
2015 оны зургаадугаар сард Монголын кино театруудаар гэмт хэрэг, адал явдалт, тулаант төрлийн нэгэн кино гарч залуусыг хуйлруулсан нь найруулагч А.Батбаатарын бүтээл “Зангараг” кино байлаа. Эрчүүд уг киноны зохиол, найруулга, адал явдлыг түлхүү сонирхсон бол бүсгүйчүүд харин киноны гол дүрийг бүтээсэн П. Баттөрийг үзэх гэж кино театрыг зорьсон юм. Үүнээс хойш яг зургаан жилийн дараа буюу арванхоёрдугаар сарын 3-нд уг кино төслийн үргэлжлэл болох “Зангараг 2: Төгсгөл” кино нээлтээ хийж кино театруудаар гарч эхэллээ. Харин энэ ангийн онцлог нь юу байх вэ?
“Зангараг 2: Төгсгөл” кино хэд хэдэн онцлогтой болжээ.
Нэгдүгээрт:
Уг кино өмнөх “Зангараг” киноны 1-р ангийн үргэлжлэл биш. Өмнөх ангийн жүжигчид цоо шинэ үйл явдал, цоо шинэ адал явдал өрнүүлж байгаа анги. Өөрөөр хэлвэл “Зангараг” нэртэй цуврал төсөл болж байгаагаараа онцлог болжээ.
Хоёрдугаарт:
Олонд алдаршсан кинонууд дараагийн ангиа хийхдээ яг тэр найруулагч, зохиолчтойгоо хамтарч ажиллах нь киноны чанарыг унагахгүй, илүү сайн болоход түлхэц болдог. Энэ удаад тус киноны продюсерууд өмнөх ангийн зохиолч, ерөнхий найруулагч А. Батбаатарыг үргэлжлүүлэн ажиллуулсан нь тун зөв сонголт болсон байв. Энэ киноны зохиол ижил төрлийн Монгол кинонуудаас илүү олон эргэлтийн цэгтэй, илүү их ээдрээтэй. Ер нь Action буюу тулаант, гэмт хэргийн сэдэвтэй кинонууд тийм байж гэмээнэ амжилт олдог бичигдээгүй дүрэмтэй. Ялангуяа сүүлийн үед үзэгчдийн таашаан үзэж байгаа Солонгосын гэмт хэргийн сэдэвт драм, тулаант кинонуудын зохиол эргэлтийн цэг ихтэй байгаа хандлагыг энэ бүтээлд бүтээлчээр тусгах гэж оролдсон сайн тал харагдаж байлаа. Гэхдээ сайн бичигдсэн кино зохиолыг киноны хийцлэл дээрээ хэрхэн яаж ончийг нь тааруулж ивж өгөх вэ гэдэг харин найруулагчийн ур чадварыг харин ч нэг шавхана. Энэ тал дээр найруулагч цагаан өнгө бүхий уусгалтаар Flashback буюу эргэн дурсалтуудыг зохих чимээний хамтаар хийсэн нь зөв мэт боловч энэ хийц олон давтагдаж, эргэлт бүр дээр ороод ирэхээр үзэгчдийн логик уялдаа холбоог өөрөө нөхөж ойлгох явцыг саармагжуулан хэт хялбарчилж өгч байгаа дутагдал анзаарагдав.
Гуравдугаарт:
Тулааны хэсгийн тавилт, зураг авалт, хөгжмийн тал дээр өмнөх ангиас хавьгүй илүү болсон нь ийм хэсгүүд дээр онцгой ач холбогдол өгч ажилласныг илтгэнэ. Тухайлбал мөрдөгч Баярын гэрт Сорвит, Булиа эрийн хамт ирж түүнийг алах гэж оролдох үеийн давчуу орон зай дахь тулааны хэсэг маш сайн тавилттай, бэлтгэлтэй байсан тул үзэж буй үзэгчид тухайн хэсэгт бүрэн автаж, Баярыг тэндээс эсэн мэнд гараасай гэж хамтдаа хөтлөгдөж байсан, Баяр Батын өрөөнд зодолддог хэсэгт хэтэрхий мэргэжлийн биш, хэн нь ч ялж, ялагдаж магадгүй нөхцөл байдлыг үүсгэж байсан хэсгүүд нь тун сайн болсныг цохон тэмдэглүүштэй болжээ.
Дөрөвдүгээрт:
Дүр сонголтын ажил энэ кинонд маш сайн хийгдсэн бөгөөд тухайн жүжигчид ч өөрсдөө дүр дээрээ үнэхээр сайн ажилласан нь илт байв.
Тухайлбал Гавъяат жүжигчин Ц. Төмөрхуягийн бүтээсэн Очир захирлын дүр 90-ээд оны үед ганзагын наймаа, өмч хувьчлалын үеэр огцом баяжсан, хурган зальтай, дотуур тамиртай, мөнгөний төлөө найз нөхөдөө ч элбэг золиослож чадах 60-аад оны захирлуудын нийтлэг төлөөлөл болж чаджээ. Харин Ц. Төмөрхуяг жүжигчнийг тоглуулахдаа илүү сайн ажилласан бол сэтгэлзүйн нарийн хувиралуудтай зарим хэсгүүд илүү их тодорч өгөх байсан санагдана.
Энэ киноны хамгийн сонирхолтой дүрүүдийн нэг бол Б. Бямбасүрэн жүжигчний бүтээсэн Батын дүр. Харамсалтай нь найруулагч буруу чиглүүлэг өгснөөс Батын дүр эхнээсээ л муу хүн, түүнийгээ ил илэрхийлээд явчихсан. Өөрөөр хэлвэл үр дүн тоглоод явчихсан. Хэрвээ Батыг маш сайн хүн хүн байлгаж явсаар киноны эцэст жинхэнэ “хорны эзэн”, энэ бүхнийг зохион байгуулсан хогийн шаар байсныг нь харуулсан бол ёстой уран шийдэл болох байсан байна. Түүнээс Б. Бямбасүрэн жүжигчний хувьд тэр бүхнийг гаргах ур чадварын болоод жүжигчний арга, ажиллагааны нөөц бололцоо бүрэн байгаа нь илт харагдаж байна. Хойшид найруулагчдын хараанд өртөх, шинэ дүр төрх гарч байгааг ч энд цохон тэмдэглэх нь зүйтэй болов уу.
Харин жүжигчин Г. Отгонцэцэгийн тоглосон Сэлэнгээгийн дүр урьд өмнөх Монгол кинонуудын зохиолд тэр бүр дурьдагддаггүй нөхрийнхөө төлөө өөрийгөө гаргуунд нь гаргаж, золиослож байгаагаар бичигдсэн нь маш сонирхолтой шигтгээ болжээ. Г. Отгонцэцэг ч өөрөө дүр дээрээ чамгүй сайн ажиллажээ. Тоглолтын хувьд зарим хэсгүүд нь үл ялиг хэтэрч, хүйтэн эмэгтэй тал руугаа хазайчих гээд байсныг эс тооцвол жүжигчин маань дүрээ хангалттай сайн гаргажээ.
Харин киноны гол дүрүүд болох мөрдөгч Баяр (жүжигчин П. Баттөр), Жав (жүжигчин Э. Чинзориг) хоёрын тухайд Б. Бямбасүрэнгийн дайнд арай л хүрсэнгүй. Магадгүй зохиолд өгөгдсөн нөхцөл болоод тээшийн тухайд эдгээр дүрүүд анхнаасаа тэгж бичигдсэн ч байж болох талтай. Гэхдээ найруулагч энэ удаа Баярын дүр дээр илүү нарийн ажиллаж, П. Баттөрийг “Зангараг 1” киноны дүрээс нь эрс өөр харагдуулах ёстой байв. П. Баттөрд ч ийм нөөц бололцоо бүрэн бий. Э. Чинзоригийн хувьд наанаа ажил нь амждаггүй, бойтог мөртөө байдаг л нэг мөрдөгч мэт харагдавч, цаанаа гэмт хэрэгтнүүдтэй гүнзгий холбоотой, “бохир” мөрдөгч байх ёстой зохиолын даалгавар биелсэн ч дахиад 20% хичээсэн бол энэ дүр бүр илүү товойн гарч ирэх байжээ.
Энэ киноны хамгийн сайн болсон дүр бол яах аргагүй Сорвит. Б. Отгонбаяр ч өөрөө энэ тал дээр үнэхээр сайн ажилласныг дурьдахгүй байхын аргагүй. Түүний тоглосон хэсгүүдийг үзэж байхад илүү, дутуу үйлдэлгүй, дээрээс өгсөн даалгаврыг ягштал биелүүлдэг “уяаны нохой” гэдэг нь яв цав уншигдаж байлаа. Дээр нь Сорвит энэ кинон дээр бараг үг хэлдэггүй боловч бүхнийг үйл хөдлөл, байгаа байдлаараа ойлгуулж байсан нь “Кино бол дүрслэлийн урлаг” гэдгийг батлан харуулсан нотолгоо болжээ.
Найруулгын тухайд цэвэр үзэгчийн байр сууринаас харвал илүүдсэн хэд хэдэн зүйл байгаагаас товч дурьдахад мөрдөгч Баяр, Жав хоёрын байшингийн орой дээр уулздаг хэсэг хэтэрхий уртадсан, нуршсан тал байна. Мөн киноны төгсгөлд үргэлжлэлийн тухай дурьдсан бичиг байгааг хасмаар санагдав. Яагаад гэвэл киноны чинь нэр өөрөө Төгсгөл шүү дээ! Мөн сүүл хэсэг рүү гардаг үйлдвэрийн дэлбэрэлтийг дээр биш, доор, хаалган тушаа харуулсан бол тун оновчтой болох байлаа.
Эцэст нь хэлэхэд Монголын кино урлагт, тэр дундаа гэмт хэргийн сэдэвт, тулаант кинонууд дотор өөрийн гэсэн өнгө аяс, зохиол, жүжиглэлтийн хэв маягаар орон зайгаа олж, цааш цаашдын төслүүддээ хэдийнээ орж, ажиллаж эхэлсэн Sky Pyramid-ын хамт олон энэхүү “Зангараг 2: Төгсгөл” кинондоо цаг гаргаж, нухацтай, сайн ажиллажээ. Дараа дараагийн бүтээлүүд дээрээ энэхүү шүүмжийг тусган авч, улам илүү, чанартай уран бүтээл олныг төрүүлнэ гэдэгт гүнээ итгэж байна.
Кино зохиолч, найруулагч А.Миеэгомбо
“Зангараг-2 буюу төгсгөл” | ||
Үзсэн: 961 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.