
талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг төслийн хүрээнд зорилтот бүтээл бүтээх 15 зохиолчийг нас, хүйс, амьдарч буй газар, бичлэгийн олон төрөл жанраар туурвидаг байдлыг харгалзан сонгосон бөгөөд тэдний бүтээлийг цувралаар уншигчдад хүргэж байгаа аж. Түүнчлэн шилдэг нэг өгүүллэгийг шалгаруулж, энэ сарын 19-нд болох “Утгын чимэг-2022” наадмын үеэр үзэгчдэд хүргэнэ.
Эрхэм уншигч танд МЗЭ-ийн болон М.Цэдэндоржийн нэрэмжит шагналт зохиолч Норжингийн Бямбасүрэнгийн “Тэнхээтэй сэтгэл” зорилтот бүтээлийг хүргэж байна.
Салхи сэвэлзэн хамхуул хийссэн намар оройн жихүүн өдөр "Залаагийн хамар", "Хүрэн хошуу"-ны хоолойгоор нарийн хир суусан бор даалимбан тэрлэг, дэвхийтэл уллаж ширлэсэн дугуй гуталтай, сэмэрч хуучирсан ягаан ноосон алчуур эрүүвчлэн зангидсан, нуруу нь жаахан бөгтийсөн ч чилгэр өндөр биетэй бор эмгэн хонь хариулж явна.
Эмгэн, морио хөтлөөд, энд тэндээ нөхөөстэй бор тааран шуудайдаа аргал хомоол хамж хийнгээ хааяа нэг хониндоо чимээ өгч "хаая" хэмээн хашгирчхаад амандаа үл мэдэгхэн маани бувтнан, баруун гараа баринтаглан залбирна. Түүний нүдэнд мөнх бус хүний амьдралын хагацал цөхрөлийн манан бүдэгхэн сүүмэлзэвч төр улс, үр хүүхэд, түмэн олондоо өөрийн чадах бүхнээ зориулж амьдралын төлөө зогсолтгүй зүтгэж ирсэн хат сэтгэлийн гэрэл бүр ч тодхон гялалзана.
Түүнийг Пагжил гэх бөгөөд нутгийн олон “Паг эгч” гэж авгайлна. Паг эгч залуудаа өндөр чилгэр нуруутай, цовоо чанга дуутай, моринд гарамгай, ёстой л нөгөө доожоо муутай эрийг өрөөсөн гараараа дугтарчхаар... тийм л зоримог, эрэмгий бүсгүй байжээ.
Газрын цэцэгс атаархам цэл залуу насандаа Сэдбазар хэмээх прокурор мэргэжилтэй, цэргийн дарга залуутай ханилж, богинохон ч гэсэн хугацаанд хайранд халгиж явсан үеэ хааяа сэтгэл нь хөдлөхөөрөө нүдэнд харагдтал ярина. "Тэр минь чийчаандаа суугаад л явж өгнө. Тоосон дунд над руу гараа даллаж байгаа нь бүдгэрсээр далд ордог сон..." гэж ирээд л ярихаараа нүүрэнд нь инээмсэглэл тодорч, нүд нь гялалзаад л чухамдаа тэр сайхан залуу нас, аз жаргалтай үедээ хүрээд ирэв үү гэлтэй золбоолог харагддаг сан.
Монгол улсынхаа зэвсэгт хүчинд албаа дүүргээд, улмаар өсөж төрсөн нутагтаа ирж, хүн ардынхаа эрүүл энхийн төлөө зүтгэж байсан сайхан хань нь дэндүү эрт хорвоогоос халихад эвий минь дээ хөөрхий бүсгүйд аз жаргалтай амьдралынх нь гэрч алгын чинээхэн хүү нь л үлдэж. "Хүний сайн нь, сайхан нь л даанч эрт буцдаг хорвоо доо..." гэж цаанаа л гомдонгуй хэлэхдээ Паг эгчийн дуу нь цааш орчихно. Хоёр гараараа алчуурынхаа үзүүрийг имэрч, нүднээс нь урссан, ганц дусал нулимс хамарных нь хажуугийн үрчлээнд ирж тогтоход хайрынхаа төлөө урссан нулимсаа газарт унагахгүй гэж нандигнаж байна уу гэлтэй мойног хуруутай гарынхаа алганд шингээж доош харж суух нь хорвоогийн зовлон жаргалд толхиулж хатуужсан хүн чулуу шиг л харагдана.
Эцгийн голомтыг залгаж эхийнхээ элгийг дэвтээсэн тэр бяцхан хүү хожмоо долоон дүүгийн зулай дээр гишгэсэн хувь заяатай том эр болсон юм.
Нэгдлийн мал маллаж өрх толгойлж амьдрах хатуухан дөрөөнд дөрөөлсөн Паг бүсгүй амьдралаас юу эсийг л үзсэн гэх вэ. Хүн болох гэж хоол эрэн цорволзох нялх үрдээ хонины сүүл хөхүүлчхээд, нэхий уутанд хийж үүрээд хонио бэлчээхэд үүрсэн үр нь амьдрах итгэл урам баяр нь болж, харин сэтгэлийн ачаа нь хүнддэж байсан.
Бурханбуудайн хөх салхи тэнгэр дүүрэн ханхийж газрын энгээр ногоон хэвнэг татсан зуны нэг өдөр бүсгүй гэрийн гаднаас араг савраа аваад аргалд явлаа. Хонио эргүүлэхээр явсан хүүгийнхээ хойноос саравчилж харвал хонь ямаанаасаа өндөрдөх юмгүй жаахан хүү нь малынхаа захад тонголзон байхыг хараад санаа нь амарч "Эр хүн дээ, ээждээ чи уул шиг л нөмөртэй том хүн шүү" гэж өөртөө хэлээд цааш алхтал хэвлийн тус газраар суун тустал хатгалаа. Өглөөнөөс хойш ар нуруугаар хөндүүрлэж өвдөөд байсан ч "арай болоогүй л баймаар сан" гэж бодонгоо алхаагаа түргэсгэн аргалаа түүлээ.
Худаг усны ойр явсан болохоор үхэр малын байнгын зогсоол аргал хомоол элбэг аргаа дүүргэж аваад, гэр рүүгээ зүглэлээ. Хэвлий, гэдэс, ар нуруу бүхий л биеэр янгинан өвдөж, хар хөлс нь цуваад ирхэд яах аргагүй нярайлах болсноо бүсгүй ойлгов. Хүн амьтанд хэл хүргэх зай байхгүй, хүүгээ дуудъя гэхээр саахалтын дайтай хол яваа жаахан хүү нь сонсохгүй... “Бушуухан л харья” гэж бодоод цааш алхтал юу юугүй доошоо шингэн юм гараад, нойт оргиод ирлээ. Ойр харагдах чулуун дээр сандайлж суугаад, хоёр гараараа гэдэснийхээ доогуур баадагнан дээш нь өргөх гэтэл доош бүүр тулаад даруйцан янгиналаа. Өрөөсөн гараараа тэмтэрч үзвэл юу юугүй хүүхэд гарах болоод хөл толгой алин нь бүү мэд гарт тэмтрэгдэхэд "яасан ч хээр төрж болохгүй" гэж өөртөө хэлээд гараараа цааш нь зөөлөн түлхэж оруулчхаад шүд зуун босож алхлаа.
Зулай төөнөх зуны нар, яс задартал даруйцах төрөхийн өвдөлтийг үл тоон “гэртээ орж л хүүхдээ төрүүлнэ” гэж шийдсэн эхийн царай цонхийж, хар хөлс нь цувж нимгэн тэрлэгийг нь нэвт норгосон байлаа. Хоёр хөлөө ойр ойрхон зөөж алхсаар бүсгүй гаднаа ирж, аргаа буулгаад гэрээ түшин орж, суун тусангаа тэр чигтээ мөлхөж, галынхаа аманд ирж арьсан ширдэгний дороос үйлний хайчаа авангаа сая нэг санаа амарч хөлөө жийн суулаа...
Эх үрийн алтан хүйг улаан цусаа урсган байж өөрөө тасдан, амьдрал үхэл хоёрын дундаас амь ургуулж, хорвоод мэндэлсэн нялх үрээ арьсан өлгийд манцуйлж ангир сүүгээрээ амлуулчхаад сууж байхад хониндоо явсан хүү нь орж ирээд дүүтэй болсноо харж учиргүй баярлан инээж хөөрч хүйтэн цай асган цутган хэд залгилснаа "Ах нь усанд яваад ирье" гээд хоёр хувин шүүрээд дэгдэн гарахад Паг бүсгүй эх хүний жаргалыг сэтгэл дүүрэн эдэлж, нулимсаа арчаад, энгэрээ товчилж, бүсээ бүслээд ямаагаа саахаар хувингаа аваад гэрээс гарлаа...
Гэрт орж эм, гадаа гарч эр болон дал гаран жил амьдрахдаа найман сайхан хүүхэд төрүүлж бүгдийг нь айлын дайтай айл болгосон энэ ээжийн авдар дээр Аймгийн сайн малчны өргөмжлөл, Алдарт эхийн одон хоёр л бий. Пагжил эмгэн "Ай бурхан өршөө", "Ээ төрийн минь сүлд өршөө" хэмээн эвэршиж мойнийсон хуруутай бор гараа хавсран залбирч энэ бүхнээ бурхан шиг л шүтнэ. Энэ ээжийн залбирлаар мөн ч олон үрсийн амьдралын зам ариуссан даа гэж бодохоор бахадмаар, бас юунд ч нугараагүй сэтгэлийн их тэнхээг нь бишрээд барамгүй ээ.
Утаа ханхалсан жижигхэн бор гэртээ очиж, ааг сэнгэнэсэн цайгаа чанаж уухаар хоёр шуудайгаа түнтийтэл дүүргэж ганзагалахад бэлэн болгоод тавьжээ.
Нар баруунаа ташиж, намар оройн салхи жиндүүхэн үлээж, хонь ч гэрийн зүг эргэлээ.
2022.12.29 Алтай хот.
“Тэнхээтэй сэтгэл” өгүүллэг | ||
Үзсэн: 480 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.