Шууд Chart

Х.Жигүүр:Хуучны уран бүтээлийг сэргээж дуулахдаа судалгаа сайн хийх хэрэгтэй

2026-02-01 12:50:58

Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан дуучин Х.Жигүүрийг “Редакцын зочин" буландаа урьж ярилцлаа.

-Уран бүтээлийн талаар яриагаа эхэлье?

-Би 2005 онд СУИС-ийн эстрад дуулаачийн ангид элсэж орж, 2010 онд сургуулиа төгссөн. 2010 оноос хойш тууштай уран бүтээлээ туурвиж байна. Ерөнхийдөө тавдугаар ангиас эхэлж дуу дуулж, дуу хөгжмийн хичээлдээ сонирхолтой болж эхэлсэн.

Боловсролын тэргүүний ажилтан СТА н.Цэнджав багш намайг дуулах авьяастай байна гэж хэлж байсан. Ингээд л дууг сонирхож, дуулж эхэлсэн. Тавдугаар ангиас сургуулийнхаа сүлд дууг дуулж байсан. Мөн улс болон дүүргийн дуу уралдаанд их оролцож, шагналт байранд их шалгардаг байлаа. Дуу хөгжмийн багш маань намайг дагуулж СУИС-д очиж шалгалт өгч байсан.

-Багаасаа дуучин болох сонирхолтой байсан уу. Ер нь өөр чиглэлээр суралцах хүсэлтэй байсан уу?

-Манай сургуулийн дуу хөгжмийн багш маань 9-10 дугаар ангидаа дуулж хэрэггүй гэж зөвлөж байсан. Шилжилтийн үе байдаг учраас хоолойгоо эвдчихнэ гэж хэлсэн байсан. Ингээд хоёр жил дуу дуулаагүй. Би эмч болох хүсэл сонирхолтой байсан. Хоёр жил дуулаагүй учраас эмч болно доо гэж бодож байсан. Манай дуу хөгжмийн багш  намайг Г.Хайдав багшийн шавь болгоно хэлдэг байсан.

Ингээд СУИС-ийн Дуурийн дуулаачийн ангид шалгалтад бэлдэж эхэлсэн. Дуурийн дуулаачийн ангид тэнцэхгүй бол Эстрад дуулаачийн ангид давхар шалгалт өгөөрэй гэж  байсан. Тухайн үед Дуурийн дуулаачийн ангид намхан нуруутай гээд тэнцээгүй. /Инээв/

Харин Эстрад дуулаачийн ангид шалгалт өгөөд тэнцсэн. Тухайн үед СУИС-д Улаанбаатар хотын 15 хүүхэд бусад орон нутгийн хүүхэд авна гэж байсан. Улаанбаатар хотын 15 багтаж СУИС-д орсон.

-Хэрэв эстрад дуулаачийн ангидаа тэнцээгүй бол эмчийн мэргэжлээр суралцах байсан уу?

-Арван жилдээ хичээлдээ нэг их сайн байгаагүй. Гэхдээ алтан дундаж сурдаг байсан. СУИС-д дуулаачаар ороогүй байсан бол хичээгээд эмч болох гээд үзэх байсан байх. /Инээв/

-СУИС төгсөөд мэргэжлээр дагнаж дуулах нь нэлээд хомс байдаг. Таны хувьд аль чиглэлээр түлхүү уран бүтээл туурвиж байна бэ?

-СУИС -ийн СТА Н.Баасанбат багш маань таван жилийн хугацаанд миний хоолойг Драматический тенор гэж тодорхойлсон. Миний өөрийн сонирхол дуурийн дуучин болох  сонирхолтой учраас  энэ чиглэлээр хичээллэж дуулж байсан. Мөн оюунтан байхдаа нийтийн дуу дуулдаг байсан.

Тухайн үед С.Жавхлан, Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ, Т.Батсайхан, Г.Эрдэнэтунгалаг нарын дуу хит болж байсан. Эдгээр дуучдын уран бүтээлийг сонгож, дагаж дуурайж дуулдаг байлаа. Ардын жүжигчин С. Жавхлангийн гарсан дуу болгоныг дагаж дуулдаг байсан. Одоо нийтийн дуу дуулж байна. Орчин үед нийтийн дууны хөгжим найруулга нь орчин үеийн хөгжим рүү  шилжиж орсон.

-Анхны уран бүтээлийн талаар?

-Анхны уран бүтээлийн талаар ярихаас өмнө нэг оршил ярина. Миний өвөө Булган аймгийн Могод сумын харьяат Н.Очирбат  гэдэг хүн байсан. Өвөө маань маш олон сайхан дууны шүлэг бичсэн. Олон сайхан дууны уран бүтээлийг ард түмний хүртээл болгосон. Хамгийн анхны уран бүтээлийг Өвөөгийн шилдэг  УГЗ Д.Бадарчийн хөгжим “Дууны жигүүртэй амьдрал” гэдэг сайхан дууг оюутан байхдаа дуулсан. Өвөөгийн шүлэг яруу найраг, зохиол бүтээлүүдэд жигүүр гэсэн нэр нэлээд их орсон байдаг.

Миний нэрийг ч өвөө маань өгч байсан. Энэ бас утга учиртай байх гэж бодож явдаг. Урлагийн зам хөлд тавих хөшүүрэг бол миний өвөө. Миний өвөө Монголын радиод сэтгүүлчээр бас ажиллаж байсан. Миний хувьд ийм мундаг хүний ач болсондоо маш их баярлаж бахархаж явдаг. Өвөөгийн зохиосон дууг сэргээж дуулж байгаа. Өнгөрсөн оны гуравдугаар сард  манай өвөөгийн шүлэг З.Хангалын хөгжим  “Хайрын хишиг”  уран бүтээлийг өөрийн болгож дуулсан. Энэ жилдээ багтаж “Аав минь” гэдэг сайхан дууг дуулна.

-Уран бүтээл хийхэд хүндрэл бэрхшээл хэр гардаг вэ?

-Уран бүтээлчид хүний хамгийн чухал зүйл дэмжлэг байдаг.  Уран бүтээлийн хийж байх хугацаанд шантрах зүйл гардаг. Санхүү мөнгөнөөс эхлээд асуудал гарах тохиолдол зөндөө бий.  Шинэ уран бүтээлийг үзэгч сонсогчид хүргэнэ гэдэг маш чухал. Одоо уран бүтээлийн өрсөлдөөн маш  их болсон.  Ер нь бол тууштай чанартай уран бүтээлээ хийх хамгийн чухал. Нэг уран бүтээл гаргалаа гэхэд дараагийн уран бүтээлээ төлөвлөөд эрэлхийлээд явах хэрэгтэй.  Мөн тухайн туурвиж байгаа уран бүтээл содон шинэлэг байх ёстой.

-Залуу уран бүтээлчид  хуучны дууг нэлээд сэргээж дуулдаг. Үзэгч сонсогчид бэлэн дууг дуулаа гэж шүүмжлэх тохиолдол цөөнгүй байдаг. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байдаг бэ?

-Ер нь бол алтан үеийн дуунууд дуулах хэрэгтэй гэж боддог. Миний бодлоор энэ цаг үеийн уран бүтээл насжилт жаахан муу юм шиг санагдаг. Хуучны дуунууд яруу найраг, шүлэг нь шүүлтээр ордог байсан учраас маш чанартай уран бүтээлүүд бий болж байсан гэж боддог.  Алтан үеийн дуунууд дуулаад түмэн олонд хүргэх хэрэгтэй. Гэхдээ  хуучны уран бүтээлийг сэргээж дуулахдаа  судалгаа сайн хийх хэрэгтэй. Тухайн уран бүтээлийн өвлөж авч явж байгаа хүн байна уу гэдгийг хүртэл судлах хэрэгтэй.

-Нэг уран бүтээлийг үзэгч түмэнд хүргэхэд хэр их хугацаа зарцуулдаг бэ?

-Мэргэжлийн уран бүтээлд маш хугацаа ордог. Байнга дасгал сургуулилт хийх хэрэгтэй. Дасгал сургуулилт хийх тусам хүний хоолой улам гоё болдог. Уран бүтээл хийж олон түмэн хүргэх хугацаа харилцан адилгүй байдаг. Маш хурдан бүтдэг дуу уран бүтээл байдаг. Тухайн уран бүтээлч байнга эрэл хийлж байвал хурдан бүтнэ. Эрэл хийлэхгүй маргааш, нөгөөдөр гээд хойшоо тавиад байвал удаан л байна. Хувь уран бүтээлчээс шалтгаална.

-Одоогийн байдлаар хэчнээн уран бүтээлийг үзэгч түмэн хүргэсэн бэ?

-Одоогийн байдлаар 24 дууг дуулж сонсогч түмэн хүргэсэн байна. Мөн найман дууг дүрсжүүлсэн. Уран бүтээлээр тасралтгүй хийж байж амжилт олох учраас тасралтгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Одоо бол н.Эрболд найзынхаа “Аянга продакшн” төвлөрөөд ажиллаж байна. Энэ  продакшн дээр  бүх зүйлээ хийгээд явдаг. Уран бүтээл хамтын хүчээр босдог. Заавал хөрөнгө мөнгө гэхээс илүүтэй олны хүч хамгийн чухал байдаг.

 -Шинэ оны өмнө Монгол Улсын Соёлын тэргүүн ажилтан цол тэмдгээр шагнагдсан . Таны хувьд шагнал урамшууллын дээр ямар байр суурьтай байдаг бэ?

 -Хүүхэд байхаас дууны тэмцээн уралдаан оролцож олон амжилт гаргаж шагнал, урамшуулал медаль авч байсан. Уран бүтээлч болчхоод шагнал урамшуулал авна гэж боддоггүй байсан. Сая оны өмнө Монгол Улсын СТА цол тэмдэг авсан. Энэ шагнал надад маш үнэ цэнтэй. Шагнал урамшууллын хувьд нүдээ олж, хүндэтгэлтэй авна гэдэг хамгийн сайхан. Шагналыг үнэ цэнтэй авахаар тухайн хүндээ маш их урам зориг өгдөг.

-Уран бүтээлч хүмүүс маш их завгүй байдаг. Таны ар талын хэн хамгийн сайн дааж, хэн хамгийн сайн туслагч  бэ?

-Аав ээж хоёр маань маш их дэмждэг. Миний аав, ээж хоёр талд  урлагийн хүмүүс байдаг. “Дөрвөн улирал хоёр амраг” дууг дуулдаг Х.Галхүү гэдэг хүн ээжийн талын хамаатан.

Миний эргэн тойрны хүмүүс урлаг ойр байсан учраас бүгд намайг дэмждэг. Байнга дэмждэг учраас маш урам зоригтой ажилладаг. Мөн хань маань маш сайн дэмждэг. Намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлаж талархаж явдаг  танай сайтаар дамжуулж хэлмээр байна.

-Танай үеэс уран бүтээлээ туурвиж, түмэн олонд хүргэж байгаа дуучид хэр олон бэ

-Манай үеэс  Дуурийн дуулаач МУГЖ Ариунбаатар, Төрмандах, Анхбаяр, Чанцалдулам  гэх мэт олон сайхан уран бүтээлч бий.. Манай ангиас н.Эрболд Г.Дарханбаатар, Г.Наранчимэг уран бүтээл түмэн олондоо хүргэж байгаа.  Бусад  нь дуулахгүй гэсэн  сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаа. Миний хувьд СУИС-д таван жил сурахдаа ангийн дарга хийж байсан учраас ангийнхантай маш ойр дотно байдаг.

- Хүүхдийн насны дурсамжаа хуваалцахгүй юу. Хаана төрж өссөн бэ?

Би Улаанбаатар хотод төрсөн. Айлын том хүүхэд, доороо эмэгтэй дүүтэй. Манайх Их дэлгүүрийн тэнд 10 дугаар байранд байсан. Тэнд л миний хүүхэд нас өнгөрсөн. Аав ээж ажилтай гэртээ цоожлогдоод үлддэг байлаа. Цэцэрлэгт нэг их яваагүй. Манай ээж төмөр замд ажилладаг байсан. Аав маань хувиараа ганзагын наймаа хийдэг байсан. Зуны амралтаар хөдөө их явдаг байсан. Тугал, ишиг, хурга хариулж, үхэр саахаар ивэлгэж өгдөг байлаа. Ингэж л хүүхэд нас өнгөрсөн дөө.

-Ямар хоббитой вэ?

 -Нэг их тууштай хобби бол байхгүй. Найз маань надад пянз бэлэглэж байсан. Одоо пянз цуглуулах хоббитой болсон. Мөн сайн дураар цусаа бэлэглэх сонирхолтой. Одоогийн байдлаа 7 удаа бэлэглэсэн. Энэ сайн үйлсийн аянд нэгдэж, найз нараа гэсэн ч уриалаад явж байна. Цусаа бэлэглэж байгаа сошиал орчинд түгээж, бусдыг уриалж байгаа. Мөн аавтай хамт өвөөгийн нэрэмжит сан байгуулсан. Мөн өвөөгийнхөө 80 насны ой угтаж ном гаргаж, шүлгийн цомог гаргасан.

-Найз нөхөд болон нөхөрлөлийн талаар ямар бодолтой байдаг вэ?

-Миний хувьд найзын хүрээлэл их өргөн. Бүх найзтайгаа сайхан харьцаж явдаг. Хүнд муу санахгүй явна гэдэг чинь найзтай байна гэсэн үг. Ямар нэгэн байдлаар найздаа атаархаж явбал энэ нөхөрлөл биш. Хэн хэндээ сайн санаад явж байвал найз нөхөрлөлийн холбоо тасрахгүй үргэлжилж явдаг.

-Сошиалд хэр идэвхтэй вэ?

-Сошиал орчинд нэлээд идэвхтэй байдаг. Буруу зүйл байвал шууд бичдэг. Оны өмнө Ардын жүжигчин С.Ганзоригийн найран дээр гавьяатууд дуулахдаа ам барьсан. Гавьяатууд битгий ам бариад байгаач гэж бичсэн. Ингэж бичээд зэмлүүлсэн гавьяатуудад зэмлүүлсэн. Ам барьж дуулдаг асуудалтай эвлэрдэггүй. Одоо үзэгч сонсогчид ам барьж байна уу, үгүй гэдгийг мэддэг болсон. Хоолойн өвдсөн байвал үнэнээ хэлээд дуулах хэрэгтэй.

 -Одоо ам барьж дуулдаг байдал багассан уу?

 -Техникийн нарийн зүйлүүд байна.

-Уран бүтээлийн тоглолт хийх төлөвлөгөө байна уу?

-Уран бүтээлийн тоглолт хийх төлөвлөгөө байгаа. Тоглолт хийх тулд сайн уран бүтээл туурвиж түмэн олонд хүргэх хэрэгтэй.

-Ойрын зорилго юу байна бэ?

-Уран бүтээлээ тасралтгүй хүргэх зорилго тавиад ажиллаж байна.  Одоо шинэ уран болон Хуучны сайхан уран бүтээл дээр ажиллаж байна. Оны өмнө  Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Пүрэвсүрэнгийн аялгуу, Юмдүүжин гэдэг уран бүтээл дээр ажиллаж, үзэгчид хүргэсэн.

-Ярилцсан танд баярлалаа

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Х.Жигүүр:Хуучны уран бүтээлийг сэргээж дуулахдаа судалгаа сайн хийх хэрэгтэй  
Үзсэн: 239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй