Шууд Chart

“Улаанбаатар метро” төсөл хэрэгжсэнээр өдөрт 3 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц тээврийн зардлыг бууруулна

2026-01-30 15:28:34

“Улаанбаатар метро” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны Багц 1 тендер зарлагдаж, материал хүлээн авч байна.

Тус тендер нь 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нээгдсэн нэгдүгээр шатанд оролцох сонирхлоо илэрхийлсэн дэлхийн 6 улсын 27 аж ахуйн нэгж, компанийн дунд явагдах бөгөөд инженерийн зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг цогцоор нь гүйцэтгэхийн зэрэгцээ төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг бүрдүүлэх EPC+F нөхцөлөөр зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Тодруулбал, Багц 1-ийн төсөвт өртөг 6.6 их наяд төгрөг бөгөөд үүний 85 хувийг гүйцэтгэгч санхүүжүүлэх санал тендерийн хамт ирүүлэх, үлдсэн 15 хувийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэхээр тусгасан. Харин Багц 2-ын тендерийг 2026 оны дөрөвдүгээр улиралд зарлахаар төлөвлөж байна.

Метро төсөл нь авто замын түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн зардлыг мэдэгдэхүйц бууруулах бодит үр өгөөжтэй байдаг. Хэрэв “Улаанбаатар метро” төсөл хэрэгжихгүй бол цаашид Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн ашиглалтын зардал өдөрт 8.99 сая ам.долларт хүрэх судалгаа гарсан байна. Харин төсөл хэрэгжсэнээр 8.05 сая ам.доллар болж, өдөрт ойролцоогоор 950 мянган ам.доллар буюу 3,386,398,500 төгрөгийн хэмнэлт бий болох аж. 

Дэлхийн томоохон хотуудад метро төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөнд зарцуулах цаг хугацааны зардал буурч, хотын эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн олон жишээ бий. Тухайлбал, Сөүл хот метротой болсноор замын түгжрэл буурч, нийтийн тээврийн хэрэглээг нэмэгдүүлснээр автомашинаас хамааралтай байдал багасан Лондон хотын “Underground” нь өдөр бүр 4 сая хүн-цаг хэмнэж, хотын эдийн засаг, үр бүтээмж, амьдралын чанарыг дээшлүүлж байна. Мөн Дели хотын хувьд метро ашиглалтад орсноор автомашины хэрэглээ 25 хувиар буурч, түгжрэл, агаарын бохирдол эрс багассаныг тодотгодог байна. 

Улаанбаатар хотын метроны шугам нь хотын хэвтээ тэнхлэгийн гол гудамж болох Энхтайваны өргөн чөлөөг даган Толгойтоос Амгалан хүртэл нийт 19.4 км урттай байхаар төлөвлөгдсөн. Төсөл хэрэгжсэнээр галт тэрэг 36.5 км/цагийн дундаж хурдтай зорчиж, шугамын дагуу 31.25 минут зарцуулах бөгөөд оргил ачааллын үеийн хүлээлтийн хугацаа 4-5 минут байна. Урьдчилсан тооцооллоор энэхүү төсөл хэрэгжсэнээр авто замын хөдөлгөөний дундаж хурд 18 хүртэл хувиар өсөх эерэг үр нөлөө үзүүлэхээр байна.


“Улаанбаатар метро” төсөл хэрэгжсэнээр өдөрт 3 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц тээврийн зардлыг бууруулна  
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй