
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран нийтэд тустай ажил хийлгэх байгууллагуудын хуулиар хүлээсэн чиг үүрэг, нийтэд тустай ял эдлүүлэхэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор зөвлөгөөн зохион байгууллаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтныг ажиллуулах байгууллагын жагсаалтыг 2023 онд шинэчлэн баталсан бөгөөд тус зөвлөгөөнд Налайх дүүргийн хэмжээнд нийтэд тустай ажил хийлгэх байгууллагын жагсаалтад орсон 33 байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцлоо.
Зөвлөгөөнөөр нийтэд тустай ял эдэлж буй иргэнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг тогтсон нэг загвараар өгдөг байдлыг зогсоож, ажлын байрны тодорхойлолт, дотоод журам, холбогдох хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн, үйл ажиллагааны чиглэл, ажлын онцлогийг харгалзан өгдөг байх; эрсдэлтэй гэж үзсэн ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, арилгах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, жагсаалтад орсон байгууллагуудаас ажлын байрны санал авч, тухайн хүний эрүүл мэндийн байдал, эзэмшсэн мэргэжил, ур чадварыг нь харгалзан ажиллуулах зэрэг асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна.
Мөн Налайх дүүргийн засаг дарга болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдлагаас нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн иргэдийг жилийн дөрвөн улиралд өмсөх боломжтой хамгаалах хувцас, хэрэгслээр хангахад дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Зөвлөгөөний үеэр тус прокурорын газраас нийтэд тустай ажил хийлгэх ялын бүртгэлийн хавтас болон ял эдлүүлэх ажиллагаанд ашиглах гарын авлагаар хангаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцсон байна.
Нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхэд тулгарч буй асуудлыг хэлэлцлээ | ||
Үзсэн: 123 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.