
Улс төрийн намын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ” гэж заасан.
Хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намуудад 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр албан бичиг хүргүүлж, санхүүгийн тайланг нь хүлээн авав.
Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 2025 оны хагас жилийн санхүүгийн тайлангаа 27 нам хуулийн хугацаанд ирүүлж, Үнэн ба зөв нам хоцроож буюу 7 дугаар сарын 24-ны өдөр ирүүллээ. Харин Монголын либерал нам, Бүгд найрамдах нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам, Монгол шинэчлэлт нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам зэрэг 9 нам санхүүгийн тайлангаа ирүүлсэнгүй.
Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь хэсэгт “энэ хуулийн 37.2-т заасан үүргээ зөрчин хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй” бол Улсын дээд шүүх сонгуулийн төв байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн намыг идэвхгүйд тооцох тухай шийдвэрийг гаргахаар заасан. 2024 оны жилийн эцэс, 2025 оны хагас жилийн тайлангаа Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам, Монгол шинэчлэлт нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам зэрэг 7 нам ирүүлээгүй байна гэж Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээллээ.
СЕХ: Улс төрийн 27 нам хуулийн хугацаанд тайлангаа ирүүллээ | ||
Үзсэн: 326 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.