Шууд Chart

Амтат бялууны амтыг үгээр хэрхэн дүрслэх вэ?

2013-07-31 17:37:10

Х.Эрдэмбилэг нь Утга Зохиолын Дээд Сургуулийг төгссөн сэтгүүлч, утга зохиолын ажилтан. Тэрээр сургууль төгссөнөөсөө хойш хэд хэдэн ном орчуулсан бөгөөд өөрийн отгон бүтээлээ удахгүй уншигчдын гарт хүргэхэд бэлэн болоод байна. Энэхүү номын зарим хэсгээс нь дээжлэн цувралаар хүргэж байна.

Англид ирээд жил гаруй болж байгаа Болдын ажил үйлс өөдрөг. Лондонгийн амьдралд хурдан дасаж, хичээл сургуульдаа шамдан, хажуугаар нь 7 хоногийн 20 цагийн ажил олоод хийчихсэн, ер нь л дажгүй. Харин хааяа нэг гэнэ гэнэхэн санамсаргүй санаа алдана. Заримдаа ч даабл дээкийн[1] дээд давхарт суучихаад ганцаар бодлогошрон хаашаа ч хамаагүй тэнүүчлэх нь бий. Уг нь тэрээр сэтгэлээр амархан унадаггүй, хаа очсон газраа найз нөхөдтэй явдаг нийтэч залуу. Гэтэл Англид ирээд жил гаруй болоход хүссэн ч мартаж чаддаггүй хүн бас байдаг юм байна хэмээн ухаарчээ. Болд аав ээж, ах, эгч дүүсээ санасангүй: зүгээр л бодлоос нь нэг охин гардаггүй.
 
“Цаг хугацаа хурдан өнгөрөх юм аа” хэмээн Болд бодсоор Хайд паркийн модон сандал дээр ганцаар сууна. Эгц өөдөөс ээх нар түүнд тун таатай санагдана. Хаврын уур амьсгал орж, хажуугаар өнгөрөх хүмүүс аль болох энэ үдийн таатай мөчийг инээмсэглэлээр дүүргэх гэсэн мэт аядуухан алхана: хичээлийн дараа тэр нарлан суугаа нь энэ.
 
Орой ажилгүй, зөвхөн даалгавраа хийх бөгөөд өнөөдөр хичээлээ тараад Монголын ЭСЯ-ны гуанзанд хэдэн хуушуур идчихсэн тул умгар өрөөндөө очоод хоол ч хийх хэрэггүй. Тэгээд ч тэр өнөөдөр даалгавар хийх гэж санаа зовсонгүй.
 
Өнөө өглөө Болд хичээлийн завсарлагаанаар Монгол руу, одоо хүртэл мартаагүй цээжээрээ мэддэг нэгэн дугаар луу залгасан боловч:
—Байна уу? гэх танил хонгор дууг сонсоод зүрх нь түргэн цохилж, амьсгаа нь давчдан үг хэлж чадалгүй утсаа тасалсан.
 
Нарлан суугаа Болдод цээжинд бөөгнөрөх бөөн хар юмыг гаргахгүй бол болохгүй, эс тэгвээс санаа алдах тусам хүндрээд байгаа мэт санагдана. ''Нэгэнт л өнгөрсөн хойно мартвал яасан юм бэ?'' хэмээн байнга өөрөөсөө асуудаг асуултаа сэтгэлдээ тавив; хариулт нь ч мөн элэгдсэн: ''Харин тиймээ март!...''. Гэхдээ тэр мартахын тулд яах ёстойг мэдэхгүй байв. Хэн ч түүнд энэ талаар зөвлөгөө өгч чадахгүй гэдгийг ч тэр гадарлаж байлаа.
 
 
 
Ийнхүү санаа сэтгэлээ амраан нарлан суусан Болд гэнэт зүүнд хатгуулсан мэт огцом босож, хичээлийн үүргэвчээ модон сандал дээрээс шүүрэн аваад шийдэмгий гээч нь Квийнсвэйгийн Монгол прокат руу алхлаа. Түүнд нар жаргаж бүрэнхий болохоос өмнө зоригтой шийдвэр гаргах ёстой гэж бодогдов. Хайд Паркаар хөндлөн гулд Квийнсвэй рүү алхах зуураа ''Өнөөдөр ингэж дэмий бодлогоширч суух өдөр биш. Би заавал нэг зүйл хийх хэрэгтэй'' гэж тэр хатуу шийдээд хажуугаар зөрөх аз жаргалтай, амгалан тайван хүмүүсийг дуурайх аядан дүр эсгэж зовнилоо мартахыг завдав.
 
Хоёр жилийн өмнө хаврын нэгэн салхитай өдөр, МУИС-ийн II байрны өмнө Болд, Золоотой санамсаргүй танилцжээ. Танилцсан мөчөөсөө л Болд урьд зөвхөн зүүдэнд л мэдэрч байсан болов уу гэмээр шинэ орон зай руу цөмрөөд орчих шиг болжээ. Болдын нүдэнд Золоо аядуу зөөлөн асарвал улам л дэлгэрэн дэлбээлэх гоёмсог цэцгийн дэлбээ шиг харагдаж, харин Золоогийн нүдэнд Болд багадаа үздэг байлдаантай киноны баатар шиг нь шулуун шударга, зоригтой, гоолиг сайхан залуу болж хувирчээ. Ёстой л түшээд ч авмаар, тушаад ч хоримоор—өөрөөсөө ч Золоо ичэх шиг болж дээ.
 
Жил гаруй үеэрхдээ Золоо, Болдоо хоёр хайр сэтгэлээ илчилсэнгүй. Яагаад гэвэл элдвийн энгийн зүйлс ярих нь тэдэнд хангалттай бөгөөд, хамтдаа хэсэгхэн байхад л хаанаас ч олж уншаагүй, ямар ч киноноос үзээгүй увдист мэдрэмжинд автана. Тэр хоёрт нууцхан мэдрэмжээ оноод хэлчих үг ч олдсонгүй. Хамаг амьдрал нь урьд байхад залуу насны босгон дээр амьдралын гүнзгий, сонин амт шимтийг мэдрэх юм гэж Болд ч, Золоо ч таагаагүй билээ.
 
Нэгэн удаа өвлийн адаг сарын нэгэн үдэш цас хаялсан хотын төвийн гудамжаар алхаж явахдаа Болд, би Америкад байдаг найз охинтой гэж яагаад ч юм онгирмоор санагдаад худлаа хэлчихэж л дээ. Тэгэж хэлснийх нь дараа Золоогийн ааш хувиран түүнтэй нэг л хөндий харилцаж, удахгүй хүнтэй суух гэж байгаа гэж хэлэн хариугаа авчээ. Хэдийгээр Америкт найз охинтой ч Болдод энэ нь хүнд цохилт болж Золоог нөхөртэй болох гэж байгааг сонсох нь битгий хэл, төсөөлж ч чадахгүй байлаа.
 
Дуралсан хоёрын сэтгэлд хар сүүдэр унаж, жаргал нь зовлон болов. Болд Золоотой тэр бүр дураараа уулзаж зүрхлэхээ байж заримдаа түүнийг хичээлдээ явахаар өглөө орцноосоо гарахад нь хажуугийн байрны орцных нь цонхоор харч зогсдог ч болов. Харин Золоо Болдтой уулзахыг тэсэн ядан хүлээдэг ч өөрөө зориглож түүн рүү утасдаж чаддаггүй байлаа.
 
Ийнхүү битүүхэн дуралсан хоёрыг мунгинаж байтал хавар өнгөрч, зун болов. Зуныхаа амралтаар Болд гэрийнхээ хажуу талын интернэтээс английн нэгэн хэлний сургууль руу захиа бичиж гэнэ, урилга хүрээд ирж гэнэ. Урилгаа бариад Английн ЭСЯ-наас виз хүсч гэнэ, виз гарчихаж гэнэ. Тэгээд л Золоог хүнтэй гэрлэхээс өмнө Лондон руу ум хум нисэж дээ. Золоо тэр үед өвөө, эмээгийндээ хөдөө амарч, намар очоод Болдоос надад найз охинтой гэж худлаа хэлсэн үү? гэж асуугаад, худлаа хэлсэн гэвэл би ч гэсэн хэмээн хариулна гэж сэрүүн зүүдлэн голын эрэг дээр өнждөг байжээ...
 
Харин одоо Болд Квийнсвэйгийн олон улс, үндэстний хүмүүс жижиг жижиг тасалгаа, павилион түрээслэн өөр өөрсдийн онцлогтой худалдаа наймаа хийдэг нэгэн худалдааны төвд байдаг Монгол прокат руу ирчихсэн сумогийн шинэ бичлэг үзэн, үсээ засуулдаг ч юм билүү гээд л зогсож байна. Энэ худалдааны төвд орос баншнаас эхлээд үсчин, компьютер засвар хүртэл байдаг. Үнэ нь ч гайгүй боломжийн. Гэхдээ компьютерийн хувьд боломжийн үнээр болохгүй юм авснаас шинийг нь авсан дээр гэдгийг Болд яс махандаа ортол сайтар ойлгосон.
 
Учир нь Англид ирээд анх өрөө шейрлэдэг[2] шри-ланк залуугаас хуучин лаптопийг[3] нь 7 хоногийн цалингаараа авчихаад, таарах зайг нь Квийнсвэйгийн ихэвчлэн лалын шашинтай, эндэхийн монголчууд халтарууд гэж нэрлэдэг хүмүүсээс лавлаж асууж байгаад их сайхан ааштай, хөмсөг, сахал болсон залуугаас 30 паундаар авсан юм. Гэтэл өнөөх зайг нь өрөөндөө очиж цэнэглээд лаптопоо асаах гэтэл ажилладаггүй. Дутуу цэнэглэсэн гэж байхгүй тул нурсан зай авсан нь тодорхой болов. Бүр худалдаж авсан зай нь хуучин зайнаасаа ч долоон дор юм байв.
 
Болд элдвийг бодсон ч үгүй шууд нөгөө хөмсөг, сахал болсон алаг нүдэн халтар залуу руугаа очиж, нурсан зайгаа солиулья гэжээ. Халтар залуу ч хариулт нь бэлэн:
—Нэмээд 10 паунд өгчих би чамд шинэ зай маргааш аваад ирнэ. Чи маргааш өдөр хүрээд ир гэжээ. Болд ч мөнгө нь бэлэн, түрүүвчнээсээ 10 паунд сурмаг гээчийн гаргаж, thank you-тай өгчээ. Ингээд see you-тэй тэд салцгаав. Харин эргэж уулзацгаасан түүх нь жаахан баргардуу. Үнэндээ бол жаахан баргардуу ч биш—зурагтын тод бүдгийг тохируулдаг шиг гэгээнтэйгээс пад хар луу орсон. Ярих ч юм биш. Оросын яруу найрагч Пушкиний Алтан загасны үлгэр шиг л юм болсон. Гэхдээ даварсан өвгөний биш, харин даварсан алтан загасны тухай үлгэр байсан гэвэл илүү ононо. Мэдээж нааш цааш гүйж харайснаараа манай Болд өвгөн нь болно.
 
Сүүлдээ бүр мөнгөө авья гэж хэлэхэд нь даварсан алтан загас хөөрхий Болдыг маань тэнэг мангараар нь дуудаж, бид буцаадаггүй, хэрэв шинийг авахыг хүсэж байгаа бол нэмээд 60 паунд өг гэж ирээд л англиар дуржигнатал загнаад хаячихна. Хэчнээн хэрэлдмээр байсан ч Англид ирээд хоёр сар ч болоогүй шахам байсан Болд маань түүний хэл амыг гүйцэхгүй лангууных нь өмнө дэмий л хачин царайлан зогсож плийз, мээн[4] гэхээс цаашгүй.
 
Арчаагүй байдлаасаа Болд хэчнээн их ичсэн гээч, “энэ будааны хүүхдэд хэл амаар доромжлуулж, дээрэмдүүлээд зогсож байх ч гэж дээ” хэмээн монгол залуу маань хор шарандаа бодоод, англи хэлийг хурдан сурья гэж хатуу шийдсэн. Зөв дүгнэлт хийдэг ухаантай залуу байгаа биз. Ухаантай учраас л энэ бараа явдлыг гэгээтэй үр дагавартай болгосон юм.
 
Тэр явдлаас хойш Болдын англи хэл цусанд нь түмпэн түмпэнгээр юүлж (тархинд биш, бүр цусанд нь шүү!) өдөр өдрөөр сайжирсан. Гэхдээ манай Болд 40 паундаа алдаагүй л дээ. Квийнсвэйд хулхидуулсан тухай зохион бичлэг маягтай юм бичиж бэлдээд ангийнхаа багшид ярьжээ. Багш нь бараг хагас дутуу сонсоод л, алив хоёулаа очье гээд түүнийг араасаа дагуулан алхсан. Ингэнэ чинээ ч Болд бодсонгүй, Англи хүмүүс хувь хувийнхаа ажил хэргийг дор доороо болгоод байвал боллоо гэсэн үзэлтэй тул хэн нэгэнд туслах гэж хэн нэгэн нь цаг заваа гарзддаггүй гэж тэрээр санаж явсан. Харин багш нь шал ондоо хүн байлаа. Магадгүй орос гаралтай бүсгүй байсан болохоор тэгж тусалсан ч байж мэднэ. Багш нь нөгөө халтарыг ч ёстой жижигрүүлсэн дээ.
 
 
Эхэндээ нөгөөдөх чинь багшийг нь сонжиж хараад л доогтой нь аргагүй сууж байсан чинь сүүлдээ бага ангийн сурагч мэт өрөвдөлтэй царайлан босоод зогсчихсон. Тэгээд багшийг нь шаардаагүй байхад 40 паундыг нь сарвайн өгч салахын түүс болсон билээ. Тэр явдлаас хойш энд ирэх тоолондоо Болд ялсан баатар шиг пээдгэр алхах болсон юм.
 
Монгол сумочдын урамтай сайхан барилдааныг үзэж зогсож байгаад хэдийгээр түүнд байр, ажлын зар сонирхох шаардлагагүй ч нэг л авралын алтан од тэнд байгаа мэт совин татахад өөрийн эрхгүй зарын самбар руу хараа тусгав.
 
Ихэвчлэн гараар бичсэн зарын самбар дээрх жижигхэн зар, зарын дундаас жаазтай диплом шиг содон А4-ийн цаасан дээр нэг зар байх юм гэнэ. Уншлаа: Таны хайр шингэсэн сэтгэлийн үгс чинь тансаг амтат бялууны хамт зөвхөн ганцхан өдрийн дотор Улаанбаатарт амьдарч байгаа ар гэрийнхэнд чинь очих болно. Үнэ 15 паунд. Бид өөрсдийнхөө унаагаар гэрт нь хүргэж шуурхай үйлчилнэ…”.
 
Энэхүү зар зөвхөн Болдод л зориулсан мэт, түүнд л үг хэлж, сэтгэлд нь бөөгнөрсөн бөөн хар үүлийг туугаад үлээчихсэн мэт санагдав. Зар дээр утасны дугаарын ард Туяа гэж бичсэн байлаа. Түнэр харанхуйг сарны туяа хурц процектор шиг захаас нь гэрэлтүүлсээр зүрхэн дээр нь тусах мэт гайхалтай сонин төсөөлөл Болдын тархинд зурсхийхэд хоёр долоон хоногийн цалингаараа авсан шинэхэн гар утсаа Болд тэрхэн зуур халааснаасаа гаргаад, амьдралдаа анх удаа гар утсандаа дугаар хийж буй мэт зар луу нэг, гар утасныхаа дэлгэц рүү нэг харсаар тоо бүрийг нягтлан 0…7…8…3…8…2…9…6…0…7…9 гэж бичээд Амтат торт Туяа гээд алдаа мадаггүй хадгалав. Тэгээд Улаанбаатарын Төмөр замын вокзал хавиар холхилдож байгаа мэт тэр хавиар байнга эргэлдэх хэсэг бүтэлгүй нөхдөөс хөндийрч холдоод гүнзгий амьсгаа аваад Амтат Торт Туяа руу залгав аа: дүүд…дүүд…дүүд:
—Байна уу? хэмээн их л дотноор нэгэн бүсгүйн намбалаг дуу сонсогдоход, төрсөн эгчтэйгээ ярих гэж буй мэт сэтгэл төрсөн Болдын хэл татсангүй, гар салганасангүй.
—Аа байнаа, би торт сонирхсон юм. Танайх Монголд торт хүргэж өгч байгаа юм уу? гэж их л эвлэгхэн, тодорхой хэлэв.
—Тиймээ, Улаанбаатарт хаана ч хамаагүй хүргээд өгнө. Хэрэв одоо захиалвал маргааш гэхэд хүссэн цагт чинь аваачаад өгчихнө гэж бүсгүй хариулав. Болдод яагаад ч юм утсаар ярьж буй бүсгүй их дотно санагдаад, урьд нь яг ингэж утсаар ярьсан мэт санагдахад тэрбээр өөрийн эрхгүй:
—Туяа эгчээ хэмээн өөриймсөж,—би найз охиндоо торт бэлэглэх гэсэн юм,—тэрээр найз охиндоо гэж хэлээд сэтгэл нь гэнэт онгойж уужрах шиг болов,—гэхдээ үүнийг гэнэтийн бэлэг болгож өгөх хэрэгтэй байна л даа. Харин надаас гэдгийг нь тортоо өгсний дараа хэлмээр байгаа юм. Тэгж зохицуулж болох болов уу? гэж асуулаа.
—Өө тэр бололгүй яах вэ? Бид утсаар нь холбогдоод хаана байгаа газар нь очоод өгөх хүртлээ Англиас гэдгийг нь хэлэхгүй хэмээн бүсгүй залуугийн бодлыг таасан мэт хариулав.
—Тэгвэл эгчээ та тортоо өгсний дараа Англиас Болд,—тэрээр арай найз залуу чинь гэж хэлж зүрхэлсэнгүй—илгээсэн гэдгийг нь хэлээрэй гэж Монголд байгаа хүмүүстээ захиарай хэмээн Болд гуйв. 
—Миний дүү тэрэнд санаа зоволтгүй. Гэхдээ чи гэнэтийн бэлэг барьж байгаа бол өөрөө мессэж бичээд эгчийнхээ утас руу явуулж болно шүү дээ. Эгч нь Монголд байгаа хүмүүстээ чиний мессэжийг илгээчихнэ. Тэгээд л тортоо өгсний дараа хэнээс өгч байгааг нь асуухад тэд чиний мессэжтэй ил захидал өгнө хэмээн Амтат торт Туяа жинхэнэ киноны сценари шиг санал хэлэв. Болдын нүдэнд тэр даруй Золоогийн гайхсан, баярласан алаг нүд нь үзэгдэв. Тэрхүү кино шиг үйл явдлыг ганцхан үг хэлээд л түргэлүүлчих мэт санагдах Болд, золтой л ура хашгирчихсангүй:
—Тэгээд эгчээ мөнгөө яаж төлөх юм бэ? Би тань руу очиж өгөх юм уу? хэмээн уралдааны хөөрүү морь шиг аль хэдийн хөөрчихсэн Болд, Туяа эгчийнх Лондонгийн нөгөө захад байсан ч хамаагүй, хар эрчээрээ гүйсээр аваачаад өгөхөд бэлэн болчихов:
—Өө миний дүү заавал уулзаж өгөх албагүй. Halifax банкны салбараас эгчийнхээ дансанд мөнгө хийчих нь дээр гэлээ. Үнэхээр цаг хугацааг хурдасгасан санаа байсан тул Болд шууд л Монгол прокат байрладаг худалдааны төвөөс гарахаар үүд рүү алхлаа. Харин утсаар түүнтэй ярьж буй бүсгүй түүнийг нэг зүйл мартаж буйг нь хажууд нь байгаа мэт мэдрээд:
—Эгч нь одоо чиний утас руу дансны дугаар явуулна гэлээ. Болдод энэ үг төрсөн эгч нь машин замаар сайн харч гараарай гэж хэлсэн аятай сонсогдов.
—Эгчээ танайд Лондонгийн бэлэг дурсгалын зүйл байхгүй л байхдаа хэмээн Болд гэнэт асуулаа. Тэрээр Золоог сувенир цуглуулдгыг мэддэг болохоор Лондонгийн гудамжаар алхаж худалдаа наймаа сонирхож явахдаа гоё чамин зүйлсийг хараад ямагт Золоод бэлэглэх юмсан гэж дотроо боддог байсан билээ.
 —Манайх чинь бас Лондонгийн бэлэг дурсгалыг хамт өгдөг шүү дээ хэмээн бүсгүй утасны цаанаас хариулахад, Болд хүсэл нь ийм амархан биелж байгаад маш гайхан золтой л дахиад ура хашгирсангүй:
—Тэгвэл эгчээ та хамгийн гоёос нь...хамгийн гоёос нь миний найз охинд өгөөрэй. Яагаад гэвэл миний найз охин хамгийн хөөрхөн, хамгийн гоё охин хэмээн Болд яг л романтик кинонд тоглож байгаа мэт чанга хэлэв. Утасны цаанаас тачигнасан цээлхэн инээд сонсогдож:
—За тэгвэл хамгийн хөөрхөн, хамгийн гоё охинд юу өгдөг юм билээ? хэмээн бүсгүй асууллаа.
—Эгчээ танайд Лондонгийн модон сандал байгаа юу? хэмээн Болд асуув. Тэрээр цэцэрлэгт хүрээлэнд модон сандал дээр бодлогошрон ганцаар суух болгондоо, Золоотойгоо ингээд сууж байх юмсан гэж мөрөөддөг бөгөөд нэгэн дэлгүүрт тийм сувенир харсан билээ.
—Тэр чинь харин ёстой ганцхан үлдсэн байгаа шүү гэж бүсгүй хариулахад Болд золтой л дахиад ура хашгирсангүй.
—Ямар үнэтэй бэ? гэлээ.
—Лондонгийн үнээр хэмээн бүсгүй хэллээ. Болд үнийг нь сайн мэддэг болохоор шууд худалдааны төвийн хаалгаар гүйх шахам гарав. Бүсгүй түүний хажууд байгаа мэт:
—Миний дүү, мессэжээр зурвас, найз охиныхоо утасны дугаарыг явуулахаа мартав аа гэж түүнд сануулахад:
—Мартахгүй эгчээ хэмээн хажуухан талд харагдах Halifax банкны салбар луу гүйлээ.
Банкны салбарт дарааллаа хүлээн зогсож байхдаа Болд “Золоо найз нь чамайгаа маш их санаж байна. Хоёулаа удахгүй Лондонгийн тэнгэр доор энэ модон сандал дээр суух болно” гэж огт түүртэлгүй бичээд, огт эргэлзэлгүй маш итгэлтэйгээр Амтат торт Туяа руу илгээв.
 


[1] Хоёр давхар улаан автобус
[2] хамт амьдардаг гэсэн утгатай английн монголчуудын хэллэг
[3]зөөврийн комьютер
[4] найзаа гуйж байна  гэсэн утгатай
 
үргэлжлэл бий...

Амтат бялууны амтыг үгээр хэрхэн дүрслэх вэ?  
Үзсэн: 2543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Туяа [80.0.75.xxx] 2017-11-23 19:09
Баярлалаа.кк

Бидэнтэй нэгдээрэй