Шууд Chart

Дээд лигийн багууд улирлын 20 дахь тоглолтуудаа хийлээ

2026-07-02 11:20:26

"Үндэсний Дээд лигийн 2025/26 оны улирлын аваргын болзлыг өмнөх тойрогт хангаад байсан “Улаанбаатар” баг нэмэлт тойргийн 4 дэх, улирлын 20 дахь тоглолтоо “Централ Сталлионс” багтай хийлээ. Аваргууд энэ тоглолтод үндсэн гарааны тоглогчдоо амрааж, талбайд хоёрдугаар бүрэлдэхүүний тоглогчдоо түлхүү гаргасан юм. Тоглолтын эхний хагаст “Централ Сталлионс” баг Япон довтлогч Т.Мисавагийн хеттрикээр 3:0 харьцаатай тэргүүллээ. "Улаанбаатарчууд" энэ тоглолт хүртэл хаалгандаа нэг тоглолтод нэгээс олон гоол алдаагүй байсан билээ.

Тоглолтын 2-р хагаст “Улаанбаатар” багаас солилцоонууд хийж, зарим гарааны тоглогчдоо оруулсан. Улмаар Б.Балжинням 2 гоол оруулсан ч баг нь энэ тоглолтод оноо авч чадсангүй. Үндсэн цагт 3:2 харьцаатай “Централ Сталлионс” баг хожил авлаа.
 
“Централ Сталлионс” баг ийнхүү 43 оноотой болсноор 3-р байрт бичигдэж буй “Дэрэн” багаас 1 тоглолт илүү хийж, 7 оноо илүү болсон юм. Тэдэнд одоо “Дэрэн” болон “Хангарьд” багуудтай хийх 2 чухал тоглолт үлдэж байна. “Улаанбаатар” клубийн хувьд энэ улирлын 2 дахь хожигдол нь болсон бөгөөд өмнө нь мөн “Централ Сталлионс” багт хожигдоод байсан юм. 
 
 
"ДЭРЭНЧҮҮД" "ХАНГАРЬД"-ЫГ 2 ДАРААЛЖ ХОЖЛОО

Топ дөрөвт өрсөлдөж байгаа нөгөө хоёр баг болох “Дэрэн”, “Хангарьд” багуудын өрсөлдөөн энэ тойргийн онцлох тоглолт байлаа. Багууд аль аль нь хүснэгтийн 2-р байрт дэвшиж Азийн хөлбөмбөгийн холбооны “Чэлленж лиг”-ийн тэмцээнд өрсөлдөх эрх авахын төлөө хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байгаа билээ. Багуудын нэмэлт тойргийн өмнөх тоглолтод Х.Ишикавагийн хожлын гоолоор ялж байсан бол хоорондын 2 дахь учраа дахин хожлын гоолоор шийдэгджээ.
 
Тоглолтын эхний гоолыг М.Батхишиг эхний минутад Г.Дөлгөөний алсын дамжуулалтаар оруулсан бол "Хангарьд"-аас эхний үеийн төгсгөлд М.Эрдэнэхөлөг тооны харьцааг тэнцүүлжээ. Улмаар 2-р хагас эхлээд “Дэрэн” багаас баруун жигүүрээр олон довтолгоо явж, олон боломж гаргасны эцэст Б.Өсөх-Ирээдүйгийн дамжуулалтаар М.Батхишиг багтаа 3 оноо авчирсан чухал гоолыг оруулсан юм. Энэ өвлийн цонхоор “Дэрэн” багт нэгдсэн түүний шинэ багийнхаа төлөө оруулсан 6 дахь гоол нь энэ байлаа.
 
М.Батхишиг тоглолтын дараа "Хожлын гоолыг оруулж чадсандаа маш их баяртай байна. Багаараа маш их хичээж тоглон чухал 3 оноо авлаа. Клубээрээ Азийн тэмцээнд өрсөлдөх эрх авахын төлөө бүхнээ дайчлан өрсөлдөж байна. Би Дэрэн багт өөрөө хүсэж ирсэн. Энэ багийн тоглолт, философи, арга барил надад маш их таалагддаг байсан. Энд тоглож байгаадаа баяртай байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
 
Улмаар тоглолтын үлдсэн хугацаанд Дэрэнчүүд хамгаалалтдаа нягт байхаас гадна бөмбөг барьсан тоглолтыг сайн үзүүлж үр дүнгээ хамгаалж чадлаа. "Дэрэн" клуб ийнхүү нэмэлт тойрог эхлээд шилдэг багуудтай хийсэн өрсөлдөөнд 4 тоглолтоос 3 хожил авсан сайн үзүүлэлттэй болж байна.
 
“Дэрэн” баг улирлын 12 дахь хожлоо авч 39 оноотой болсноор 4-р байрын багаас 5 оноо салж, 2-р байрын багаас 4 оноо дутуу боллоо. Тэдний дээр бичигдэж буй "Сталлионс" өмнөх тоглолтод хожоод байсан учраас зайлшгүй 3 оноо авах тоглотдоо ийнхүү чухал хожил авч чадлаа. Дараагийн тойрогт "Дэрэн" клуб “Централ Сталлионс” багтай хожигдох эрхгүй хариуцлагатай тоглолтыг хийх болно.
 
 
"УЛААНГОМ СИТИ" 5 ТОГЛОЛТ ДАРААЛЖ ОНОО АВЛАА
 
Дээд лигийн сүүлийн 4 тоглолтдоо дараалан оноо аваад байсан “Улаангом Сити” баг энэ тойрогт хүснэгтийн 6-р байрт жагсаж байгаа “Вестерн” багтай тоглолоо. “Улаангом Сити” энэ тоглолтод 3:2 харьцаатай хожиж, бүтэн 3 оноогоо авснаар нэмэлт тойрог эхлээд хожигдоогүй байгаа амжилтаа хадгалж байна.
 
Багуудын өмнөх 2 учраанд аль алинд нь “Вестерн” багийн хаалганд гоол оруулж чадаагүй байсан Улаангомчууд энэ удаад 3 гоол орууллаа. “Улаангом Сити” багийн мэргэн бууч Э.Очирваань энэ тоглолтод хеттрик хийж, энэ улирал нийт 12 гоол оруулсан амжилттай боллоо.
 
Үндэсний Дээд лигийн тэмцээнд анхны улирлаа өрсөлдөж байгаа энэ хоёр багийн хувьд энэ улирал 3 удаа хоорондоо таарч нэг тэнцэж, биенээ нэг нэг хожсон гэсэн тэнцүү үзүүлэлттэй боллоо. “Улаангом Сити” баг ингэснээр 11 оноотой болж ардаа бичигдэж байгаа багаасаа 5 оноо илүү хүснэгтийн 8-р байрт жагсаж байна.
 
“Вестерн” багаас энэ тоглолтод Б.Бат-Од, Д.Батболд нар гоол оруулсан ч оноо салгаж чадсангүй. Тэд 21 оноотой 6-р байрт бичигдэж байна.
 
 
"ХОВДЫН ХҮЛЭГҮҮД" УЛИРЛЫН ТОГЛОЛТУУДАА ДУУСГАЛАА
 
“Ховдын Хүлэгүүд” баг Үндэсний Дээд лигийн энэ улирлын сүүлийн тоглолтоо “Хоромхон” багтай хийлээ. Өмнөх тойрогт багууд учраа таарахад “Хоромхон” 6:1 харьцаатай хожиж байсан бол энэ удаад “Хүлэгүүд” хариугаа авч 7:1 харьцаатай хожлоо.
 
Эхний үеийн төгсгөлд Р.Мияазаки 2 гоол оруулсан бол тоглолтын 2-р үе эхлээд Яхаги Шома 2 гоол, Б.Амарсанаа, О.Энх-Амгалан, Асахи Нагаи нар 1 гоол оруулжээ.
“Ховдын Хүлэгүүд” клуб ийнхүү Дээд лигийн тэмцээнд 5 дахь удаагаа өрсөлдөж, 2025/26 оны улирлын тоглолтуудаа 7-р байраар дуусгаж байна. Тэд энэ улирал 5 хожиж, 1 тэнцэж 16 оноо авсан үзүүлэлт гаргалаа.
 
Харин хүснэгтийн сүүлийн байрт бичигдэж буй "Хоромхон" баг энэ тоглолтод хожигдсоноор сүүлийн тоглолтын үр дүнгээс үл шалтгаалж байр ахих боломжгүй боллоо. Нөгөө талд "Улаангом Сити" багийн хувьд байр ахиж, 8-р байраар улирлыг дуусгах нь тодорхой болж байна. 

Дээд лигийн багууд улирлын 20 дахь тоглолтуудаа хийлээ  
Үзсэн: 74 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй