Монгол Улсын Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн 2026 оны төсвийн төслийг иргэд, олон нийтэд танилцуулж, тэдний санал, хүсэлтийг тусган боловсруулах зорилгоор “Нийслэлийн 2026 оны төсвийн төсөл” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг НЗДТГ-аас Монголын хүүхдийн ордны Их танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холбогдох албаны төлөөллүүд, иргэдийн төлөөлөл оролцож, иргэд нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд санал хүсэлтээ илэрхийллээ.

Иргэдийн зүгээс хотын дэд бүтэц, төлөвлөлт, орон сууцжуулах төслүүдийг дэмжиж, сургууль, цэцэрлэг барих, анхан болон дунд шатны төрийн байгууллагуудын үйлчилгээ, харилцаа хандлагыг сайжруулж, хүнд суртал, татварын ачааллыг бууруулах, иргэдийн амьжиргаанд эерэг нөлөө үзүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудад анхаарал хандуулах хэрэгтэйг онцлон хэлэв.

Харин нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин ирэх онд нийслэлийн төсөвт 4,387.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр байгаа бөгөөд тус эх үүсвэрийг дараах үндсэн чиглэл, бодлогыг баримталж боловсруулахаар төлөвлөж буйгаа хэллээ. Үүнд:
- Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
- Гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулна.
- Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх замаар авто замын түгжрэлийг бууруулна.
- Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
- Өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

УИХ-ын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг байхаар тооцон, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 42.6 тэрбум төгрөг хуваарилахаар Монгол улсын 2026 оны төсвийн тухай хуулийг баталсан билээ. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 2026 онд хуваарилагдах төсвийг холбогдох хууль, журамд нийцүүлэн нийслэлийн есөн дүүрэгт бүрэн хуваарилан иргэдэд зайлшгүй хэрэгцээтэй байгаа төсөл, арга хэмжээнд зарцуулах юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин төсвийн төслийг боловсруулах, хэрэгжүүлэх явцдаа иргэдийн саналыг бодитоор тусгах нь хотын хөгжил, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад чухал гэдгийг тодотголоо. Иймд иргэн та нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд тусгуулах нийслэл Улаанбаатар хотод нэн тэргүүнд хийж хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний санал, хүсэлтээ ulaanbaatar.mn цахим сайтаар нээлттэй илэрхийлж болох юм.
| Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ | ||
| Үзсэн: 135 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.