж хэрэглэх унаа морь ч чулуутай хамаатай, эдэлж хэрэглэж чимэг гоёл ч чулуутай хамаатай, эмчилж домнох эм тариа ч чулуутай хамаатай ажээ. Бурхны сургаал дахь чулууны номын сургаал нь мөн л  идэх уух, унтаж амрах, унаж явах, эдэлж хэрэглэхийн есөн зүйлээр тус тусад нь задлан өгүүлснийг “Чулууны магтаал”-д энгийн яруу сайхнаар дүрсэлсэн байна гэж хэлж болно. Т.Очирхүү найрагчийн “Чулууны магтаал” шүлэгт Алтай нутгийн уулын хүү чулуугаа харж, хайрлаж, мэдэрч, мэлмэрч уянгалсан бол  “Миний Алтай” шүлэгтээ яруу сайхны “би” баатар өөрөө тэр уулсын хэсэг нь болж, чулууны хэлтэрхий нь болж дүрслэгдсэнээрээ уулын хүн хөндлөнгөөс чулууны тухай биш, би баатар өөрөө чулууны дүр байдалд шилжиж нутаг ус уул хайрхнаа  гэх хүүгийн сэтгэл далд нууц байдлаас ангижирч өөрөөр хэлбэл,

...Энэ бие минь чулууны дунд өсөж
Эх орноо чулуутай цуг дуулсан
Эхлээд би эх орноо бүхэлд нь бичсэн
Энэ надад ахадсан
Дараа нь би Алтайгаа бичсэн
Дахиад надад томдсон
Хожим сүүлд нь би
Хот хөдөө үлдсэн аргамжааны чулуугаа бичсэн.. найрагч маань
...Урсгал Хулдын чинь усны дусалхан
Уул Сутайн чинь энгэрийн чулуухан
Өчүүхэн бие минь Алтай таных
Өндөр Алтай минь та минийх
Холыг туулах хүлэг минь
Хотлыг дуулах шүлэг минь
Мөрөөдөл хүслийн хос жигүүр минь
Мөнгөн дуулгат уулс таных..\Миний Алтай\. Уулын хүний, уулын хүүгийн санаа бодол, үйл бүтээл нь чулуун дээр төрж, өндийж,өсөж хүн болсноо эргээд тэр чулуугаараа өөрийн амьдралын бүхий л хэрэгцээг хангаж, амьдралаа холбон байснаа адаг сүүлд  өөрөө чулуунд хувиран тэр уултайгаа, тэр Алтайтайгаа  нэгдэж нийлж нэгэн эс ширхэг нь болж  унах хүлэгтэйгээ, унших шүлэгтэйгээ хос жигүүр болон ууландаа шингэж байгаагаар сэтгэсэн нь сэтгэлгээний их ур чадвар мөн. Ерөөс монгол яруу найргийн уламжлалд морь баатар хоёр нэгэн бие, нэгэн баатар болж хоорондоо салж үл болох “би” баатрыг бүтээдэг дүрсэлгээний уламжлал ч давхар энд яригдаж байна.
Эхлээд эх орны тухай бичнэ гэж санасан ч сэтгэн дүрсэлж чадахгүй ахдаж, дараа нь Алтайгаа бичнэ гэж бодсон ч өнөөх бүх юмны эхлэл үүсэл, амьдралын эх ундарга чулууны тухай ойлголт сэтгэлгээнд нь тэрсэлдэж эцэс сүүлд нь эргээд тэрхүү чулуундаа орж монголчуудын утга билиг, уран сайхны соёлын уламжлалаар бол мөн чанарын дотроос нь нээн үзүүлэх, Алтайгаа, уулаа, чулуугаа амилуулан үзүүлж мөн чанарыг  нээх олон санааг дам далдлан хураан өгүүлжээ.
...Унаа морио бөхлөхтэйгээ болж дээ хүү минь гэж
Урамшуулж хэлсэн эцгийн үг
Бядгүй балчирхан насны минь,бяцхан гарын оромтой цуг
Аргамжааны тэр л чулуунд арилшгүй үлдсэн бий
Ширхэгхэн ганцхан чулуу нь ч сэтгэлийн угт уяатай
Сэрүүн Алтай нутагтаа би хүлэг морь шиг аргамжаатай
Аргамжааны тэрхэн чулууг тойрон идээшлэх хүлэг шиг
Аяа эх орон чамдаа би тоосны үзүүрээс эргээстэй.\Аргамжааны чулуу\
Алс газраас нутгаа санаж, түүний төлөөлөл болж өвст судгийн эхэнд буй аргамжааны чулууг санан өгүүлсэн зураглал нь бага насны тухай бодол эргэцүүлэл болон хувирч ширхэг чулууны дурсамж нь түүнээс аргамжаатай морь, чулууг тойрон буй Алтай нутгийн тухай сэтгэлгээ рүү ургасан  уран сэтгэмжийг хийсвэрлэснээрээ дорно дахины уламжлалт дүрслэлийн хэв маягт байдаг дүрслэлийг бий болгож чаджээ. Өөрөөр хэлбэл “аргамжааны чулуунд арилшгүй үлдсэн багын дурсамж балчирхан гарын ором”-ыг үзүүлсэн тодорхойгоос Сэрүүн Алтай, эх орон болж ерөнхийд шилжсэн, онцгойгоос нийтлэг рүү хандсан  тэр нь эцэстээ ухааран сэнхрэх, бясалган бодох, ухан ойлгохын маш энгийн атлаа гүн нарийн урлах үйл, дүрслэх арга, сэтгэлийг шинжлэн илэрхийлэх эрдэм байжээ гэж хэлж болно.
 

Ингэж ухан бодож, ухааран сэтгэж сэтгэлийн хөг эгшгээ илрүүлэн гаргасан “Би уулын хүн”,”Уул”,”Сутай хайрхан уул минь”,”Миний Алтай”,”Алтайн даваан дээр бичсэн шүлэг”,”Уулын өвгөд өндөр настай”,”Алтайн унага”,”Нутгийн өвгөд”,”Хан уулын унага хад чулуун дээр номхордог”,”Чулуу” зэрэг олон уран бүтээлийг удаалан туурвиж үлдээжээ.  Тиймдээ ч түүнийг судлаачид  “чулууны найрагч”,”чулуучин найрагч” гэсэн бидний саналыг” энд дахин тодотгон хэлэхэд таатай байна.

ШУ-ны гавьяат зүтгэлтэн, доктор С. Байгалсайхан


Чулууны шидийг уран дүрслэлээр мөнхжүүлсэн уулын найрагч  
Үзсэн: 2923 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-12-14 17:59
Маш сайхан нийтлэл байна.

Бидэнтэй нэгдээрэй