Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2026 оны зургаадугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай уулзаж, төр, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудитын явцад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал илэрвэл прокурорын байгууллагад шалгуулахаар шилжүүлдэг. 2023 оноос 2026 оны эхний хагас жилийн байдлаар нийт 92,537.4 сая төгрөгийн 74 асуудлыг прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Үүнээс 2,466.8 сая төгрөгийн 7 асуудалд хэрэг нээхээс татгалзаж, 54.5 сая төгрөгийн 1 асуудлыг хэрэгсэхгүй болгосон байна. Харин 62 мэдээлэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ажиллагаа үргэлжилж байгаа бол 4 асуудалд яллах дүгнэлт үйлдэн шүүхийн шатанд шилжүүлжээ.
Уулзалтын үеэр Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2023 оноос хойш шийдвэрлэгдээгүй, удааширсан хэргүүдэд анхаарах, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан болон хэрэгсэхгүй болгосон тогтоолын хувийг Үндэсний аудитын газарт ирүүлэх, дээд шатны прокурорт гомдол гаргах эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөндөв.
Мөн прокурорын байгууллагад шилжүүлсэн асуудлуудын шийдвэрлэлтийн явцын мэдээллийг хагас болон бүтэн жилээр Үндэсний аудитын газарт тогтмол ирүүлэх санал тавилаа.
Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд зааснаар төрд учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хүлээдэг. Төрийн аудитын байгууллага энэ чиглэлээр хяналт тавин ажиллаж байгаа ч 2026 оны эхний улирлын байдлаар 7,256.9 тэрбум төгрөгийн дүн бүхий 138 аудитын шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй, мөн хугацаа хэтэрсэн 292,367.0 тэрбум төгрөгийн 708 төлбөрийн актын үлдэгдэл төлөгдөөгүй байгаа талаар уулзалтын үеэр ярилцав.
Иймд хүчин төгөлдөр болсон төлбөрийн акттай холбоотой мэдээллийг прокурорын байгууллагад хүргүүлж, шаардлагатай тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх саналыг албан ёсоор тавьсан байна.
Түүнчлэн хүчин төгөлдөр болсон төлбөрийн актын гүйцэтгэлийг шүүхээр баталгаажуулж, шүүгчийн захирамжаар гүйцэтгэх хуудас олгох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн хүсэв.
Уулзалтын төгсгөлд талууд дээрх асуудлаар хамтран ажиллахаар тохиролцлоо.
Уулзалтад Улсын ерөнхий прокурорын газрын туслах прокурор, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Чулуунбат, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Хүний эрхийн бодлогын газрын дарга Э.Энхбат, Үндэсний аудитын газрын Тамгын дарга, тэргүүлэх аудитор Б.Бундхорол, Аудитын шийдвэрийн хэрэгжилтийн газрын захирал, тэргүүлэх аудитор Ч.Цэвэгдорж, аудитын менежер Н.Анхбаяр, Тамгын газрын Хууль, эрх зүй, ил тод байдал хариуцсан албаны менежер Б.Ариунзаяа нар оролцов.
| Аудитаар илэрсэн зөрчил, төлбөрийн актын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр ярилцав | ||
| Үзсэн: 163 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.