Шууд Chart

АТГ:"Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

2025-11-19 09:13:47

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс томилогдсон ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр дэх “Цемент шохой” ХХК-д мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирол нөхөн төлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

“Цемент шохой” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд нь ашиг сонирхлын зөрчил удаа дараа гаргаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, цемент худалдан борлуулахдаа бусдаас хахууль авсан, төрийн өмчит компанид их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх гомдол, мэдээллийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч, эрүүгийн 2502007000487 дугаартай хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Мөрдөн байцаалтын явцад авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар “Цемент шохой” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр худалдан авах иргэн, аж ахуйн нэгж байсаар байхад холбогдох хууль, журмыг илтэд зөрчиж өөрсдийн хамаарал бүхий этгээд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд зээлээр олгон өөртөө болон бусдад давуу байдал үзүүлсэн, хахууль авсан зэрэг нөхцөл байдал тогтоогдов.

Авлигатай тэмцэх газраас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд одоогийн байдлаар “Цемент шохой” ХХК-иас зээлээр авсан цементийн төлбөр болох нийт 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг “Хас хос очир”, “Люксвүүд”, “Өү эм ди си”, “Төгс өсөх премиум”, “Батс өргөө”, “Техник импорт”, “Энгүүн цог жавхлан”, “Очир ням проперти девелопмент”, “Самби констракшн”, “Кью си эс” зэрэг ХХК-иудаас гаргуулж нөхөн төлүүлээд байна.

Мөрдөгчдийн ажлын хэсгийн “Цемент шохой” ХХК-тай холбогдох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хохирол нөхөн төлөлтийн нэмэгдсэн дүнг эргэн мэдээлэх болно.

 


АТГ:"Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ  
Үзсэн: 175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй