Шууд Chart

“Парламентын залгамж чанар” эрдэм шинжилгээний хурал эхэллээ

2025-09-12 11:04:31

Байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойд зориулсан “Парламентын залгамж чанар” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2025.09.12/ Төрийн ордонд эхэллээ.

Эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан нээж үг хэлэв.

Тэрбээр ардчиллын үнэт зарчмыг эрхэмлэн, парламентат ёсыг төлөвшүүлэх замыг сонгосон Монголын ард түмэн байнгын ажиллагаатай парламентын тогтолцоог бүрдүүлснээс хойш 35 жил өнгөрснийг дурдаад, энэ бүх хугацаанд ард түмний засаглах эрхийг бэхжүүлэх, эрх зүйт төрийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын Бага Хурал, үе үеийн парламентын гишүүд, Тамгын газрын мэргэжилтэн, зөвлөхүүд болон парламентат ёсны эх ундарга болсон нийт ард иргэддээ байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлэв.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Бага Хурлын гишүүд өнөөгийн бидний эрхэмлэн дээдэлж сахин мөрдөж буй эрх зүйн дээд хүчин чадалтай баримт бичиг болох Монгол Улсын Үндсэн хуулийг боловсруулж батлуулах хүндтэй бөгөөд нөр их ажлыг нэр төртэй гүйцэтгэж бидэнд өвлүүлэн залгамжлуулсныг талархан санан дурсах ёстой хэмээгээд Та бүхний суурийг нь тавьсан ард түмэн засаглах түүхийн хэлхээ үргэлжилж байна гэлээ.

Улсын Бага Хурлын болон Улсын Их Хурлын гишүүд, эрдэмтэн, судлаачдын оролцож буй эрдэм шинжилгээний хурлын эхний илтгэлийг “Парламентын 35 жилийн сорилт, сургамж” сэдвээр Улсын Их Хурлын дарга асан Д.Лүндээжанцан танилцуулав.

Мөн Монгол Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж “Ардчилсан хувьсгал ба Улсын Бага Хурал” сэдвээр, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Байнгын ажиллагаатай парламентын ажлын алба (Улсын Их Хурлын Тамгын газар)” сэдвээр, Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Бумдарь “Парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл” сэдвээр, МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн улс төрийн судлалын доктор, дэд профессор Э.Гэрэлт-Од “Монголын парламентын хөгжил ба сонгуулийн тогтолцооны сорилтууд” сэдвээр, ИБУИНХУ-ын Оксфордын их сургуулийн судлаач Ж.Санчир “Парламентат ёс, засаглалыг судлах олон улсын чиг хандлага” сэдвээр илтгэл танилцуулах бөгөөд эрдэм шинжилгээний хурал панел хэлэлцүүлгээр үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


“Парламентын залгамж чанар” эрдэм шинжилгээний хурал эхэллээ  
Үзсэн: 129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй