Шууд Chart

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-07-01 15:13:40

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.01/ Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, Д.Пүрэвдаваа Г.Хосбаяр нараас Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.

Улс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар газрыг эзэмшүүлж, ашиглуулдаг байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат тодотгоод, уг заалт өмнө нь хуульд байсныг сэргээж байгаа гэлээ.

Мөн тэрбээр Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг сайжруулах, хот суурин газрын төвлөрлийг бууруулах зорилгоор орон нутаг руу шилжин суурьшиж буй иргэд, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд газрыг түрүүлж олгох зохицуулалтыг төсөлд тусгасан хэмээгээд, Улсын Их Хурлын 8 гишүүн энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан гэв.

 

Засгийн газраас газар олголтыг цэгцлэх зорилгоор 2024 оны Төсвийн тухай хуулийг дагалдуулж Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлж, эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтыг Засгийн газраас тогтоодог болсон байна. Гэсэн ч газар олголтын үйл ажиллагаа олон шат дамжлагатай болсноор иргэдэд газар олгох асуудал удаашрах болжээ. Иймд орон нутагт газрын харилцааны чиглэлээр тулгамдаж буй нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг шийдэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, гэр бүлийн хэрэгцээнд цахимаар газар эзэмшүүлэхэд нийслэлээс хөдөө орон нутагт шилжсэн, гамшиг ослын улмаас орон гэргүй болсон, эсхүл нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалал харгалзахгүй шийддэг байх, тухайн аймаг, сумын засаг захиргааны нэгжид харьяалалтай, өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй газар эзэмшиж, өмчилж байгаагүй иргэнд газрыг эзэмшүүлэх асуудлыг зохицуулахаар тусгасан байна.

 

Хууль тогтоомжийн дагуу тогтоосон газар ашиглалтын дэглэм, горим бүхий хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүс, зурвас газрын болон хот суурин, зам, шугам сүлжээ, ойн сан, усны сан бүхий газар, тусгай хамгаалалттай газар, газрын тос, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн орон зайн мэдээллийг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн холбогдох бусад байгууллага нь Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд тухай бүр бүртгүүлдэг байх, энэхүү мэдээлэл бүртгэгдээгүйгээс үүсэх үр дагаврыг тухайн мэдээллийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцдаг байх зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газраас бодлогын түвшинд хот сууринг тэлэх, тариалангийн газрыг шинээр бий болгох, шинээр зам, шугам сүлжээ байгуулах, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах зэрэг газрын нэгдмэл санд орох томоохон өөрчлөлтийг төлөвлөдөг болсноор улсын хэмжээнд тухайн жилд хэрэгжих бодлогын арга хэмжээнд шаардагдах газрууд дээр давхардсан газар олголт хийж, нөхөн олговрын зардал үүсэхээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх аж.


Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  
Үзсэн: 77 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй