Шууд Chart

Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ

2026-04-30 07:40:08

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиерден болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын удирдлагын багийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны явц, ололт амжилт, цаашдын чиглэлийн талаар санал солилцлоо. Тэрбээр Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлж, нийгэм, эдийн засагт бодит үр дүн гаргахад НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар болон түүний баг хамт олон чухал хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв. Геополитикийн зөрчил, улс орнуудын мөргөлдөөн олон улсын харилцаанд тодорхойгүй, тогтворгүй байдал үүсгэж буй энэ үед дэлхий нийтийн үйл хэрэгт НҮБ-ын үүрэг, оролцоо улам бүр чухал болж байгааг Ерөнхий сайд онцоллоо. Мөн энэ онд Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой тохиож байгааг дурдаж, ойн хүрээнд хамтран зохион байгуулах арга хэмжээнүүдэд онцгой ач холбогдол өгч буйгаа тэмдэглэв.

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа Тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэж байгааг онцолж, хүний хөгжлийг бодлогын цөм болгон, цахим шилжилтийг хурдасгах, ногоон хөгжилд инновац, хөрөнгө оруулалтыг дэмжих, байгаль орчны доройтлыг сааруулж, нөхөн сэргээх чиглэлд тууштай ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжлийг дэмжих ач холбогдол бүхий тогтоол баталсныг онцлов.

“Монгол Улс–НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023–2027” хөтөлбөрийн хэрэгжилтийг талууд сайшаан үнэлж, цаашид илүү үр дүнтэй, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэхэд санал нэгдсэн байна. НҮБ-аас Монгол Улсад 2028–2032 онд хэрэгжүүлэх таван жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулна гэдгийг Суурин зохицуулагч Яап ван Хиерден илэрхийллээ. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар ногоон хөгжлийг бодлогын тэргүүлэх чиглэл болгож байгааг онцолж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлд гаргаж буй шийдвэрүүд нь НҮБ-ын бодлого, зорилттой нийцэж байгааг тэмдэглэв.

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэл хангахад НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар болон төрөлжсөн байгууллагууд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийлж, бэлтгэл ажлыг эрчимжүүлж, тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллана гэлээ.


Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ  
Үзсэн: 59 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй