
Монголын даамын холбооны нарийн бичиг, Хөлөгт тоглоом клубын үүсгэнэ байгуулагч багш дасгалжуулагч П.Энхсаруулыг “Редакцын зочин" буландаа урьж ярилцлаа.
-Та хэзээнээс оюун спортыг хэдэн оноос сонирхож эхэлсэн бэ. Энэ талаар яриагаа эхэлье?
-Миний хувьд даамыг спортыг хүүхэд байхдаа тоглож, сургуулийнхаа тэмцээн уралдаанд оролцож байсан. Ерөнхийдөө даам тоглох дуртай хүүхэд байсан. 2005 оноос эхэлж Завхан аймагт даамын багшаар ажилласан. Тухайн үед шатар даамын багшилдаг байсан. Шавь нар аймгийнхаа тэмцээнд оролцож амжилт гаргаж эхлэхээр улсын тэмцээнд оролцож эхэлсэн. Улсын тэмцээнээс шавь нар амжилттай оролцож медаль авахаар урамшаад тив дэлхийн тэмцээнд оролцож эхэлсэн. 2013 онд гэр бүл зохиогоод хотод амьдрахаар ирсэн. Ингээд 2015 оноос эхэлж “Хөлөгт даамын клуб”-аа байгуулсан. Үүнээс хойш тууштай даамын багшаар ажиллаж байна.
-Олон шавьтай юу?
-Шавь ихтэй. Шавь нарынхаа тоог гараагүй байна. Хэчнээн хүүхэд даам зааж сургасан талаар тоо мэдээлэл гарна. /Инээв/ Зарим хүүхдүүд дундаасаа шантарч болих тохиолдол зөндөөгүй байдаг. Амжилт гаргаж байгаа хүүхдүүд тууштай хичээлдэг. Ямар нэгэн зүйлд амжилт гаргана гэдэг бол тууштай байж л амжилтыг гаргана шүү дээ. Нэг, хоёр сар хичээллээд улс, тив дэлхийн аварга болох боломжгүй. Тив дэлхийн аварга болохын тулд 3-4 жил хичээллэж байж амжилтыг гаргадаг.
-Хүүхдүүд хэдэн настайдаа оюуны спортоор хичээллэж эхлэх ёстой бэ?
-Оюуны спорт их гайхамшигтай спорт. Одоо оюуны спортоор багаасаа хичээлдэг болсон. Анх би зургаан дээш насны хүүхдүүдийг сургалтад авдаг байсан. Одоо гурав, дөрөв настай хүүхдүүд ирж хичээллэж байна. Хүүхдийн нас улам багасаж байгаа. Орчин үеийн хүүхдийн сэтгэлгээ их өндөр болсон. Мөн эцэг эх асран хамгаалагч нар хүүхдээ бага наснаас нь хөгжүүлэх тал дээр анхаардаг болсон холбоотой байх. Миний хувьд хамгийн бага нь гурван нас гарантаа хүүхдэд даам зааж байсан. Ер нь тухайн хүүхдийн онцлогоос хамаардаг.
Эрх дураар хүүхэд бага наснаасаа ирж хичээллэхэд бас хэцүү байдаг. Ер нь ямар нэгэн спортоор хичээллэхэд тухайн хүүхдийн гэр бүлийн хүмүүжил хамгийн чухал. Эцэг эх нь хүүхдээ зөв хүмүүжүүлсэн бол тухайн хүүхэд бага наснаасаа хичээллэх боломжтой. Хэтэрхий дураараа эрх хүүхэд ямар зүйлийг бага наснаас заахад хүндрэлтэй байдаг. Даамаар хичээллэхээр ирсэн хүүхэд бүхэн мундаг болно гэвэл бас өрөөсгөл. Хувь хүний сэтгэлгээ болон тууштай байдлаас хамаардаг.
-Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ шатар даамаар хичээллүүлж, суулгаж сургана гэдэг. Ер нь энэ спортоор хичээллэж байгаа хүүхэд хэр сайн төлөвшдөг бэ?
-Даамын спортоор хичээллэж эхлээд амжилт гаргахаас илүүтэй зөв сууж сургах нь хамгийн чухал. Зөв сууж сурснаар хичээл номоо аятай хийж сурна. Хүүхдийн сэтгэлгээг сайжруулна. Сэтгэлгээ хөгжсөн хүүхэд ирээдүй ямар ч зүйлийг хийдэг болно. Эцэг эхчүүд хүүхдийг суулгаж сургамаар гэдэг. Энэ нь маш зөв. Таван настай хүүхэд даам тоглоод сууж сурснаар сургууль орохоор ямар ч асуудалгүй байдаг. Тэр дундаа тооныхоо хичээл дээр маш сайн болдог. Сууж сурсан хүүхэд хичээлдээ хандах хандлага нь ч өөр байдаг.
-Хүүхдээ даамын спортоор хичээллүүлэхдээ эцэг эхчүүд юуг анхаарах ёстой вэ?
-Хамгийн гол хүүхдээ зөв хүн болгож хүмүүжүүлэх хэрэгтэй. Эцэг эхчүүд нь сургах гээд авч ирдэг. Гэвч тухайн хүүхэд багшийн үгэнд орж сурахгүй бол бол хэцүү биз дээ. Орчинд үед хүүхдийг эрх дураар нь өсгөх хэрэгтэй гэдэг. Үүнийг эцэг эхчүүд замбараагүй дураар нь байлгана гэж ойлгодог юм шиг байна лээ. Жаахан гэсэн жааг хязгаартай байх хэрэгтэй. Болохгүй зүйлийг хэлдэг байх хэрэгтэй. Одоо утасны хамаарал гэдэг үнэхээр гамшгийн хэмжээнд ирж байна. Даамаар хичээллэж байгаа хүүхдүүд утаснаас хол байдаг. Хүүхдийг утаснаас хол байж, ямар нэгэн спортоор хичээллүүлэх хэрэгтэй. Хүүхдийг бага наснаас эхлээд завгүй байлгаж, бие даах чадварт сурах нь хамгийн чухал.
-Таны хувьд бага насны хүүхэдтэй ажиллахад хүндрэлтэй бэрхшээлтэй зүйл байдаг уу?
-Аливаа ажил хөдөлмөр эрхэлж явахад хүндрэл бэрхшээлтэй зүйл байлгүй яахав. Гэхдээ хүндрэлтэй гэхээс илүүтэй сайхан зүйлүүд олон бий. Шавь нараа уралдаан тэмцээнд оролцоод амжилт гаргаж, тив дэлхийгээс медаль авах агшин багш хүний хамгийн бахархалтай үе байдаг. Зарим тохиолдол амжилт гаргахгүй ч үе байдаг. Энэ ажил мэргэжлээр их бахархаж, багшийнхаа ажлыг дурлаж хийдэг. Хүүхдүүдээс сайхан энерги, эрч хүч авдаг учраас ажилдаа маш их дуртай.
-Олон шавьтай гэж байна. Тив дэлхийд амжилт гаргаж байгаагаа шавь нар хэр олон байна бэ?
-Өнгөрсөн жил Ази тивийн аварга шалгуурлах тэмцээнд оролцсон хүүхдүүд маш сайн амжилт гаргаж, эх орондоо олон медальтай ирсэн. Нийт медаль тоо 49 байсан. Тэмцээнд оролцож байгаа хүүхдүүд зургаан төрлөөр өрсөлдсөн. Бүх төрөлдөө амжилт гаргаж медаль авсан хүүхдүүд ч байгаа. Сүүлийн жилүүдэд Дэлхийн аваргаас тогтмол медаль авч байгаа. Өнгөрсөн 2024 оны Дэлхийн аваргаас манай клубийн хоёр охин медаль авсан. Даамын спорт нас насандаа тоглодог. Монголд хамгийн бага нас зургаа, дэлхийн аваргад хамгийн бага нь найман настай тоглодог байгаа. Тэгээд дээшээ 9-10, 11-13, 14-16 гээд өсвөрийн нас гэсэн ангилалтай байдаг. Бэлтгэл сургалтаа хүүхдийнхээ сэтгэлгээнд тааруулж явуулдаг. Монгол хүүхдүүд 100 буудалт даамаар дэлхийд ноёлж байна. Өнгөрсөн 2024 онд багийн дүнгээр дэлхийд түрүүлсэн. Монгол хүүхдийн сэтгэлгээ ур чадвар маш өндөр. Иймээс хүүхдүүдээр бахархаж биширдэг.
-Та даамын спорттой яаж холбогдсон вэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хүний хувьд монголын нөхцөлд ажил хөдөлмөр эрхлээд явахад ямар хүндрэл бэрхшээл байна?
-Миний хувьд багаасаа тэргэнцэр дээр суусан. Нэгдүгээр ангидаа орохдоо гурван дугуйт дээр сууж байгаад тэргэнцэр дээр сууж байсан. Сайхан найз, нөхөд ангийн хамт олны хүчинд 10 дугаар ангиа амжилттай төгсөж, их сургуульд орж байсан. Техникийн их сургуульд орж байсан. Надад суралцах боломж үнэхээр хэцүү байсан. Хамгийн хүндрэл зүйл шат байсан. Нэг цагийн хичээлд суугаад дараагийн анги танхим руу явахад шатны асуудал хүндрэлтэй байсан. Эгч маань шатаар зөөж байгаад давхар унаж байсан тохиолдол ч бий. Иймэрхүү хэцүү шалтгаанаас болж, шантраад ингэж байхаар гэртээ байсан дээр юм байна гээд сургуулиа хаясан. Их сургуульд сурахаа болиод гэртээ очоод хүүхдүүд тооны хичээл гэрээр зааж өгч байхдаа даамын сургалтад сурч, даамын тэмцээнд оролцож аймгийн аварга болсон. Үүнээс хойш багш болох боломж бий болсон.
Би 10 жилдээ тооны гүнзгийрүүлсэн сургалттай ангид суралцаж төгссөн учраас тооны хичээлдээ их сайн байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүн сурч боловсроход хамгийн хэцүү зүйл дэд бүтэц. Зам хамгийн чухал. Би одоо автомат тэрэгтэй гараад сайхан явмаар байна. Даанч замын асуудал болоод явж чаддаггүй. Гэхдээ орчин үед бас арай гайгүй болж байх шиг байна. Байр болгоно налуу замтай болж байна. Гэхдээ л хэцүү. Дуртай газраа очиж чадахгүй байна гэдэг чинь хэцүү шүү дээ.
-Таныг багшилж байх хугацаанд хүмүүсийн хандлага ямар байна?
-Хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн. Тэргэнцэртэй иргэдэд туслах ёстой гэсэн хандлагатай хүн болсон. Сайхан сэтгэлтэй хүмүүс олон бий. Би зам гараад өгөх үү, туслах уу, дэмжих үү гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бусад хүмүүстэй адилхан гэдэг ойлголт бий болж эхэлж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүн ямар ч мэргэжил эзэмшиж чадна. Ямар ч ажил хийж чаддаг. Зарим хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүнийг мэдлэг мэргэжилгүй, дутуу дулимаг сэтгэлгээтэй гэсэн бодолтой байдаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоо энд байх ёстой гэдэг хандлага бага байдаг.
Гэхдээ одоо УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл гарсан учраас удахгүй сайхан цаг ирнэ гэдэгт итгэж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал шийдэгдээд явна гэж боддог. Одоо энэ нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдийнхөө сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй.
Би өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж бодохгүй өссөн. Эрүүл хүүхдүүдтэй хамт сургуульд сурсан. Эцэг, эх, ах эгч нар намайг хөгжлийн бэрхшээлтэй гэдэг ойлголт суулгахгүй өсгөсөн. Зарим эцэг эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ нийгэмшүүлэхгүй гэрт нь хориод байдаг. Энэ маш буруу. Хүн нийгмийн харилцаанд ороод ихээр олон зүйлийг сурч, өөрийгөө ялан дийлдэг. Мөн мэдлэг боловсролтой болдог. Гэртээ суугаад байхаар ямар ч мэдлэг боловсролгүй, цаашаа амьдрах чадваргүй болдог. Иймээс хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй гэж хойшоо суухгүйгээр нийгмийн харилцаанд орж явах нь хамгийн чухал.
-Та их сургуульд ямар чиглэлээр суралцаж байсан. Хэдэн жил сураад хаясан бэ?
-Дулааны чиглэлээр суралцаж байсан. Хагас жил сураад хаясан. Тухайн үедээ гүрийгээд сурсан бол төгсөх байсан болов уу гэж боддог. Тэр үед сурах хэцүү байсан болохоор хаясандаа. Одоо ч бас арай өөр болсон шиг байна лээ. Дулааны чиглэлээр суралцаад төгссөн бол энэ даамын спорттой холбогдож, даамын багш хийхгүй байсан. Их сургуулиа төгсөөгүй гэж харамсдаггүй. Хүний хувь тавилан гэж боддог. Өөрийгөө дайчлахгүй бол би гэдэг хүн яаж амьдрах уу. Найз нөхөд бүгд сураад сайхан мэргэжил эзэмшиж байна. Би яах билээ гэж бодож байгаа өөрийнхөө сонирхлыг дагаж, даамын багш болсон. Ээж маань математикийн багш байсан. Ээжийн маань мэргэжил надад өвлөгдсөн болов уу гэж боддог. Багш мэргэжил үнэхээр гайхамшигтай. Насан туршдаа хүмүүсээр хүрээлүүлж явдаг мэргэжил шүү дээ.
-Уучлаарай асуухгүй өнгөрч болохгүй байна. Та төрлөхийн юм уу. Эсвэл олдвол байдлаас болж хөгжлийн бэрхшээлтэй болсон уу?
-Төрлөхийн гэж оношлогдоогүй. Ээж маань хэлэхдээ эрүүл саруул байсан. Хөлд орох дөхөж байсан гэж ярьдаг. Цэцэрлэгт явж байгаад гэнэт таталт өгч, нугаснаас ус авснаас болж, зөөлөн эд гэмтсэн байх гэж аав, ээж маань ярьдаг. Миний ойлголтоор 1980 -аад оны үед хүүхдийн хөл гар нөлөөлдөг ханиад байсан болов уу гэж ойлгосон. Одоо сэргийлж вакцин хийдэг болсон байна лээ. Тухайн үед бол сэргийлэх зүйл байгаагүй юм шиг байна лээ.
-Та аль нутгийн хүн вэ?
-Би Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрж өссөн. Сумандаа ажиллаж амьдарч байгаад хотод ирж суурьшсан.
-Та эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Эцэг эхээсээ 4 лээ. Би айлын бага нь. Ах эгч нар намайг сургуульд зөөж, юунаас дутаахгүй өсгөсөн. Ангийнхан гэсэн намайг хөгжлийн бэрхшээлтэй гэж хардаггүй. Манай ангийн хүүхдүүд намайг хаанаа саагүй үүрээд л явдаг байсан. Янз бүрийн тоглолт, бэлтгэл, заал авахад хүртэл намайг дагуулж явдаг байсан. Миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй гэж бодож өсөөгүй болохоор амар байдаг. Хүн болсон хойно зарим зүйл очиж чадахгүй болохоор гутрах зүйл байдаг байсан. Иймээс бусдын адил зүтгэж амьдрах ёстой гэж бодож хөдөлмөрлөж явна даа.
-Одоо хэнтэйгээ амьдардаг вэ?
-Нөхөр хүүтэйгээ хамт амьдардаг. Бусдын адилхан сайхан хөдөлмөрлөөд амьдарч байна. Хэцүү зүйл байхгүй л байна. Өөрийн гэсэн ажил, хөдөлмөр эрхэлж байна. Манай гэр бүлийн хүн хувиар том машин барьдаг. Бид хоёр нэг нутгийн хүмүүс.
-Таны ойрын зорилго?
-Дэлхийд олон хүүхэд амжилт гаргахыг зорьж байна. Хүүхдүүд даамыг спортыг сонгосноор ирээдүй маш сайхан мэргэжил эзэмшиж яваасай гэж боддог. Заавал бүх хүүхэд дэлхийн аварга болох алгагүй. Гэхдээ даамын спортын ач тус маш олон бий. Хожиж хожигдож сурснаар амьдрал хандах хандлага өөрчлөгдөж, сэтгэл санаагаар унаж гутрахгүй явна Бэрхшээлийг даван туулах чадвар сайтай болдог. Багаасаа хожигдож сурч байгаа нь тэсвэр тэвчээртэй болдог.
-Таны хүүхэд нас Завхан аймагт өнгөрсөн үү?
-Тийм ээ. Бидний үеийн хүүхдүүд дээс тоглодог өссөн шүү дээ. Би тоглож чаддаггүй болохоор тоглож байгаа хүүхдүүдийг харж баясдаг байсан. Эрүүл байж байгаад ийм болсон бол илүү их сэтгэл санаагаар унах байсан байх. Ухаа ороход ийм байсан болохоор байгаа байдалтай эвлэрч зохицсон. Сэтгэл санаагаар унаж, хэцүүдэж байгаагүй. Би гурван дугуйт дээр суудаг байсан. Ах эгч нар тэр тэргэнд дээр суулгаж аваад түрээд гүйдэг байсан. Нэгдүгээр ангид орж байхад тэргэнцэр олдохгүй байсан. Манай нутгийн Баярмагнай гэдэг хүн тэргэнцэр надад өгч байсан. Тэр цагаас хойш тэргэнцэр элбэг болсон байх. Тэр тэргэнцрийг зургаан жил хэрэглэсэн. Дугуйн салж унахаар аав минь янзалж, засаж сэлбэж унадаг байсан. Одоо янз бүрийн тэргэнцэр гарсан болохоор амар болсон байна.
-Одоо хүмүүс гадаад руу эмчилгээ хийлгэдэг болсон. Та сонирхож үзсэн үү?
-Аав ээж хоёр маань нэлээд олон газраар явж, янз бүрийн араар эмчлэх гэж үзсэн. Бүх аргыг хэрэглэсэн. Эмчилгээ бараг байхгүй гэж боддог. Одоо бол бусад эд эрхтнээ эрүүл байлгахыг боддог. Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, ажлынхаа төлөө зүтгэдэг дээ.
-Ээж болоход хэцүү байсан байх?
-Ээж болоход хэцүү байсан. Хүү маань жижиг гарсан. Одоо том залуу болсон. Би их хожуу хүүхэд төрүүлсэн. Ер нь бол төрж болохгүй гэсэн ойлголттой байсан. Жирэмсэн болчхоод баярламаар байдаг. Хамгийн түрүүнд айдас мэдэрч байсан. Одоо яах ёстой билээ гэдэг бодол хамгийн түрүүнд орж ирсэн. Эмнэлэгт очоод эмчид үзүүлэхэд эмч төрж болно гэж хэлхэд их баярласан. Миний хүүг хоёр талын аав ээж нар нийлж өгсөн. Одоо миний хүү даамын спортоор хичээллэдэг. Даамын спортын дэд мастер болчихсон.
-Ярилцсанд баярлалаа.
П.Энхсаруул: Шавь нар тив дэлхийгээс медаль авах агшин хамгийн бахархалтай байдаг | ||
Үзсэн: 237 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.