Шууд Chart

Д.Будзаан :“365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллана

2025-11-17 14:05:13

 

Нийгмийн хүрээнд хүүхдийн төлөвшил, харилцаанд анхаарал халамжийг нэмэгдүүлж, өсвөр насныхны дунд хорт зуршлын нөлөөллийг бууруулах зорилгоор “365 анхаарч, хайрлая” аяныг зохион байгуулж байгаа.  Энэ аяны талаар өнөөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан "Жил бүрийн арав, арваннэгдүгээр сард хүүхэд хохирсон гэмт хэрэг улсын хэмжээнд өсдөг. Улмаар хүүхдийн эрх, аюулгүй байдал зөрчигдөж, хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд бүртгэгдэж байна. Үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өдөр бүр хүүхдээ анхаарч, хайрлая буюу “365 анхаарч, хайрлая” аяныг зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангасан.

2025 оны эхний арван сард улсын хэмжээнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 11 хувиар буурсан. Гэхдээ 2,100 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна. Гэмт хэргийн гаралтыг улам бууруулж, саармагжуулж, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр дээрх аяныг зохион байгуулна.

Эхний арван сарын байдлаар 846 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ оны эхний арван сард хүүхэд гэмт хэрэг үйлдэх зөрчил 5-6 орчим хувиар буурсан үзүүлэлттэй. Гэхдээ хүүхэд гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдал төдийлөн буурахгүй байгаа. Урьдчилан сэргийлэх чиглэлээр “365 анхаарч, хайрлая” аян нь мэдээлэл нөлөөллийн ажил болон хяналт шалгалт, хүүхэд эрсдэлтэй цэгүүдэд очиж ажиллах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллана.

2024, 2025 оны судалгаагаар хүүхдийн хорт зуршлын хэрэглээ 24-26 хувьд хүрсэн байна.  Эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч нар хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, энэ чиглэлийн мэдээлэл нөлөөллийн ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай” гэдгийг онцолсон юм.

Монгол Улсад 1.3 сая буюу нийт хүн амын 36.2 хувь нь 0-17 насны хүүхэд байна. Жилд дунджаар 1500 орчим хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 2500-2800 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байгаа бөгөөд хүүхэд ихэвчлэн хүний эрүүл мэндийн эсрэг гэр бүлийн болон бэлгийн, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг, хулгайд эд зүйлээ алдах зэрэг гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.

 


Д.Будзаан :“365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллана  
Үзсэн: 186 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй